Дахин санал хураах зардлыг бидний татварын мөнгөнөөс гаргана
Энэ удаагийн сонгуульд 6.6 тэрбум төгрөг зарцуулсан.
2012.11.26

Дахин санал хураах зардлыг бидний татварын мөнгөнөөс гаргана

Өвлийн эхэн cap шувтрах дөхөж, монголын хөдөөд хасах 30 хэм хүрч байгаа энэ үед аймаг сум, дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчөө бид өөрсдийнхөө өмнөөс төр засгийн төвшинд дуу хоолойгоо хүргүүлэхээр сонголоо. Ардчилал гарснаас хойш аль ч шатны сонгууль дүн өвлийн жавар тачигнасан үед болж байгаагүй. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийг арав биш бүр арваннэгдүгээр сард явуулах "мэргэн" шийдвэрийг хууль тоггоох байгууллагынхан гаргасан. Өдийд малчдын ид ажлын үе байдаг учраас хөдөөд сонгууль өгөх хүн олдохгүй байх хэмээн олон хүн ярьж байсан ч байдал эсрэгээрээ эргэв.

Таны, миний амьдарч буй газар, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төлөөлөгчийг сонгох гэж байгааг орон нутгийнхан дэндүү сайн ухамсарлажээ. Орон нутагт иргэдийн 58.71, нийслэлд 45.63 хувь нь саналаа өгсөн гэсэн албан бус урдьчилсан мэдээ байна. Сумын төвөөс 20-30 км-ийн цаана өвөлжиж буй малчин Дорж ирж саналаа өгөн иргэний үүргээ биелүүлээд байхад нийслэлчүүд яагаад идэвхгүй оролцов.

Хорооны тодорхойлолт авахад сонгууль өгсөн байх нь ихээхэн хамааралтай болох юм гэсэн. Ийм чухал чухал зүйлийг үндэслээд нийслэлчүүд сонгуулиа идэвхтэй  өгмөөрсөн. Бид малчид шиг хэдэн км газрыг морьтой, явган туулахгүйгээр өөрийн харьяа хорооныхоо санал авах байран дээр очиж сонгуулиа өгөх боломж бололцоо байсан. Иргэд ийн идэвхгүй оролцсоныг орон нутгийн сонгуулийг өвөл явуулсантай холбон тайлбарлаж эхэллээ. Нөгөө талаар сонгогдсон иргэд амлалтаа биелүүлэлгүй 20 гаруй жилийг үдсэн улс төрийн намуудад үл итгэх болсон учраас иргэд сонгуульд төдийлэн ач холбогдол өгөхөө больсон гэх.

Нийслэлд 45.63 хувь нь саналаа өгсөн гэсэн албан бус урдьчилсан мэдээ байна.

Уг нь энэ удаагийн орон нутгийн сонгууль өмнөх жилүүдээс ихээхэн онцлогтой байсан. Учир нь, улсын хэмжээнд 2010 хэсгийн хороо ажиллаж, долоон нам, хоёр эвсэл оролцон, нийт 19400 нэр дэвшигч өрсөлдсөн учраас чухам хэнийг сонгох нь иргэдийн хувьд нээлттэй байлаа. Мөн анх удаа цахим үнэмлэхээр санал өгч, УИХ-ын сонгуульд ашигласан автомат машинаар саналаа тоолсон. Энэ нь гараар тоолсноос хамаагүй хурдан, цаг хэмнэх давуу талтай учир сонгуулийн дүн санал хураалт дууссанаас хойш 10 гаруйхан цагийн дотор гарна гэж байсан юм.

Гэтэл СЕХ хуулийнхаа дагуу мэдээлэл хийнэ гээд гүрийгээд суучихав. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн эцсийн үр дүнг тойргийн хороо, ИТХ-д танилцуулах ёстой, үүний дараа СЕХ-нд мэдээлэх юм байх. Тэр нь долоо хоног аж. Энэ хооронд ямар нэг будлиан гарахыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр нэгэнт л ирц хүрээгүй газар дахин санал хураалт явуулах нь тодорхой учир дүнгээ эртхэн зарлаад дараагийн шатны ажилдаа шуурхайлан орвол цаг хожих бус уу.     

Нийслэлийн зарим хороонд ирц хүрээгүй гэдгийг хэсгийн хорооноос нь мэдэгдээд байгаа. Тэдний мэдээллийг харвал Хан-Уул дүүрэг 37 хэсгийн хороотой бөгөөд долоон хорооны ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй байна. Сүхбаатар дүүргийн 41 хэсгийн хорооноос 12-т, Чингэлтэйд 43 хэсгийн хорооноос 14-т, Баянзүрхт 79 хэсгийн хорооноос 54-т, Баянголд 55 хэсгийн хорооноос 25-д, Сонгинохайрханд 80 хэсгийн хорооноос 35-д нь ирц хүрээгүй гэнэ. Ирц хүрээгүй хэсгүүдэд сонгуулийн дүнг зарласнаас долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулах хуультай. Гэтэл урьдчилсан мэдээлэл ч гаргаагүй байгаа энэ байгууллага хэзээ баталгаатай хариу гаргаж, ирц хүрээгүй хороодыг зарлах нь тодорхойгүй байна.

Зарим газар саналын хуудаст аль нэг намын болон бие даагчийн нэрийг бичээгүй тохиолдол гарсан гэсэн. Тэнд дахиад л санал хураалт явуулна. Тэгвэл дахин санал хураалтаар мөн л тодорхой хэмжээний мөнгө гаргах юм. Төр засгийн буруу шийдвэр, хариуцлагагүй байдлаас болж бидний татварын мөнгө дахиад л хэдэн тэрбумаар хорогдох нь. Анхнаасаа орон нутгийн сонгуулийг долоо хэмжиж нэг огтлохын үлгэрээр хийсэн бол ийм их хэмжээний хор хохирол, гарз амсахгүй байсан биз ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.