УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:Тавантолгойн ордын “сор”хэсэг хэдхэн хүний өмч болчихсон
2011.10.31

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:Тавантолгойн ордын “сор”хэсэг хэдхэн хүний өмч болчихсон

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар гишүүд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Тавантолгойн нүүрсний ордын Ухаа худгийн хэсгийг "Энержи ресурс" ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Ерөнхий сайд С.Батболд АНУ-руу ажлаар явсан учир Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ талаар мэдээлэл хийлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан У ИХ-ын гишүүн С.Эрдэнэ Тавантолгойн ордоос Ухаа худаг хэдэн хувийг эзэмшиж байгаад хариулт өгөхийг хүссэн юм.
С.Эрдэнэ: "Энержи ресурс" Хонконгийн хөрөнгийн бирж дээр Ухаа худгийн 20 хувиар хувьцаа  гаргаж, 700 сая ам доллар босгосон. Түүгээр тооцохоор Ухаа худаг 3.5-4 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Том Тавантолгойн ордыг үнэлсэн Дэлхийн банкны судалгаа бий. Тус банк том Тавантолгойг15 тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэнэ гэсэн.Ухаа худгийн үнэлгээ дөрвөн тэрбум болж байна гэдэг үндсэндээ дөрөв биш, 40 хувийг"Энержи ресурс"-т өгчихсөн юм биш үү гэж үзэхэд хүргэж байна?
Д.Зоригт: Ирээдүйд олох ашгийг өнөөдрөөр тооцож гаргадаг аргачлалын хүрээнд гаргасан тооцооллууд. Том Тавантолгойн олборлолт жилдээ 15 сая тонн,цаашид 20 сая тоннд хүргэнэ. Ухаа худгийнх мөн жилийнх нь олборлолт 15 сая тонн байгаа. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн нөөц маш их учраас олборлолт урт хугацаанд явна. Харин Ухаа худгийнх дуусна гэж ойлгох хэрэгтэй.
Батж.Батбаяр: Төрийн мэдэлд авсан 96 хувь болоод нөгөө дөрвөн хувь нь өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Төр ард түмэнд өгөх гэж хурааж авсан юмаа одоо өөр компанид өгнө гэж байна?
Д.Зоригт: Бид үйл ажиллагааг хуулийн дагуу хийж байгаа. Ашигт малтмалын хуулийн дагуу төр ордыг авсан.УИХ-ын тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааны арван хувийг Монгол Улсын иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, арван хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах, 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаална гэж заасан. 96 хувь хэрхэн ажиллаж байгаа тухайд, "Эрдэнэс-МГЛ" компани Хүний хөгжил санд 116 тэрбум төгрөг орууллаа. УИХ-ын тогтоолоор Тавантолгойн арван Хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдана гэсэн. Нэр бүхий гишүүд энэ арван хувийг ард түмэнд нэмж өгье гэснийг Засгийн газар дэмжиж санал өгөөд байгаа.
Мэдээллийн төгсгөлд С.Эрдэнэ гишүүн Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа дагуу байр сууриа илэрхийлэв. Тэрбээр"Бид Оюутолгойг үндсэндээ тавиад туучихсан. Ард түмэнд ашиг тус нь очиж болох цорын ганц баялаг бол Тавантолгой. Үүнийг тавиад туух уу, УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу ард түмэндээ хувь хишиг хүртээх үүсгэдэг аминд тулаад байна. Энэ ордын өрөм, сор болсон хэсгийг дөрөв, тавхан гэр бүлийн өмч болгочихсон. Нийт үнэлгээний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий ордыг өгчихсөн. Үлдсэн 60 хувийг 2,7 сая монгол хүн хувааж, хувилж хүртэх юм байна. Ийм байдлаар дээрэм хийдгээ больвол яасан юм бэ. Ажлаа хийж, асуудлыг хуулийн хүрээнд шийдэж чадахгүй байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд огцрох ёстой. Асуудлыг хянаж, хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа Ерөнхий сайд ч хариуцлага хүлээх ёстой" гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.