Д.Ганхуяг:Монгол улс өртэй нь үнэн
2011.11.11

Д.Ганхуяг:Монгол улс өртэй нь үнэн

Оюутолгойн гэрээ УИХ-ын 57 дугаар тогтоолыг хангаагүй хэмээн шаардлага хүргүүлсэн гишүүдийн төлөөлөл Д.Ганхуягаас заримзүйлийг тодрууллаа.
-Монголын тал Оюутолгойн 34 хувиа ямар ч үнэ төлбөргүйгээр эзэмшиж байгаа юм биш үү. Улмаар 57 дугаар тогтоолыг ч бүрэн хангасан гэх. Тэгэхээр та бүхэн шоудаад байна уу гэх хардлага төрж байна?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын тал 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтыг хүү тооцуулж ноогдол ашиг болон бусад орлогоосоо суутгуулна гээд биччихсэн байгаа. Оруулж байгаа бүх хөрөнгө оруулалт нь 10-12 хувийн хүүтэй зээл. Техник эдийн засгийн үндэслэлд бичсэнээр Монголын талын 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалт 816 сая ам.доллар. Энэ нь найман жилд хүүг оруулж тооцохоор 1.6 тэрбум ам.доллар болно. Нөгөө талаас гэрээнд анхны хөрөнгө оруулалтын дөрвөн тэрбум ам.долларыг нэмэлт хөрөнгө оруулалт гээд, тэр харуулаад байсан тооцоонд нь хайгуул хийсэн болон өмнө оруулсан хөрөнгө оруулалтыг нэг тэрбум ам.доллароор тооцон хүү оруулаад 1.853.9 тэрбум ам.долларыг бас Монголын тал Оюутолгой төслийн ашгаас хөрөнгө оруулагчдад төлөхөөр байгаа. Ингэхээр энэ төслийн анхны хөрөнгө оруулалт таван тэрбум ам.доллар хэвээрээ байна. Энэ гэрээнд Монголын төр өөрийн гэсэн толгойгүй шийдвэр гаргаснаар 1.8 орчим тэрбум ам.долларын өртэй эхэлж, хүү нь цаг, өдөр тутамд үржигдсээр байна. Гэтэл "Айванхоу майнз" компани хувьцааныхаа 49.5 хувийг "Рио тинто"-д худалдаж 3.6 тэрбум ам.долларын орлого олсон.

-Тэгвэл татвараар авах орлого хэр баталгаатай вэ?

-Гэрээнд Борлуулалтын орлогыг гадаад авч, зарцуулж болох заалтыг оруулсан байна. Нөгөө талаас Нидерланд улстай 2002 онд давхар татвараас чөлөөлөх гэрээ байгуулсан юм байна. Гэрээнд заасан хөрөнгө оруулагч болох "Айванхоу майнз" нь Нидерландад бүртгэлтэй. Үүнийг гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх үед зарим УИХ-ын гишүүд хэлж байсан. "Рио тинто" компани сүүлийн үед Нидерландад бүртгүүлсэн гэсэн мэдээлэл бий. Давхар татвараас чөлөөлөх гэрээ нь хөрөнгө оруулагч компанид аль бага татвартай оронд татвар төлөх сонголт хийх боломжийг бүрдүүлдэг. Энэ гэрээнээс Монголын тал хохирох эсэх талаар судалгаа хийж байна.

-УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх нь Монголд ашиггүй. Харин 34 хувийг эзэмших нь илүү оновчтой, 50 хувьд хүргэх Монголд улам ашиггүй тусна гэсэн. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-34 хувиа хүүтэй мөнгөөр худалдаж авч байгаа гэдгээ баталсан байна. Ерөнхийд нь дүгнэхэд гэрээ мордохын хазгай болсныг нотоллоо. Гол нь Монголын Засгийн газар орд ашиглаж эхэлснээс хойш татвар төлөхийн өмнөх ашгийг хөрөнгө оруулагчтай ямар хэмжээгээр хуваах, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа уг төслөөс хэд дахин нугалж авахаар байна гэсэн хоёрхон цэгийг олж харах байсан. Гэтэл хөрөнгө оруулагч талын хийсэн тооцоо, гэрээний төслийг магтаад хамгаалаад явчихсан. Хөрөнгө оруулагч нь төслийн нийт ашгийг бага харагдуулахын тулд хангалттай агууламжтай Эрдэнэтийн анхны ашиглаж байсан зэсийн агууламжтай хүдрийг блансаас хасчихсан зэсийн хүдрийг тооцоонд оруулаагүй, 34 хувьд ноогдох Монголын өрийг оруулаагүй, мөн төслийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо 50 жилээр тооцож Монголын ашгийг ихээр харуулсан зэрэг олон асуудал бий.

Энэ бүхнийг Монголын эрдэмтэд судлаад гаргасан.

Тэдний тооцоогоор энэ төслөөс Монголын талын авах ашиг ямар ч тохиолдолд 50 хувь хүрэхгүй гэдгийг тооцсон. Энэ төсөл зөвхөн алт, зэсийн үнийг өнөөгийн ханшаар тооцоход 400 орчим тэрбум ам.долларын борлуулалт, дор хаяж 200 орчим тэрбум ам.долларын татвар төлөхийн өмнөх ашигтай гэсэн. Тэгвэл энэ ашгийг 50:50 хувиар хуваалаа гэхэд хөрөнгө оруулагч таван тэрбумынхаа хөрөнгө оруулалтыг 20 дахин нугалж авах нь. Энэ нь хир шударга вэ. Өнөөдөр энэ ордын нөөц гэрээ байгуулснаас хойш 25 орчим хувиар нэмэгдсэн мэдээлэл бий.

-Гэрээнд зэсийн үнийг 4408 ам.доллараар тооцсон юм билээ. Тэгэхээр та бүхний тооцоогоор анхны хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх боломжтой вэ?

-УИХ-ын 57 дугаар тогтоолын 3-т "анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувийг 50 хувьд хүргэх" гэсний анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэсэн "хугацааг" Засгийн газар 30 жил гэж ойлгоод 30 жилийн дараа худалдаж авсан 34 хувиа 50 хувьд хүргэхээр гэрээнд заасан гэж ярьдаг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулах гэсэн заалттай ямар ч холбоогүй. Анхны хөрөнгө оруулалтыг нэг тонн зэсийг 4408 ам.доллараар, нэг унци алтыг 800 ам.доллараар тооцоход 4.7 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө. Тэгэхээр сэтгэл байсан бол энэ хугацааг 15,20 жилээр гэрээлж болох байсан. Ер нь энэ бүх будлиан 2007 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн өөрийн баялгаа худалдаж авч болох холбогдох заалттай холбоотой. Энэ заалтыг гэрээ өмнө өөрчлөхөөр хууль санаачилсан боловч бас л ганц, хоёр саналаар уначихсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.