Интернэт хэрэглээ болон телевизийн үйлчилгээ дэлхийн стандартад хүрнэ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай ярилцлаа.
-Салбараа удирдаад сар гаруй хугацааг өнгөрөөлөө. Ямар ажлуудыг хийхээр зорьж байна. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газарт ямар шинэчлэл хийх шаардлагатай байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд салбарынхаа үйл явц, нөхцөл байдалтай танилцсан гэх үү дээ. Мэдээллийн технологийн салбар гэдэгт юу юу ангилагддаг юм. Бусдаасаа юугаараа давуу болон сул талтай вэ. Өмнөх он жилүүдэд ямар ажил хийж байсан, одоо ирээдүйд ямар ажил хийгдэх юм гээд судлах, мэдэх шаардлагатай асуудлууд олон байлаа. Манай агентлагт Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ, IT парк, Дата төв, Радио, телевизийн түгээх сүлжээ, Харилцаа холбооны зохицуулах хороо гэсэн долоон том нэгж хамаардаг. Мөн үүрэн холбооны операторууд, интернэтийн үйлчилгээ эрхлэгч компаниуд, ТВ, ФМ, радио, Software-ийн компаниуд гэх мэт олон байгууллага бий. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг нэг газарт зангидаж, бодлогын хувьд дэмжих, тэгш хэмд үйл ажиллагааг нь явуулах, иргэдэд харилцаа холбооны үйлчилгээг ижил тэгш хүргэхэд манай агентлаг анхаардаг. Өмнөх удирдлагууд маань үнэхээр сайн ажиллаж том том төслүүдийг эхлүүлж маш сайн дэд бүтцийг зангиджээ. Харин одоо байгаа дэд бүтэц, суурин дээрээ тулгуурлаж ямар ажлуудыг зөв төлөвлөж, оновчтой хийх вэ гэдэг бодлогын чанартай асуудал болоод байна.
Тухайлбал Монголын хэмжээнд 85 орчим яам агентлагийн IT гэж өөрөө төсөвтэй, татвартай байгууллага байдаг.
Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд нэг цэгт төвлөрч байсангүй. Тэгэхээр эдгээр байгууллагуудыг нэгтгэж иргэдэд хүртээмжтэй байлгах ажлыг хийх нь зайлшгүй шаардагдаж байгаа. Ингэхдээ бид төлөвлөгөө гаргаж төрийн цахим үйлчилгээг модтой зүйрлэж хөгжлийн загварыг гаргасан. Модны гол нь манай агентлаг, суурь дэд бүтэц нь шилэн кабел, үүрэн холбоо гэх мэт байгууллагууд болж байгаа юм. Харин модны мөчир нь яамд байж төрийн үйлчилгээг мөчрөөрөө дамжуулж модны үр шим, жимсийг иргэд хүртэх ёстой. Онолын том асуудлыг ингэж энгийн хэлбэрт нэг дор зангидсанаар бүх зүйл уялдаа холбоотойгоор иргэдэд хүрч хүртээлтэй болно. Энэ бол манай улсын төрийн хэмжээний IТ-гийн салбарын гол хөгжил. Шууд хэлбэл нэг цэгээс иргэн төрийн үйлчилгээг бага хугацаанд, оновчтой, чанартай авахыг хэлээд байгаа юм. Үүний бодлого бас асуудал нь манай агентлаг дээр уягдаж байна.
-Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газраас орон нутгийн иргэдийн интернэт хэрэглэх боломжийг олгож, үнийг нь хямдруулсан гээд байгаа?
-Иргэн бүр төрийн үйлчилгээг хүртэх, хэрэглэх эрхтэй. Ингэхдээ өндөр хурдны, чанартай интернэтийг ашиглах шаардлага тулгарна. Энэ байдлыг нь хангаж өгөхийн тулд бүх аймаг суманд интернэтийг хүргэх юм. Өнгөрсөн хугацаанд 42 сум шилэн кабельд холбогдолгүй үлдээд байгаа. Газар зүйн онцлог, бартаа, алс байрласан зэргээс хамаарч дээрх сумд холбогдох боломжгүй үлдээд байна. Гэхдээ эдгээр сумдыг ингээд орхино гэсэн үг биш. Шилэн кабелаас өөр хэлбэрээр интернэт хэрэглэх боломжийг нь нээж өгнө. Үүгээр дамжуулж айл өрх бүр хэрэгтэй мэдээллээ хурдан шуурхай авах боломж бүрдэх юм. Одоогоор манай улсын нийт өрхийн 40 хувь цахим ертөнцөд холбогддог. Үүний 31 хувь нь Улаанбаатар хотод найман хувь нь аймгуудад, нэг хувь нь сумд дахь өрхийн хэрэглэгч юм. Энэ харьцааг хараад орон нутгийн интернэт хэрэглэгчдийг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг судлаад үзэхэд гол асуудал нь орон нутагт хүрч буй сувгийн түрээсийн үнэ байсан.
