Хятадын нийгмийн хамгийн том бухимдал
2012.10.15

Хятадын нийгмийн хамгийн том бухимдал

Хятадад төрийн бодлогоос илүүтэй амьдрал дээр хэрэгжүүлж буй арга хэмжээ буюу өмгөөлөл хамгаалалгүй иргэдийг хүчээр “газарт оруулах” явдал нийгэмд хамгийн их уур бухимдлыг төрүүлж байна.

Арваннэгдүгээр сарын 8- нд эхлэх Коммунист намын XVIII их хурлаар сонгогдох улс орны шинэ лидерүүд энэхүү бухимдал дургүйцэлтэй нүүр тулан ажиллаж, арилгахаас өөр замгүй болж байна. Орон сууцны болон эзэмшлийн газрыг нь хүчээр булаан авч байгаа төр засагт дургүйцлээ илэрхийлэн нэгдсэн хятад иргэдийн тоо Sina Weibo нийгмийн сүлжээн дээр 350 саяд хүрчээ.

2005 оноос хойш тус улсад жил бүр эсэргүүцлийн 180 мянган жагсаал, цуглаан болж байгааг нэр хүнд бүхий Нийгмийн шинжлэх ухааны академийн судалгаа харуулав. “Газарт орох”-ыг эсэргүүцэж байгаа иргэдийн гэр орон руу цагдаа нар шөнөөр дайран орж хүчээр зайлуулж, газрыг нь дээрэмдэж байгаа нь ийнхүү эсэргүүцлийн давалгаа өрнөхөд хүргэсэн юм.

Хүний эрхийн төлөө тэмцэгч, 2008 оны Сахаровын нэрэмжит шагналт Ху Жиа “Бээжин, Шанхайн тэнгэр баганадсан барилгууд, өргөн чөлөөний цаана орон гэр, хорооллоосоо хүчээр хөөгдсөн хэдэн сая хятад иргэдийн нулимс, харуусал, тэднийг хорьсон шорон, тамлалт, цус байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.

1978 оны арван хоёрдугаар сард Дэн Сяопины эхлүүлсэн шинэчлэл нь Хятад орныг дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг болох эхлэлийг тавьсан юм. Шилжилтийн үеийн эдийн засгийг хөхиүлэн дэмжих арга хэмжээний нэг нь газрыг тариачдад дахин хуваарилж, орон сууцыг хувьчилсан ч газар төрийн өмч хэвээр үлдсэн аж. Тиймээс л Бээжингийн төр газраа хүссэн үедээ буцаан авч буй хэрэг.

Төрөөс газрыг нь хураасны төлбөр өгч байгаа ч иргэд энэхүү нөхөн төлбөрийг няцаах, эсэргүүцэх эрхгүй. Газрыг хүчээр улсын мэдэлд авах анхны давалгаа иргэний инженерчлэлийн хамгийн том байгууламж гэгдэх Гурван хоолой усны боолтыг барьж босгох үед болсон юм. Ажил нь 1995 онд эхэлсэн энэхүү том хаалтыг босгохын тулд арван жилийн дотор нэг сая 130 мянган оршин суугчийг газарт оруулжээ.

2010 онд Шар мөрний усны төвшинг 175 метрээр өргөж, Гурван хоолой усан цахилгаан станц ашиглалтад ороход дахин хоёр сая иргэнийг хөдөлгөж, хэдэн мянган бээр газар нүүж суухад хүргэсэн билээ. Засгийн газраас тушааж газар зааж өгсөн болохоор өөр ямар ч арга байхгүй. Гэвч авлигач түшмэдийн улмаас нөхөн төлбөрөө олж авч чадаагүй хэдэн мянган айл өрх байсаар байна.

Иргэдийн эсэргүүцэл, жагсаалын “ачаар” зарим түшмэл шоронд явсан ч жагсагчид зодуулж, саатуулагдаж, газраа хураалгахыг эрс эсэргүүцсэн заримыг нь тамлан зовоож байсан гэдэг. Бээжингийн олимпийн нүд гялбам барилга, байгууламж, нийслэл хотын шинэ төлөвлөлт мөн л 1.25 сая хүнийг орон гэрээ орхиход хүргэсэн юм.

Бүтээн байгуулалт хэдэн зуун жилийн турш тэр л газраа идээшин суурьшсан хятадуудын амьдралыг түйвээсээр байна. Засгийн газраас гаргасан тооцоогоор, Хятадын тэрбум 350 сая хүн амын тал хувь нь хот, суурин газар амьдарч байгаа нь дэлхийн хамгийн том, хамгийн хурдан хотжилт болж байгаа аж.

Хотжилтын үйл явцад үл хөдлөх хөрөнгө зуучлагчид, ихэнх нь авлигад автан эрх мэдлээ буруугаар ашиглаж гаршсан орон нутгийн түшмэд ташуур өгч байна. Тэд “газарт орсон” иргэдийн амьдралаа шинээр эхлэхэд хэрэгтэй нөхөн төлбөрийн талыг нь ичих ч үгүй завшиж орхидог ажээ. Зам харгуй, нисэх буудал, өндөр хурдны галт тэрэгний зам, технологийн цогцолбор болон Засгийн газрын барилга байгууламжийн төлөө газраа хураалгасан иргэд жижиг бизнес, жижиг цех нээх нь элбэг байдаг ч хаана ч хүрдэггүй нөхөн төлбөрийн улмаас зээл авч өр тавьсаар туйлдаж байна.

Цагдаа нар, орон нутгийн засаг захиргаатай тулахаас залхсан олон хүн эзэнт гүрний үеийнх шиг Бээжинд ирж төвийн эрх баригчдад санал гомдлоо айлтгадаг ч түүнийг нь тоож сонсдог түшмэл байхгүй ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.