Ж.Энхбаяр: АН Улс төрийн асар том алдаа гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа
.-Таван хүн маргааш УИХ-ын гишүүний тангараг өргөнө. Тэдний дунд Г.Батхүү, Д.Зоригт нар багтсан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ таван хүний зарим нь дахин санал хураалтаар болон намын жагсаалтаар орж ирж байгаа. Нөгөө хэсгийнх нь шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайн тойргийн маргаан шийдэгдээгүй байхад Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын даргад нэрийг нь өргөн мэдүүлсэн. Тиймээс маргааш тэдний тангараг өргөх асуудал хойшлох байх. Ард түмний сонголтыг яах юм. Сум дундын шүүхээс хоёр тал хоёулаа буруутай гэсэн. Манай намаас нэр дэвшсэн хүмүүс Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа. Хариу гарсны дараа энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ. Үүнээс өмнө олонхиор түрий барьж нэрийг нь өргөн мэдүүлж буй нь улс төрийн том алдаа гэж бодож байна. Бусад гурван гишүүн ямар нэгэн маргаангүй учраас тангаргаа өргөх байх.
-Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг дахин давж заалдах эрхгүй гэх шүүхийн шийдвэр гарсан гээд байсан шүү дээ. Чухам аль нь үнэн юм бэ?
-Зарим цахим хуудсаар тийм мэдээлэл гарсан байна билээ. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлын хариу ирээгүй байгаа.
-Тэгэхээр буйдантай суулт дахин үргэлжилнэ гэсэн үг үү?
-Өвөрхангайн тойргийн асуудалд манай нам байр сууриа илэрхийлэх байх. Шүүхийн шийдвэр бидний талд гарсан, гараагүй ч бид эцсийн хариуг хүлээх болно. Аливаа асуудлыг олонхиор хүч түрж шийдвэрлэх нь байж боломгүй зүйл юм.
-Улсын Дээд шүүхийн шийдвэр гараагүй байхад СЕХ Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэх ёсгүй. Тэд болохоор шүүхийн шийдвэр эцэслэн гарсан гээд байсан.
-Өмнө нь, нэг удаа оруулж ирээд тангараг өргүүлж чадаагүй. Тэр үйлдлээ одоо дахин давтах гэж байна. Энэ бол цэвэр улс төрийн зорилго, захиалга. СЕХ-г намын харьяалалтай хүн удирдаж байгаа. Намынхаа даалгаврыг биелүүлэх зорилгоор ийм ажил хийгээд байна шүү дээ. Ямар ч үнээр хамаагүй УИХ-д олонхи болох гэж АН улайрч байна. Сая Увсаас сонгогдсон манай намын хоёр гишүүнд багагүй маргаан үүсгэлээ. Шүүх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэлгүйг тогтоосон учраас тэд одоо Өвөрхангайн хоёрыг гишүүн болгохоор арга мэхээ хэрэглэсээр байна. Нөгөөтэйгүүр АН МАН-гүйгээр улс төрийн балансыг өөрсдөө барихаар улайрч байгаа юм.
-Танай намын бүлэг байгуулах асуудал юу болж байна вэ?
-Өвөрхангайн тойргийн маргаантай холбоотой хүлээгдээд байгаа. Мөн энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх байсан ч хойшиллоо.
Баянзүрх дүүргийн дахин сонгуулиар Б.Батзоригийг ялсан байхад Д.Арвинг найраагаар оруулж ирсэн гэх яриа байна. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?
-Тийм зүйл болоогүй. Нөгөө “ухаантай” автомат машин тоолоод гаргаад ирсэн учраас будлиан гараагүй байх. Гэхдээ Баянзүрх дүүргийн сонгуулийн талаар надад ямар нэг мэдээлэл ирээгүй байна.
-Орон нутгийн сонгуулийг автомат машинаар тоолох нь зөв байсан уу. Манайх шиг цөөн хүн амтай оронд ийм машин хэрэггүй гэсэн яриа байна билээ?
-Автомат машинтай холбоотой сонгуулийн будлиан зөвхөн манайд ч биш дэлхий дахинд гарч байна. АНУ-ын зарим мужид автомат машинаар сонгуулийн луйвар хийх гэж байгаад баригдсан тохиолдол гарсан. Манайд хамгийн харамсалтай нь, ард түмнээр хянуулахаасаа айж, гадаадын программ, удирдлагатай автомат машиныг сонгуульд ашиглаж байна. Монгол хүн гараар тоолохоос татгалзаж, гадаадын хүний хийсэн зүйлээр тооллого хийж байгаа нь буруу. УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дүнд би эргэлздэг л юм.
