УИХ-ын гишүүн П.Алтангэрэл сайдад хандав
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод асуулт тавьсан байна. "Баян констракшн" ХХК нь Дорнод аймгийн Матад суманд нар, салхи хосолсон цахилгааны эх үүсвэр байгуулах 890 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг 2007 оны аравдугаар сард эхлэн энэ оны гуравдугаар сард хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулж ажилласан.
Гэтэл өнөөг хүртэл ажлаа гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй.
Түүнчлэн суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь эвдэрч, сумын төвийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж чадахгүй байгаа аж. Ийм бэрхшээл зөвхөн Матад суманд төдийгүй тус аймгийн бусад сумдад ч тохиолдож байгаа аж.
Үүнтэй холбогдуулан эрхэм гишүүн сайдад хандан тендерт шалгарсан компанийн ажлын гүйцэтгэлийн хэдэн хувийг санхүүжүүлсэн эсэх, яамнаас уг станцыг барих ажлын явцад хэдэн удаа хяналт, шалгалт хийсэн талаар асуужээ. Мөн станцыг одоо хүртэл улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа шалтгаан, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй компанид ямар арга хэмжээ авсан, ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа, заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй компанийн гэрээг цуцалж, мөнгөө эргүүлэн татах боломж бий эсэх зэрэгт хариулт өгөхийг хүссэн байна.