Хуучин үнийн тарифаар бөөний үнэ буюу нэг мегабит нь орон нутагт 475 мянган төгрөгт хүрдэг. Үүнээс олон улсын интернэт худалдан авах үнэ нь 100 мянган төгрөг, орон нутаг хүртэлх сувгийн түрээсийн үнэ нь 375 мянган төгрөг. Үүнийг хувааж үзэхэд эцсийн хэрэглэгчид хүрэх интернэтийн үнэ нь сард 60 мянган төгрөг болж байгаа юм. Харин судалгааны үндсэн дээр бид интернэтийн бөөний үнийг гурав дахин хямдруулах боломж байгааг харж энэ ажлыг хийсэн. Шууд хэлбэл бөөний үнийг 160 мянган төгрөг болгон хямдруулахад орон нутгийн иргэдээс авдаг байсан 60 мянган төгрөг маань 20 мянга дотор болж буурсан. Одоо иргэн 256 мегабит багтаамжтай интернэтийг худалдаж авахад сард 20 мянган төгрөг төлөх боломжтой болж байгаа юм. Ингэснээрээ Засгийн газрын гэлтгүй мэдээлэлд суурилсан мэдлэгийг олох, цахим хэлбэрээр төрийн үйлчилгээг авах боломж нээгдсэн.
-Орон нутгийн хэрэглэгчид интернэтийг гурав дахин хямд үнээр худалдан авах боломжтой болж байна. Өмнө нь яагаад энэ боломжийг иргэдэд эдлүүлсэнгүй вэ?
-Өнөөдрийн байгаа бодит байдал энэ. Компаниуд интернэтийг өндөр үнээр хэрэглүүлж ашиг олоод байсан юм биш. Харин ингэж үнийг нь хямдруулснаараа төрийн өмчит Мэдээлэл холбооны сүлжээ компани өөр дээрээ санхүүгийн асар том эрсдлийг үүрч байгаа юм. Мөн Бүх нийтийн үүргийн сангаас тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа учир энэ ажлыг хийсэн. Шууд хэлбэл төр эрсдлээ үүрч, зардлыг нь гаргаад иргэддээ хямд үнэтэй шуурхай мэдээллийг хүргэх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Гэхдээ биднийг "Багахан хэмжээний ажил хийчихээд сүржигнээд байна. Өмнө нь 20 мянган төгрөгөөр л хэрэглэдэг байсан ш дээ" гэж ярих хүн байж магадгүй. Хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлая. Интернэтийг трубатай ус гэж бод. Тэгвэл нэг трубанаас дээд тал нь дөрвөн айл хэрэглэхэд тохиромжтой байдаг. Гэтэл манайхан 16 түүнээс дээш салаалуулан хэрэглэдэг байсан юм. Энэ тохиолдолд интернэтийн хурд, чанар гээд бүх зүйл нь доголддог. Одоо бол ийм байдал ариллаа. Чанартай үйлчилгээгээ ав, бага мөнгө төл. Хэн хэнийх нь эрх ашиг хангагдлаа.
-Хэзээнээс эхэлж орон нутгийн иргэд хямд үнээр интернэтээ авна гэсэн үг вэ?
-Ер нь ажил эхэлсэн. Энэ долоо хоногоос техникийн нөхцөлийг нь хангаад эхэлнэ.
-Цаашид мэдээллийн технологийн аюулгүй байдал, мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг яаж хангаж ажиллах юм бэ?
-Одоо цагт хүүхдийн орох сайт гэж юу юм. Орохгүй сайт гэдэг нь юу юм гэдгийг хөндөх хэрэгтэй болжээ. Мөн радио, телевизийн зохиогчийн эрхийн асуудал хурцаар тавигдаж байна. "Тантай бүжиглэе" шоу л гэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэвтрүүлэг. Телевизүүд ийм төрлийн нэвтрүүлэг хийхээр бол үндсэн эрхийг нь олж авах хэрэгтэй. Манайхан иргэдийн насны онцлогт тохирсон мэдээллийг хүргэж, зохиогчийн эрхийг хүндэтгэх цаг нь болсон байна. Тодруулбал Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн боловсруулалт хийгдээд эхэлсэн. Энд дээрх асуудлуудыг нэлээд өргөн хамааралтайгаар хөндөж байгаа. Эрх чөлөө гээд л хэн нэгнийг дураараа доромжлоод, хэн нэгний бүтээлийг хулгайлаад байж болохгүй. Эрх чөлөө гэдэг нэг хүний эрх, нөгөө хүнийхээ эрхээр хязгаарлагддаг гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй байна. Мөн технологиор дамжиж үйлдэгдэж магадгүй байгаа хэргийн асуудлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй болсон. Тэр дундаа сайт, чатаар дамжуулж насанд хүрээгүй охид биеэ үнэлэх байдлыг халах зэрэг асуудлыг бодлого болгон гаргана. Үндэстэн тогтвортой байх, бодлогоор хөгжихөд мэдээллийн аюулгүй байдал хамгийн их хамааралтай байдаг шүү дээ.
