Мэдээллийн технологийн нэгдсэн бодлоготой болно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 17
2012.11.19

Мэдээллийн технологийн нэгдсэн бодлоготой болно

Засгийн газрын хуралдаанаар мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах асуудлыг хэлэлцлээ.

Мэдээллийн технологийг хөгжүүлэхээр 2005 онд “Цахим Монгол’’, 2008 онд “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”, 2012 онд “Цахим засаг” үндэсний хөтөлбөр баталжээ. Цахим засаглалыг 2010 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд төрийн цахим үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх, төрөөс иргэд, хувийн хэвшилд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх нэн шаардлагатай 22 төсөл санал болгосны дагуу яам, агентлаг, байгууллагууд дор бүртээ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн.

Ингэхдээ харилцан мэдээлэл солилцдоггүй, төрийн мэдээллийн системийн нэгдсэн бодлого, журам, стандартгүйгээс олон сул тал үүссэн юм. Иймд энэ салбарт нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалт хийж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмж, цахим засаглал хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг чанаржуулж, төрийн мэдээллийн системүүд харилцан мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлж, өндөр бүтээмжтэй, харилцан хамаарал сайтай дэд бүтэц бий болгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт нэгдсэн бодлогоор зангидахаар тогтлоо.

2013 онд хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангах талаар төлөвлөгөө боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг тус газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болголоо. Мөн Засгийн газрын сайд, агентлагуудаас энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор 2013 онд хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төслөө тус газарт гарган хүргүүлэх, цаашид энэ чиглэлээрх төслөө тус газарт танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлж байхыг мөн удирдлагуудад нь даалгалаа.

Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарч, хурд нь хоёр дахин нэмэгдэнэ

Мэдээллийн технологитой холбоотой өөр нэг чухал шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ бол орон нутагт интернэтийн үнийг хямдруулж, хурдыг нэмэгдүүлэх асуудал.

Булган аймаг дахь интернет төв. Нийт аймгийн төвүүдийн өрхийн 8%-д, сумын дөнгөж 1% нь л интернэтэд холбогдсон.

Өнөөдөр орон нутагт интернэт ашиглалт маш бага хувьтай байна.

Улаанбаатар хотод 1 мегабит/секундын хурдтай интернэт бөөний үнээр 100 мянга орчим төгрөг бол хөдөө орон нутагт 475 мянган төгрөг байдаг нь орон нутгийн хэрэглэгчдийн тоог хязгаарладаг нэг шалтгаан нь юм. Иймд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин буулгаж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Ийнхүү энэ даваа гарагаас орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгт багтаан авах боломжтой болно.  Ингэснээр цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээнүүдийг алс холын аймаг сумдын иргэд цаг алдалгүй авч чадах зэрэг олон таатай боломж нээгдэж байгаа юм.