Н.Батцэрэг Эрчим хүчний яаманд ажиллалаа
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Эрчим хүчний салбарын тухай мэдээлэл, ялангуяа тулгамдсан ямар асуудал байгаа талаар тодорхой ярилцах хүсэлтэй байгаагаа хэлээд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт жилд 8-10 хувь болсон энэ үед салбарын зүгээс ямар арга хэмжээ авч байгаа болон хүлээгдэж байгаа эрэлтийг хэрхэн хангах талаар урт болон дунд хугацаанд ямар төлөвлөгөө хэрэгжүүлж байгааг сонирхлоо.
Эрчим хүчний яамнаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын шинэ эх үүсвэрийг газрын асуудлыг шийдвэрлэхээр ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлсэн.
“ДЦС-4” ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх гэрээнд ОХУ-ын талтай гарын үсэг зураад байгаа. юм.
Цаашид өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах үүднээс Улаанбаатар хотод цахилгаан дулааны тав дахь эх үүсвэр барих ажлыг эхлүүлж, Багануурын уурхайг түшиглэн томоохон чадлын эрчим хүчний эх үүсвэр барих, говийн бүс нутгийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар-Мандалговь-Оюутолгойн чиглэлд өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих, сэргээгдэх эрчим хүчний томоохон хүчин чадлын эх үүсвэр бий болгох, Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн 60 мВт-ын дулааны цахилгаан станц барьж Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчний системд холбох зэрэг томоохон ажлуудыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ярилаа.
Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг салбарын хэд хэдэн бодлогын бичиг баримт болон Улаанбаатар хотын цахилгаан дулааны тав дахь шинэ эх үүсвэрийн газрын асуудал нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэгдэх үед УИХ дахь бүлгээс дэмжиж ажиллах хүсэлт тавив.