Энэ онд
2012.04.16

Энэ онд

Уг төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX, X хорооны нутаг дэвсгэрийг эхний ээлжинд хамруулж орон сууцны "Долоодугаар хороолол"-ыг барихаар нийслэлийн төсвөөс жил бүр тодорхой санхүүжилт хийхээр болсон.

Газрын тухай хуульд "Хэрэгтэй үед төр ард иргэддээ нөхөх олговор олгож газрыг нь авч болно" гэсэн заалт бий. Харин хуулийн энэ заалтыг манай улсад хэрэгжүүлэхэд олон саад бэрхшээл тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл "Долоодугаар хороолол" төсөл чухам ямар шатандаа явж буй, өнгөрсөн онд хэчнээн төгрөг энэ төсөлд зарцуулсан, газраа өгчихсөн иргэдэд хэдэн төгрөг олгосон, тэд хаана амьдарч байгаа, IX хороонд барьж байгаа иргэдийн түр суурьших орон сууцны асуудал юу болов гэх зэрэг олон асуултад хариулт авахаар сурвалжиллаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дээрх хоёр хороонд нийт хоёр мянга гаруй айл өрх суурьшдаг аж. Харин "Долоодугаар хороолол" төсөл хэрэгжсэнээр энд орчин үеийн шийдэл бүхий орон сууцанд 10 мянган айл амьдрах боломж бүрдэнэ гэж байгаа. Сайн, саар үргэлж хосолж байдаг хойно хотын төвийн А зэрэглэлийн энэ бүсийн газарт шунахайрагчид бас бий болжээ.

Бүр иргэдийн оюун санааг янз бүрээр угаах ажлыг хүртэл хийж байдаг талаар тус хороодын оршин суугчид хэлж байсан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн П.Дашпэлжээ Шинэ замдын орчимд 23 жил амьдарч буй нэгэн. Тэрбээр таван хүүхэдтэй, 63 настай. Дөрвөн хүүхэд нь тусдаа гарчихсан одоо бага хүү, эмгэнтэйгээ гурвуулаа хувийн жижиг байшинд амьдарч байна.

П.Дашпэлжээ гуай "Уг нь хотынхоо өнгө үзэмжинд иргэд хувь нэмэр оруулах ёстой. Манайх газраа бага зэргийн талбайтай хоёр өрөө байраар сольчихвол болох нь тэр. Өөр илүү мөнгө төгрөг хүсэх бодол алга. Энэ газартаа олон жил амьдарчихсан болохоор холдохыг хүсэхгүй л байгаа. Гэхдээ төрийн зүгээс хийж байгаа ажлаас урьтаад хэн нь бүү мэд "Барилгын компаниудаас явж байна, газраа төдөн төгрөгөөс өгчих" гэсэн хүмүүс хэд хэд ирсэн.

Ямар ч компанийн ажилтан гэлээ хоёр залуу "Танай газрыг 50 метр квадраттай хоёр өрөө байраар авъя. Бид барилгаа барьж дуусах хүртэл та хэдийг өөр газар байрлуулъя" гэхээр нь зөвшөөрөөгүй. Түр суурьшуулах байр барьж байгаа гэсэн яаж тэнд орох талаар огт мэдэх юм алга. Уг нь тэнд орж байгаад төрийнхөө хийж буй ажилд нэмэр болбол зүгээр юм шиг санагддаг" гэв.

ТҮР СУУРЬШИХ БАЙР ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ АШИГЛАЛТАД ОРНО


"Долоодугаар хороолол" төслийг нийт таван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Төслийн эхний шат болох инженерийн шугам сүлжээний дагуух айл өрхүүдийн газрын метр квадратыг 100 мянган төгрөгөөр үнэлж авч байгаа. Цахилгаан, бохир усны шугам зэргийг татаж дууссаны дараа барилгажилтын талбайг чөлөөлөх ажил эхлэх юм байна.

Энэ үеэр "Долоодугаар,хороолол" төслийн ахлах менежер С.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Түр суурьших байр барьж буй учир нь тухайн хороодын нутаг дэвсгэрт олон жил амьдарсан иргэд эндээ байрлах саналыг их хэлдэг. Тэдний санал, хүсэлтийн дагуу 30-40 метр квадрат талбайтай нэг өрөөтэй, 300 айлын орон сууцыг барьж байна. Энэ оны эхний хагас жилд ашиглалтад орчих байх" хэмээсэн.

Харин иргэд тус байрыг үнэ, төлбөртэй эсэх талаар мэдээлэл хомс байгаа. Энэ асуултын хариуд тэрбээр "Байранд орох хүсэлт гаргасан эхний 300 айлыг хамруулна. Тэднээс метр квадратын төлбөр авахгүй. Гэхдээ ашиглалтын зардал буюу ус, цахилгааныхаа мөнгийг иргэд өөрсдөө төлнө" гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн жил IX, X хорооны нутаг дэвсгэрт инженерийн шугам барих ажлын дагуу газраа чөлөөлсөн 201 айл байгаа аж. Үүнд нийт 11 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс төсөвлөжээ. Харин энэ онд 181 айл өрхийн газрыг чөлөөлөхөөр нийслэлийн төсвөөс 10 тэрбум төгрөг гаргаад буй аж.

Тэгэхээр тухайн газраа чөлөөлсөн 201 айл хаана амьдарч байгаа талаар асуухад "Тэр айлуудын ихэнх нь орон сууцанд орсон. Одоогоор ямар нэгэн асуудал үүсээгүй л байна. Гэхдээ байртай мөртлөө газраа түрээслүүлж байсан айлууд олон байсан. Тэд мөнгөө авсан" хэмээв. Мөн нэг айлын газар маргаантай байгаа талаар сураг бий.

С.Туяа менежерийн хэлснээр "Манайхаас авсан мөнгө нь байрных нь талбайн үнэд хүрэлцээгүй юм гэсэн. Зөвхөн тухайн компани, иргэн хоёрын хоорондын асуудал. Бидэнд хамаагүй зүйл" гэх хариулт өгөв.Тэрбээр ийн хариулав.

-Дайны хажуугаар дажин гэгчээр Төрийн эрхэм түшээд янз бүрийн хөдөлгөөн байгуулж, нийслэлийг гэр хороолол, агаарын бохирдлоос салгахад нэмэр биш, саад болж байгаа хүмүүс олон бий гэнэ. Тухайлбал, УИХ-ийн гишүүн Э.Бат-Үүлийн тэргүүлдэг "Газар" хөдөлгөөний хүмүүс дүүргүүдээр явж "Иргэдээ газраа битгий өмчлөөрэй" хэмээн суртал, ухуулга хийж яваа аж. Гэвч түүний цаана барилгын бизнесийнхэн байж болзошгүйг эх сурвалжууд хэлсэн. Учир нь эрхэм гишүүн "Долоодугаар хороолол"-ыг барих IX, X хорооны иргэдтэй уулзах үеэр уулзалтанд ирсэн хүмүүс түүний "но"-г чихээрээ сонссон гэнэ.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлснээр "Т.Гандигийн нэрэмжит Үйлдвэр, урлалын сургуулийн талбай дээр Э.Бат-Үүл гишүүн иргэдэд яриа хийж байх үеэр шатны ойролцоо зогссон гурван хүн "Гишүүн энэ ажлыг хийж чадвал бидний найман жил хөөцөлдсөн зүйл бүтэх нь тэр. Энэ хөдөлгөөнд нь өшөө олон хүн нэмэх хэрэгтэй байна" гэж ярьж байсан" гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.