П.Алтангэрэл: Компанийн хувьцаа үнэгүйдэх тусмаа дампуурал руу ойртдог
2011.12.28

П.Алтангэрэл: Компанийн хувьцаа үнэгүйдэх тусмаа дампуурал руу ойртдог

Иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас 536 ширхэгийг үнэгүй олгохоор болсон билээ. Харин нэмж аж ахуйн нэгжид олгох 10 хувийг иргэдэд олгох нь зүйтэй гэх саналыг нэр бүхий гишүүд санаачлав. Өөрөөр хэлбэл, үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжид хувьцаа өгөхгүй, харин иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгоно. Ингэснээр иргэд нэгжхувьцааг 1000 төгрөгөөр үнэлж, он гаруут Засгийн газарт хувьцаагаа арилжиж үлдэгдэл сая төгрөгийг бэлнээр авах боломжтой хэмээн тооцоолж буй. Харин энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхуулья.

УИХ-аас баталсан 39 дүгээр тогтоолд Тавантолгойн орд газрын хувьцааны 10 хувийг иргэдэд, мөн адил хэмжээнийхийг аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь өгье гээд шийдчихсэн. Гэтэл саяхнаас аж ахуйн нэгжид өгөх хувь хэмжээг нь иргэдэд өгөх нь зүйтэй гэсэн хуулийн төсөл өргөн баригдаж хэлэлцүүлэгт орох боллоо. Одоогоор энэ асуудал шийдэгдэээгүй байгаа. Гишүүн хүнийхээ хувьд хуулийн төслийн эсрэг байр суурьтай яваа. Учир нь ямар ч компанийн хувьцаа үнэгүйдэх тусмаа дампуурал руу ойртож, үнэ цэнэ нь багасдаг. Энэ бол олон улсын практикт ч бий. Ер нь, аж ахуйн нэгжид олгох 10 хувийг нэмж 20 болгое гэхээсээ илүү иргэдэд өгөхөөр баталж, тогтсон хувьцааг хэрхэн өндөр үнэтэй болгох вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Юун түрүүнд Тавантолгойн орд газраа хурдан эдийн засгийн эргэлтэд оруулж, хөл дээр нь босгох нь чухал. Ордоо босгохын тулд аж ахуйн нэгжид 10 хувийг нь нэрлэсэн ханшаар худалдахаас өөр аргагүй. Эрдэмтэд хувьцааны үнийн дүнг дунджаас арай доогуур байхаар тооцоо хийсэн байна билээ. Тэдний хийсэн судалгаа тооцоогоор дээрх хувьтай тэнцэх хувьцааг арилжихад 70-100 орчим тэрбум төгрөг босгох юм. Ийм хэмжээний хөрөнгө нь тус ордод асар их гэсэн үг. Хөл дээр нь босгочих байх шүү.

Ингэвэл үнэ цэнэгүй 20 хувь тарааснаас ч илүү ач тустай.

Эргээд орж ирэх хөрөнгө мөнгөний хэмжээ ч нэмэгдэн, иргэдийн хүртэх хувь ч ахиу болно. Тэр ад үзээд байгаа компаниудын ард ч иргэд бий гэдгийг санах хэрэгтэй. Иймд зайлшгүй нэрлэсэн ханшаар нь худалдаж хөрөнгө босгох хэрэгтэй. Өнөөдөр ашигт малтмалынхаа ордыг ашиглалтад оруулаагүй байж хувь хэмжээ тараах асуудал дээр маргах цаг нь биш. Ёстой алаагүй баавгайн арьсыг булаацалдахтай адил харагдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.