Нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их
Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг агаарын чанарын индексийн мэдээгээр тодорхойлсоор хэдэн жилийн нүүр үзэж буй. Энэхүү мэдээг гаргахын тулд нийслэлийн хэмжээнд цөөн хэдэн байршилд тусгай тоног төхөөрөмж байрлуулсан байдаг. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний төвийн агаарын чанарын мэргэжилтэн Ц.Дэлгэрмаагаас тодруулсан юм.
-Агаарын чанарыг тодорхойлоход тусгай төхөөрөмжөөс гадна ямар арга хэрэглэж байна?
-Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг хэмжигч арван байршил байдаг. Эдгээрээс найман байршилд автомат төхөөрөмж суурилуулсан. Тухайлбал, Баруун дөрвөн зам, 13 дугаар хороолол, 100 айл, Ургах наран хороолол. Харин Хайлааст, Дамбадаржаа, Офицеруудын ордон, нэгдүгээр хороололд бид өөрсдөө очиж, хэмжилт хийдэг. Өдөр бүр агаарын бохирдлын хэмжээг тогтоохын тулд автомат төхөөрөмжөөс 15 минут тутамд ирсэн мэдээг нэгтгэн, дүгнэлт гаргадаг юм.
-Эдгээр байршлаар нийслэлийн агаарын бохирдлыг бүрэн шинжлэх боломжтой юу. Дүүрэг бүрт энэ төхөөрөмжийг суурилуулах боломжгүй гэж үү?
-Хэдийгээр нийслэлийн олон хэсэгт агаар хэмжигч автомат хэмжигч байх шаардлагатай ч одоогоор энэ бүхнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж, тийм боломж одоогоор алга. Гэхдээ дээрх байршлуудаар нийслэлийн агаар ямар түвшинд байгааг мэдэх боломжтой. Тодруулбал, Баруун дөрвөн зам орчимд авто машинаас гарах хорт хийг, Хайлааст, Дамбадаржаа гэр хороолол дундах агаарын бохирдлыг, Офицеруудын ордон орчмоос байшин хо рооллын агаар, “Монгол газар” компанийн хашаан дахь төхөрөмжөөр үйлдвэрээс шалтгаалсан хорт хийн хэмжээг тодорхойлж, ирүүлдэг гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн бүх хэсэгт төхөөрөмж байрлуулах шаардлагагүй, тийм боломж ч одоогоор алга байна.
-Гэхдээ зарим тохиолдолд индексийн мэдээ гүйцэд гараагүй байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм тохиолдол байдаг нь үнэн. Агаар хэмжигч автомат төхөөрөмж заримдаа гэмтэж, эвдэрдэг. Энэ үед мэдээ ирэхгүй, тасалддаг гэж болно. Бусад тохиолдолд мэдээ тогтмол хугацаандаа ирсээр л байгаа. Цаг агаарын ямар ч үед агаарын чанар тодорхойлогдож байх жишээтэй.
-Агаарын чанарыг тодорхойлох нэлээд хэдэн бодис бий. Нийслэлийн агаарын хэмжээ бол хэт өндөр гарч, ихэнхдээ “Аюултай” түвшинд байна. Яг стандарт хэмжээ нь хэд байвал хэвийн гэж үздэг вэ?
-Олон улсын стандартад агаарт байх бодисуудын хэмжээг тогтоож өгсөн байдаг. Түүнчлэн манай улсын агаарын чанарын техникийн ерөнхий шаардлагад ч энэ талаар нарийн зааж өгсөн.
Яг өнөөдрийн тухайд нийслэлийн агаарын чанар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин өндөр байна.
Өөрөөр хэлбэл, “Аюултай”, “Маш муу” түвшинд хүрсэн. Тухайлбал, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж нь 20 мкг/м.куб байх ёстой бол манайд 30-аас дээш, азотын давхар исэл 40 мкг/м.куб бол 75-180 хүрэх үе ч байгаа юм. Энэ мэтчилэн нийслэлийн агаарын чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү муу байдаг.
-Агаарын хорт бодисын агууламжийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зам байна уу. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр нь түүхий нүүрсний болон авто машины утаа юм. Ялангуяа өвлийн улиралд энэ үзүүлэлт бүр өндөр гардаг. Гэхдээ зуны улиралд ч ялгаагүй агаар хорт бодисоор дүүрэн байдаг. Энэ нь авто машины тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Агаарын чанарын индексийг тодорхойлж эхэлснээс хойш эдгээр хорт бодисоос өөрийгөө хамгаалах зөвлөмжийг гаргасан. Хамгийн энгийн жишээ татахад агаарын бохирдлын хэмжээ өндөр байх өглөө, оройд маск зүүж хэвших хэрэгтэй. Түүнчлэн амьсгалын замын өвчтэй бол аль болох энэ үеэр гэртээ байх нь зүйтэй юм.