-Автомат машин ашиглаж байгаа үед сонгуулийн дүн 10 гаруйхан цагийн дотор гардаг гээд байсан. Гэтэл сонгууль болсноос хойш долоо хоног өнгөрлөө. Дүнг мэдээлэхгүй байгаа нь ямар нэг шалтгаантай гэсэн хардлага ч төрүүлээд байх шиг?
-Автомат машинд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулж авчирсан нь ямар ч үр дүнгээ өгсөнгүй. СЕХ дүнгээ мэдээлэхгүй байгаагийн цаана улс төрийн зорилго байгаа. Сонгууль дуусаад товчлуур дарахад л дүн гарна шүү дээ. Заавал тэр хуульд заасан долоо хоногийг хүлээгээд байх асуудал биш. Нөгөө талаар сонгуулийн ирц муу байсан нь сонгогчид улс төрийн намууд болон төрд итгэх итгэл маш их алдарсны шинж. Ялангуяа, Засгийн газрын хэт хөөрцөглөсөн байдал нь Улаанбаатар хотын нутгийн өөрөө удирдах шатны сонгуульд иргэд ийм идэвхгүй оролцоход хүргэлээ. АН хавтгай яллаа гээд хөөрцөглөөд байгаа. Гэтэл АН улс төрийн асар том алдаа гаргаж байна. Энэ нь нэг ёсондоо тэд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй боллоо.
Монголын хүн амын 20 орчим хувь энэ төрд итгэж байгааг саяын орон нутгийн сонгууль харууллаа шүү дээ.
Иргэдийн олонхи нь засгийн эрх барьж буй намд итгэхээ больчихож. Үнэхээр хавтгай ялсан юм бол нийслэлчүүд яагаад сонгуульдаа идэвхтэй оролцсонгүй вэ. Энэ удаагийн сонгуульд бүх төрийн албан хаагчийг хүчээр санал өгүүлсэн. Хэрэв өгөхгүй бол албан ажилтай нь хариуцлага тооцно гэсэн. Мөн төгсөх ангийн оюутнуудыг санал өгөхгүй бол төгссөнийх нь дараа ажилд авахгүй гэж айлган сүрдүүлж байж саналыг нь авлаа. Ингэж хүчилж болохгүй. Сонгуульд хэн, аль нам ялах нь сонин биш. Ирцийг ийм байдлаар бүрдүүлж байгаа нь маш том гажуудал. Иргэд төрдөө итгэх итгэлгүй болсон нь хамгийн том эмгэнэл.
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг өвөл явуулсан нь ирц хүрэхгүй байх шалтгаан боллоо хэмээн тайлбарлаж байгаа.
-Орон нутагт малчин Даш ирж саналаа өгөөд ирц хүрчихсэн шүү дээ. Хамгийн их боломжтой, бүх талаар нь дэмжээд байсан нийслэлчүүд л хойрго оролцсон. Э.Бат-Үүл баатар бодлогодоо анхаарч ажиллаасай, битгий хий хоосон цэцрэхээсэй. Төрийн албан хаагчдыг хоморголон халж, өдийг хүртэл явж ирсэн зүйлээ устгаж хийрхэж байгаатай холбоотой. Тиймээс Засгийн газар, хотын удирдлагууд асуудлыг энэ талаас нь авч үзэж дүгнэлт хийгээсэй.
-Оюу толгойн асуудлаарх хоёр гишүүний мэтгэлцээнийг та үзэв үү. Юу гэж бодож байна?
-Үзсэн. Хэн нэгнийх нь зөв, буруу гэж хэлэхгүй. Оюу толгойн гэрээний талаархи мэдээллийг л ард түмэнд өгсөн. Зарим нь хувийн тоглолт, илүүрхэж харагдах оролдлого хийж байсан. Бусдыг мэдлэггүй, боловсролгүй байна гэхийн оронд мэдээлэл, бэлтгэл дутуу байна гэсэн бол хүнд арай өөрөөр сонсогдох байсан. Нэг зүйлийг хэт хамгаалах нь сөрөг талыг бий болгож байгаа.
-Энэ гэрээ үнэхээр ашигтай болж чадсан юм уу. Таныг өмнөх парламентад гишүүн байхад батлагдсан шүү дээ?
-Манай орны нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт чухал ач холбогдолтой гэрээ болсон. Гэхдээ ашигтай болж чадаж уу гэдгийг цаг хугацаа л харуулна. Үүнийг тойрч битгий улс төржөөч гэж хэлмээр байна. Монголчууд ганцхан жил хүлээчих. Оюу толгой жилийн дараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортод гаргаад ирэхээр эдийн засаг, нийгмийн амьдралд маш том өөрчлөлт бий болно. Тэрний дараа энэ талаар ярьж болно. Яагаа ч үгүй байхад ч янз бүрээр ярих нь тийм ч оновчтой зүйл биш байх.