-Хүүхдийн үзэх сайтыг яаж ангилж багачуудад хүргэнэ гэсэн үг вэ. Мөн "чат"-аар дамжин гарах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлдэг юм бол?
-Харилцаа холбооны зохицуулах хороон дээр дагаж мөрдөх журам өнөөдөр ч хэрэгжиж байгаа. Гэхдээ стандартыг нь илүү чангаруулах, хяналтыг нь нэмэх шаардлагатай байна. Зарим өөрчлөлтийг хийхээр баримт бичгийг засч янзалж байгаа. Бид уг асуудалтай тэмцэхээр цоо шинэ зүйл сэдээд байгаа юм биш. Байгаа дүрэм журмыг нь хэрэгждэг болгох, илүү их хяналт тавих тухай асуудал л яригдаж байна. Хүүхдийн тухайд журмын дагуу яаж том хүний сайт үзүүлэхгүй байх вэ гэдэг боломжит хязгаарлалтуудыг хийснээр шийдчих асуудал. Тусгай эрхээр орох гэдэг ч юм уу. Энэ мэтээр ажиллахад асуудал шийдэгдэнэ.
-Телевизүүдийг тоон системд шилжүүлнэ гээд яриад эхэллээ?
-Дэлхий нийт 2015 он гэхэд тоон системд шилжинэ гэж байгаа. Тоон систем гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр агаараар, кабелаар, сансраар гэж ангилаад DVBT DVBC, DVBS стандартуудыг ашигладаг. Манай улс DVBT буюу агаараар цацах ангилалд нь хамаардаг. Одоо байгаа аналог системээр буюу антеннаа барьж гүйгээд энд тэнд тавиад жирэлзээд байдаг нь алга болох юм. Шууд хэлбэл тоон системд шилжсэнээр телевизүүдийн өнгө дүрс, дуу гээд бүх зүйл нь хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд хүрнэ. Мөн орон нутгийн хэрэглэгчид зургаан суваг л хүлээн авч үздэг байсан бол энэ тоо өснө. Ингэж хэрэглэгчдэд таатай болж хувирах юм. Харин телевизүүдийн хувьд хөрөнгө оруулалт хийгдэж манайхан аль ч орон руу нэвтрүүлгээ цацахад саадгүй хүлээн авах боломж нээгдэнэ. Ингэснээр бид дэлхийтэй ижил зиндаанд очих болно.
-Хэрэглэгчдийн мэдээлэл хүлээн авах хэрэгсэл буюу зурагтын стандарт өөрчлөгдөх үү?
-Мэдээллийг хүлээн авах зурагтын стандарт гэж байгаа учраас бид аналог системийг шууд таслахгүй гэж байгаа. Аналог болон тоон систем гэсэн хосолмол хувилбараар нэг хэсэг явуулснаар зурагтын стандарт Монголд нэвтэрч бүрэн шинэчлэгдэх боломжтой. Олон улсын стандартын дагуу ажиллана. Мөн телевиз борлуулагч бүх байгууллагуудад ийм стандартуудыг мөрдөх ёстой гэдгийг хэлж, зөвлөсөн. Дээрээс нь телевизийн удирдлагуудтай уулзаж энэ тухай танилцуулж байгаа.
-Шинээр телевиз байгуулах болбол тоон системд шилжсэн техник, технологи хэрэглэх шаардлагатай болж байгаа юм байна. Ер нь шинээр телевиз байгуулах эрх олгох асуудалд яаж хандаж байна?
-Телевизийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох асуудал одоохондоо Засгийн газрын шийдвэрээр зогссон. Харин цаашид эрхийг нь олговол бидний зүгээс тавих шаардлага гэж байх болно. Энэ нь төрөлжүүлэлтийн асуудал юм. Одоо бол бүх суваг мэдээ гаргадаг болсон байна. Тэгэхээр хэд нь мэдээ, хэд нь хүүхдийн нэвтрүүлэг гаргадаг байх вэ гэсэн олон улсын жишиг стандарт руу шахна.
-Эцэст нь асуухад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа байгууллагынхаа төсвийг хамгаалж чадсангүй гэсэн мэдээлэл гарсан...
-Төсөв дээр байдаг л асуудал. Зарчмын хувьд төсвөө хамгаалж чадаагүй юм биш. УИХ-аар хэлэлцэхэд гишүүдийн асуултад хариулсан үйл явц. Үүнийг улстөржүүлэх гэсэн оролдлого хийгдэж байна лээ. Улс орны ирээдүй болсон залуус бид 100 хувь алдаагүй ажиллана гэж юу байхав. Гишүүдийг асуулт асуухад түгдэрч гацах асуудал гардаг юм байна. Гэхдээ би ингэлээ гээд эмзэглээд байсангүй. Харин ч эсрэгээрээ намайг хурцалж өгсөн. Энэ салбарын төлөө, салбарынхаа ажилтнуудын төлөө юу хийх вэ гэдгээр ажлаа эхэлсэн.