Ц.Оюунбаатар, Д.Сарангэрэл нар УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө
Парламентад эзэнгүй суудлын тоо нэгээр нэмэгдэж зургаа болсон. Учир нь, МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзсан билээ.
Тус намынхан нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг түүний оронд парламентад оруулж ирэхээр зэхэж буй. СЕХ-нд ч энэ тухайгаа мэдэгдсэн байгаа.
Ингээд түүнийг энэ сарын 20-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргүүлэхээр болж байгаа аж.
Одоогоор түр завсарлуулчихаад буй УИХ-ын нэгдсэн чуулган энэ сарын 20-ны мягмар гарагт эхлэх юм.
Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болох эрхээ өвөртөлчихөөд буй Ц.Оюунбаатар хэзээ тангаргаа өргөх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд хэдийнэ үүссэн байгаа.
Түүнтэй холбогдож энэ талаар тодруулахад “Орон нутгийн сонгуулийн дараа УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр ярьж байгаа” гэсэн хариу өглөө.
Юутай ч, энэ сард, намрын чуулганы үеэр шинэхэн гишүүдийн тоо хоёроор нэмэгдэх нь.