Цагдаа нар жиргээчдийг баривчилсаар байна
Цахим ертөнцөөр хүмүүсийн эрх чөлөө, үзэл бодлыг хянах гэсэн оролдлого улам хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болно гэдгийг томоохон эх сурвалжууд цохон тэмдэглэсээр байна.
2012.11.23

Цагдаа нар жиргээчдийг баривчилсаар байна

Дэлхий нийт цахим ертөнцийг өөрийн эрх чөлөөний хөшүүрэг болгон ашиглаж байна

Их Британийн “Telegraph” сонинд цахим ертөнц дахь эрх чөлөө, дэлхийн сая, сая иргэдийн дуу хоолойг “Unlimited Freedom” буюу “хязгааргүй эрх чөлөө” хэмээн нэрлэжээ. Саяхан манай өмнөд хөршид Коммунист намын XVIII их хурал дэлхий дахинаа сүр дуулиантай болж, ирэх 10 жилийн бодлого, төлөвлөгөөг гаргасан билээ. Тэгвэл Коммунист намын их хурлын талаар хэдэн таагүй өгүүлбэрийг нэгэн залуу өөрийн “Twitter” хуудаснаа бичсэнээр баривчлагдсан аж. Улмаар Бээжин хотноо цахим ертөнцөд өөрийн эрх чөлөөг боолгосон залууг дэмжсэн, эрх баригчдийг эсэргүүцсэн, олон нийтийг хамарсан жагсаал болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Коммунист намын шинэ удирдлагууд эхнээсээ гар зангидан, намын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн хэн бүхнийг баривчлахад бэлэн байгаа нь дээрх жишээнээс харагдах болсон юм. Гэхдээ намын их хурлын өмнө тэрс үзэлтнүүд, жагсагчид, намын бодлогыг эсэргүүцэгчдийг чимээгүй байлгах тушаал гарсан талаар ам дамжин ярьцгааж байсан бололтой. Ямартай ч түвдчүүд эсэргүүцлээ зарлан хоёр лам зулын гол болоод амжсан. Намын удирдлагаас хэл амнаас хол байх тал дээр анхаарсан нь үнэн.

Бээжин хотын иргэн, жиргээч залууг дэмжсэн олон нийт “Жиргээчид эрх чөлөөтэй байх ёстой, түүнийг сулла” хэмээн жагсаал өрнүүлж буйг “China News” агентлаг уламжилсан юм. Харин жиргээч өөрийн хуудаснаа “Last Stand” буюу “Эцсийн зогсоол” нэртэй аймшгийн киноны шинэ ангид Ардын намын ордонг нурааж буй талаар гарна” хэмээн бичжээ. Дүүргийн оршин суугчид жиргээчийн талаар “Цагдаа нар түүний гэрт нэвтрэн орж түүнийг баривчлан компьютерыг нь авч явсан” хэмээн ярьжээ.

Харин Өмнөд Солонгост эрхэлсэн тодорхой ажилгүй, зурагчин, 24 настай Пак Жун Гун өөрийн “Twitter” хуудаснаа “Би Хойд Солонгос руу цөмийн зэвсэг, их хэмжээний плутон, уран илгээмээр байна” хэмээн бичжээ. Мөн өнгөрсөн жил БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ир таалал төгсөх үед “Бидний хайртай удирдагч урт удаан наслах болтугай” хэмээн ёжилсон байдалтай сэтгэгдлээ үлдээсэн гэдгийг олж тогтоосон байна. Түүнийг ийнхүү бичсэний дараа Хойд Солонгосын 100 гаруй жиргээчид эсэргүүцсэн өнгө аястай сэтгэгдлүүд бичжээ. Дээрх үйл явдал болсноос хойш Өмнөд Солонгосын Аюулгүй албаны зөвлөл, нийгмийн харилцаа зохицуулах албанаас хоёр Солонгосын хоорон дахь цахим бүх сүлжээ, сувгийг хаах шийдвэр гаргасан аж. Энэ нь хоёр орны амар амгалан байдал, харилцаатай холбоотой гэдгийг онцолжээ.

Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд энэ тал дээр эсрэг байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдсэн. “Эмнести Интернейшнл” дээрх Солонгосын жиргээч, БНХАУ-ын жиргээчдийг баривчилсан нь хүний эрхэнд халдаж байгаа гэдгийг анхааруулсан. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хааж, боогдуулж, улмаар эрх чөлөөнд нь халдаж байгаа эрх баригчдын энэ үйлдэл олон сая жиргээчдийн дургүйцлийг хүргэсээр байна.

Энэтхэг улсад нөлөө бүхий улстөрчийн үхлээс болж Мумбай хотыг түр хугацаанд хаахаар болжээ. Дээрх шийдвэрийг эсэргүүцсэн нэгэн бүсгүйг цагдаагийн газраас баривчилж, түүний найз нөхөд, гэр бүлийнхэн рүү холбогдсон аж. Бүсгүй өөрийн “Facebook” хуудаснаа “Өдөр бүр хүн төрж, үхэж байдаг шүү дээ. Нөлөө бүхий улстөрч үхлээ гээд хотыг хааж болохгүй биз дээ” хэмээн санал бодлоо л илэрхийлсэн байна.

 Бүсгүй Мумбай хотын цагдаагийн газраас хүлцэл өчин батлан даалтаар суллагдсан талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Цахим ертөнцөөр хүмүүсийн эрх чөлөө, үзэл бодлыг хянах гэсэн оролдлого улам хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах болно гэдгийг томоохон эх сурвалжууд цохон тэмдэглэсээр байна. Палестины хакерчид саяхан Израйлийн танхимын сайдын “Twitter” хуудсанд нэвтэрч “Палестинийг чөлөөл !!! Эзэрхийллээ зогсоо. Палестинчуудыг алж хядахаа зогсоо” хэмээн бичжээ. Дээрх хакерчдийн дайралтын дараа бүх сэтгэгдэлүүдийг нь устгасан байжээ. Ихэвчлэн израйлчуудыг эсэргүүцсэн утга бүхий сэтгэгдлүүд голлож байсан талаар эх сурвалж уламжилсан юм.

Тэр ч бүү хэл, “Twitter” цахим хуудсыг шүүхэд хүртэл дуудаж байсан удаа бий.

Нэгэн жиргээч эр “Бродвэй” шоуны үеэр алдарт боксчин “Майк Тайсоныг буудаж ална” хэмээн хуудаснаа бичсэн байжээ.

Нью-Йорк хотын цагдаа нар жиргээчийг тэр дор нь баривчилсан бөгөөд тэрбээр сүүлийн хэдэн сар халдлага хийх тухайгаа бичиж байсан гэдгээ мэдэгдээд “Би үнэхээр аймар хүн” хэмээн цагдаагийн ажилтнуудыг айлгасан билээ.

Харин “Twitter” компанийн журамд “Хэн нэгнийг хөнөөх заналхийлэх болон үүнтэй холбоотой мэдээлэл гарсан бол тэр даруйд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой аж. Гэтэл алдарт боксчинг удаа дараа сүрдүүлсээр байхад “Twitter”-ийн удирдлагууд цагдаагийн байгууллагад огт хандаагүй байна. Иймээс тус компанийг шүүхэд дуудсан аж. Гэхдээ асуудал эвтэйхэн шийдэгдэж “Twitter” админуудынхаа тоог нэмэхээр болж байв. Дэлхий даяар “Facebook”, “Twitter” гэсэн цахим хуудсыг хүн бүр хэрэглэж байхад үүнийг хянах, эрх чөлөөг нь боогдуулж, үзэл бодлыг нь захиргаадна гэдэг хүндхэн даалгавар гэдгийг CNN агентлаг онцлов.