Санал хураалтын урьдчилсан дүн
2012.11.23

Санал хураалтын урьдчилсан дүн

Орон нутгийн ИТХ-ын хурлын сонгуулийн талаар СЕХ өчигдөр мэдээлэл хийгээгүй тул 17.00-18.00 цагийн орчим зарим аймаг, дүүргийн Сонгуулийн хорооны даргатай утсаар холбогдон, мэдээ авлаа.

Архангай: 103 хэсгийн хороотой, 53219 сонгогч бүртгэлтэй. Нийт сонгогчийн 63.1 хувь нь санал хураалтад оролцсон. Ирц хүрээгүй хэсгийн хороод байхгүй. Аймгийн ИТХ-ын 24 суудалд өрсөлдсөн нэр дэвшигчдээс АН-ын 24, МАН-ын 11 гишүүн ялалт байгуулжээ.

Ховд: 91 хэсгийн хороотой, 48483 сонгогч бүртгэлтэй. Нийт сонгогчийн 65.7 хувь нь санал хураалтад оролцсон. Сонгуулийн хорооны нэгдсэн дүн гараагүй учраас намуудын суудал тодорхойгүй байна. Мөн Булган сумын Байдраг багт ирц дутаж магадгүй гэж мэдээлэв.

Өмнөговь: 59 хэсгийн хороотой, 37300 сонгогч бүртгэлтэй. Нийт сонгогчийн 63.5 хувь нь санал хураалтад оролцсон. Ирц хүрээгүй хэсгийн хороо байхгүй. Аймгийн ИТХ-ын 22 суудлын 15-ыг АН, 11-ийг МАН-ын төлөөлөл авчээ.

Төв: 98 хэсгийн хороо ажилласан, 59386 сонгогч бүртгэлтэй. Нийт сонгогчийн 61 хувь нь санал хураалтад оролцсон. Аймгийн ИТХын 32 суудлын 16-г АН, 14-ийг МАН, хоёрыг нь МАХН авсан байна.

• Дархан-Уул: 37 хэсгийн хороотой, 64575 сонгогч бүртгэлтэй. Нийт сонгогчийн 54.3 хувь нь санал хураалтад оролцсон. Аймгийн ИТХ 33 суудалтай. Хэсгийн хороодын дүн мэдээг нэгтгэж дуусаагүй учраас намуудын авсан суудлын тоог гаргах боломжгүй байгаа.

• Говь-Алтай: 35192 сонгогчтой, 90 хэсгийн хороо ажилласнаас нэг хэсгийн хороо буюу цас зудтай байгаа Халиун сумын Чацран багт ирц хүрээгүй. Нийт сонгогчийн 62.86 хувь нь санал хураалтад оролцсон. Аймгийн ИТХ-ын 35 суудлын олонхийг МАН-ын төлөөлөл авах боломжтой зураг харагдаж буй.

• Дорнод: 49256 сонгогчтой, 74 хэсгийн хороо ажилласан. Нийт сонгогчийн 56.5 хувь нь санал хураалтад оролцсон. Аймгийн ИТХ-ын 35 мандатыг МАН, АН-ын төлөөлөл хувааж авах зураг ажиглагдах төлөвтэй.

• Орхон: 66560 сонгогчтой, 38 хэсгийн хороо ажилласан. Нийт сонгогчийн 53.65 хувь нь санал хураалтад оролцсон. Сумын ИТХын сонгууль явагдсан нэг хэсгийн хороонд ирц хүрээгүй. Аймгийн ИТХ-ын 31 суудалд АН олонхи болох магадлалтай байна.

• Баян-Өлгий: 54663 сонгогчтой, 86 хэсгийн хороонд санал хураалт явагдсан. Нийт сонгогчийн 72.3 хувь нь санал хураалтад оролцсон. Аймгийн ИТХ-ын 21 суудалд нэр дэвшигчид өрсөлдөж АН-ын 14, МАН долоон нэр дэвшигч ялсан байна.

• Баянхонгор: 51542 сонгогчтой, 104 хэсгийн хороонд санал хураалт явагдсан. Хоёр хэсгийн хороонд ирц бүрдээгүй. Нийт сонгогчийн 63.9 хувь нь санал хураалтад оролцсон. Аймгийн ИТХ-ын 41 суудлын 26 нь АН-д, 14 нь МАН-д ногдох урьдчилсан дүн гарч яваа.

• Булган: 38556 сонгогчтой, 75 хэсгийн хороонд санал хураалт явагдсан. Нийт сонгогчийн 62 хувь нь санал хураалтад оролцсон. Аймгийн ИТХ-ын 21 суудалд өрсөлдсөн нэр дэвшигчдээс МАН-ын ес, АН-ын 12 нэр дэвшигч ялах урьдчилсан мэдээ гарчээ.

• Дорноговь: 39291 сонгогчтой, 66 хэсгийн хороонд санал хураалт явагдсан. Сонгогчдын 63.13 хувь нь санал хураалтад оролцсон. Аймгийн ИТХ-ын 27 суудлын 10 нь МАН-д, 16 нь АН-д, нэг нь МАХН-д оногдох урьдчилсан мэдээ гарчээ.

