С.Ганбаатар vs С.Баярцогт /Оюутолгойн гэрээний асуудлаар мэтгэлцэв/
Оюутолгойн гэрээний асуудлаар өчигдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар МҮОНТ-ээр шууд халз мэтгэлцсэн юм.
Монголын түүхэнд хамгийн залуугаараа УИХ гишүүн болж, Герман, Орос (Москвагийн Улсын ИС), Монгол (МУИС), Америкийн (Колумбын ИС) шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн Баярцогт. Өнөөдрийн Монголын их улстөрийн хамгийн том хэрүүлийн алим болсон Оюу толгойн түүхэн гэрээг үзэглэж, Сангийн сайдаар ажилласан Баярцогт. Хийсэн ажлаа хамгаалах ёстой Баярцогтод гэхээсээ уг нь түүн рүү довтолж буй Ганбаатарт давуу тал байлаа. Угаасаа мэтгэлцээн дандаа л ийм байдаг. Хамгаалагч талд сул тал, довтлогч талд давуу тал олгогддог. Барак Обама, Митт Ромни нарын анхны мэтгэлцээн ч яг ийм уур амьсгалд өнгөрсөн.
Индэрийн ард байнга зогсох нь өөртөө итгэлгүй, нээлттэй бус, мэтгэлцээнд бэлэн бус байдлыг илэрхийлж улмаар олон нийтэд биеийн хэлээрээ "хүрч" чадахгүйд хүргэдэг. Биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал буюу биеийн хэл нь тухайн харилцааны 93%-ыг бүрдүүлдэг гэж онол бий. С.Ганбаатар довтлох байр суурьтайгаар (анх санаачилсан) энэхүү мэтгэлцээнд орсон ч харин биеийн хөдөлгөөн нь довтолгоо бус, харин индэрийн ард нуугдсан, хамгаалагчийн дүрд түүнийг оруулж байлаа.