2012.09.24
Байгалийн гамшигт нэрвэгдсэн зарим аймгуудад хөрөнгө гаргах боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас байгалийн гамшигт нэрвэгдсэн зарим аймгуудад хөрөнгө гаргах тухай тогтоол гаргалаа. Тус тогтоолоор 2012 оны 7дугаар сар хүртэлх хугацаанд гарсан гамшгийн улмаас Архангай, Завхан, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл аймгуудад учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад шаардагдах нийт 816 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө. Улсын нөөцөөс олгосон гэрийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагвад даалгав. Засгийн газраас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, тайланг гарган энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг дээрх аймгуудын Засаг дарга нарт даалгалаа.
Өнгөрсөн 6-7 дугаар саруудад Архангай, Хөвсгөл аймгийн нутагт хүчтэй салхи шуурганы улмаас олон айл өрх орон гэргүй болж, жижиг станцууд гэмтсэн бол , Завхан аймгийн Улиастай, Алдархаан сум болон Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд аймгийн нутгаар усархаг бороо орж өндөр хүчдлийн баганууд унаж, малчин айл өрхүүд үерт автан орон гэргүй болсон юм. Энэ нь нийтдээ 7 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.