• Завхан: 44567 сонгогчтой, 1144 хэсгийн хороонд санал хураалт явагдаж нийт сонгогчийн 68.0 хувь нь оролцсон. Аймгийн ИТХ-ын 29 суудлын 21-ийг МАН, наймыг АН авах зураг гарч байгаа.

• Өвөрхангай: 72076 сонгогчтой, 106 хэсгийн хороонд санал хураалт явуулж, нийт сонгогчийн 59.2 хувь нь оролцсон. Цас их унаж, байгаль цаг агаарын хүндрэлтэй байгаа Есөнзүйл, Зүүнбаян-Улаан сумын дөрвөн хэсэгт ирц хүрээгүй тул дахин санал хураалт явуулна. Аймгийн ИТХ-ын 41 суудлын 28-ыг МАН авах төлөв ажиглагдаж байгаа.

• Сэлэнгэ: 69729 сонгогчтой, 31 хэсгийн хороонд санал хураалт явагдан нийт сонгогчийн 60.15 хувь нь оролцсон.

• Увс: 47167 сонгогчтой, 92 хэсгийн хороонд санал хураалт явагдан, нийт сонгогчийн 67 хувь нь оролцсон. Наранбулаг сумын Хужирт багт ирц хүрээгүй.

• Хэнтий: 45608 сонгогчтой, 89 хэсгийн хороонд санал хураалт явагдсан. Нийт сонгогчийн 60.7 хувь нь санал өгсөн. Аймгийн ИТХ-ын 39 суудалд нэр дэвшигчид өрсөлдсөн. Дээрх аймгуудын сумдын дүн ирээгүй тул улс төрийн намууд хэдэн суудал авах боломжтой байгааг мэдээллэх боломжгүй байв

• Говь-Сүмбэр: 9453 сонгогчтой , 10 хэсгийн хороонд санал хураалт явагдаж, нийт сонгогчийн 62.93 хувь нь оролцсон. Аймгийн ИТХын 17 суудлын есийг МАН, долоог АН, нэгийг МАХН авч байгаа мэдээ байна.

Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороодын ажилтнуудтай холбогдох боломжгүй байлаа.

НИЙСЛЭЛ:

• Баянгол: 125700 сонгогчтой, 55 хэсгийн хороо ажилласан. Нийт сонгогчийн 49.70 хувь нь санал хураалтад оролцсон. 31 хэсгийн хороонд ирц бүрдэж, 24 хороонд дутсан. Ирц хүрээгүй хэсгийн хороодод дахин санал хураалт явуулна. Урьдчилсан байдлаар дүүргийн ИТХ-ын 41 мандатын 31- ийг АН, наймыг МАН, хоёрыг МАХН авах зураг гарсан байна.

Сонгинохайрхан: 182971 сонгогчтой, 80 хэсгийн хороо ажилласан. Нийт сонгогчийн 49.80 хувь нь санал хураалтад оролцсон. 32 хэсгийн хороонд дахин санал хураалт болно. Нэр дэвшигчид дүүргийн ИТХ-ын 32 суудалд өрсөлдсөн. Одоогоор 19 ялагч тодроод байгаа. Үүний арав нь МАН, ес нь АН-ын төлөөлөл байна.

• Хан-Уул: 84258 сонгогчтой, 37 хэсгийн хороо ажилласнаас долоон хороонд ирц хүрээгүй тул дахин санал хураалт явуулна. Нийт сонгогчийн 50.96 хувь нь санал хураалтад оролцсон. Дүүргийн ИТХ-ын 35 суудлын намуудын эзлэх хувийг урьдчилсан байдлаар гаргах боломжгүй байгаа.

• Багануур: 18634 сонгогчтой, есөн хэсгийн хороо ажилласан. Нийт сонгогчийн 52.14 хувь нь санал хураалтад оролцсон. Ирц хүрээгүй хэсгийн хороо байхгүй. Дүүргийн ИТХ-ын 13 суудлыг МАН, 12-ыг АНын төлөөлөл авчээ.

• Баянзүрх: 190076 сонгогчтой, 79 хэсгийн хороо ажилласнаас 23 хороонд ирц бүрдэж, бусдад нь ирц хүрээгүй. Урьдчилсан байдлаар нийт сонгогчийн 47.92 хувь нь санал хураалтад оролцсон.

• Налайх: 21643 сонгогчтой, 11 хэсгийн хороо ажилласан. Ирц хүрээгүй хэсгийн хороо байхгүй, нийт сонгогчийн 60.41 хувь нь санал хураалтад оролцсон. Дүүргийн ИТХ 25 төлөөлөлтэй. Үүний 12-ыг АН, 11-ийг МАН, хоёрыг нь МАХН-ын төлөөлөл авсан байна.

• Багахангай: 2492 сонгогчтой, хоёр хэсгийн хороо ажилласан. Нийт сонгогчийн 72.67 хувь нь санал хураалтад оролцсон. Дүүргийн ИТХын 17 суудлын 12 нь МАН, тав нь АНын төлөөлөлд ирж байгаа.

• Сүхбаатар: 90373 сонгогчтой, 41 хэсгийн хороо ажилласан боловч 14 хороонд ирц хүрээгүй. Нийт сонгогчийн 50.74 хувь нь санал хураалтад оролцсон байна.