Г.Баярсайхан: Монгол улс олигархиудын диваажин болчихоод байхад Ардчилсан нам
УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг "Ярилцах танхим"-даа урилаа.
-Ардын намын түүх, манай намын түүх хоёр өөр шүү дээ. Гэхдээ лидерүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийн "баас"-ыг бид цэвэрлэж таарах нь. Тэд "Хамтарсан Засгийн газар үүргээ гүйцэтгэсэн" гэх ч ирэх сонгуульд ялагдаад явчих байх. Тэр үед Ардчилсан намыг сэрээж, сэргээх үүрэг залуус бидэнд л оногдоно. Би саяхан нэгэн номноос "Стогкольмын синдром" гэж байдгийг олж харлаа. Барьцаалагчид 1973 онд Стогкольм хотноо хэсэг хүнийг барьцаалж, нэг сарын дараа суллаж л дээ. Хэдийгээр хүчний байгууллагынхан тэднийг сулласан ч барьцаалагдсан хүмүүс гэмт хэрэгтнүүдийг өмгөөлсөн гэж байгаа юм. Тэгэхээр манай намд ийм синдром байна. Ардын намынхан манайхныг хамтарсан Засгийн газарт дуудаж оруулсан. Харин дараа нь Ардчилсан намынхан тэднийг өмөөрч, хамгаалж байгаа шүү дээ. "Стогкольмын синдром" энэ мөн биз.
-Магадгүй ээ.Гэхдээ “Стогкольмын синдром" туссан танай нам эдгэрэх найдвар байнауу?
-Эдгэртлээ удна. Харин дүн тавихад амархан л даа. Ард түмэн 2012 онд аянга ниргэхтэй адил бидэнд дүнгээ тавьчихна.
-"Унтаж буй хүний хөнжлийг хуу татах муухай" л гэдэг. Гэвч та тун тодорхой хэллээ. "Ардчилсан намд шударга ёс "унтаж" байна" гэж. Харамсалтай нь ийм ээдрээтэй цаг үед шударга ёсны тухай яриад нэмэр байна уу?
-Зөвхөн Ардчилсан нам биш, Монгол Улсад шударга ёс "унтаж" байна. Ардчиллын үнэт зүйлсийг шударга ёсны бэлгэдэл' болгосон манай нам "унтаж" байгаа нь үнэн шүү дээ. Шулуухан хэлэхэд, олигархиуд шударга ёсонд дайн зарлачихаад байна.
-Яагаад заавал олигархиуд гэж. Тэгвэл галын тэргүүн шугаманд хэн нь ялалт байгуулаад байна даа?
-Өнөөдрийн байдлаар, энэ "дайн"-д олигархиуд ялалт байгууллаа. Монгол Улс маань олигархиудын диваажин болчихсон байна. Тиймээс Ардчилсан намынхан ийм цөвүүн цагийг "унтаж" өнгөрөөх гэж үү. Хэрэв ингэвэл хойч үеийнхэн хэзээ нэгэн цагт бидний өөдөөс нулимна. Тэгэхээр энэ нөхцөлд манай намынхан ямар байр суурьтай байх вэ гэдгийг маш нухацтай бодох хэрэгтэй. Ардчилсан нам бол өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйлстэй улс төрийн хүчин. Гэтэл сүүлийн үед "Ардчилсан нам өөрийн гэсэн үзэл баримтлалгүй' болчихлоо" гэж дайрах боллоо. Манай намыг үзэл баримтлалгүй улс төрийн хүчин гэдэг өнцгөөс харъя. Тэгвэл УИХ-ын 2012 оны сонгуульд ямар үнэлэмжтэй, ямар "зэвсэг"-тэй орох болж байна вэ. Тийм тохиолдолд бид сонгуульд ялагдаж л таарна биз дээ. Гэвч Ардчилсан намын үзэл баримтлал хусавч арилахгүй. Манай намынхны нэг хэсэг нь үзэл баримтлалынхаа төлөө тэмцэж чаддаг, харин нөгөө хэсэг нь өөрийн гэсэн үзэл баримтлалгүй бөгөөд цагийн аясаар урсч явдаг ийм л үзэгдлүүд харагдаж байгаа юм.
-Үзэл баримтлалын өөр, өөр "эрэг"-т гарчихсан нөхдийнхөө талаар та юу гэж дүгнэдэг вэ?
-Уг нь манай нам үзэл баримтлалаараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл байх ёстой. Гэтэл тийм байж чадахгүй байна. Тиймээс Ардчилсан намыг итгэл үнэмшил, үзэл баримтлалдаа үнэнч хүн л авч явж чадна. Ийм хэмжээний лидер л удирдаж чадна. Тэгээд ч олон нийт биднээс лидер төрүүлэхийг шаардаж байна. Ардчилсан хүчний холбооны залуус саяхан "Унталт" арга хэмжээ зохион байгууллаа. "Хүрээ дугуйлан" нэрийн дор шинэчлэлийг дэмжих зорилгоор гарын үсэг цуглууллаа. "Нэг ардчилал"-ын залуус хэлэлцүүлэг хийсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Ардчилсан намын залуус хөдөлж эхэллээ. Шударга ёсыг аажим, аажмаар сэрээж байна гэсэн үг.
-"Ардчилсан нам өөрийн гэсэн үзэл баримтлалтай" гэх тань эргэлзээ төрүүллээ. Тийм юм бол танай холбооны залуус намаа шог зургаар элэглэдэг нь ямар учиртай юм бэ. Унтаж буй согтуу эрээс нэгэн хүн үнэт зүйлсийг нь хулгайлан авч явааг харуулсан байсан шүү дээ. Тэрхүү зургийг харсан хүмүүс "Ардчилсан нам үзэл баримтлал хэмээгч үнэт зүйлээ хулгайд алдчихсан юм байна" гэж ойлгосон. Үүнээс өмнө ч гэсэн ажиглагчид тэгж дүгнэснийг та мэдэж байгаа шүү дээ?
-Үнэн, Ардчилсан намынхныг "унтаж" байх хойгуур үнэт зүйлсээс маань бага, багаар хумсалсан. Гэвч намын үзэл баримтлал хэвээрээ байгаа шүү. Хувийн өмч, үг хэлэх эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг маань хумслаад ч, хусаад ч үгүй хийж чадахгүй. Ер нь Ардчилсан нам бусад намаас юугаараа ялгаатай юм бэ. Ганцхан зүйлээр л ялгаатай.
-Тэр нь юу юм бэ?
-Эх орныхоо жинхэнэ эзэд болох энгийн иргэдээс бид эмээдэг. Тэднийхээ дуу хоолой болж явдаг. Харин Ардын нам ард түмнээсээ айдаггүй. Энэ л хамгийн осолтой. Ард түмнээсээ эмээлгүй өөдөөс нь буу чиглүүлдэг, аав, ээж, ах дүү нараа бууддаг ийм нам үзэл баримтлалаа хэчнээн шинэчилсэн ч ген нь хэвээрээ л байна.
-Ардчилсан намынхан хүний,өөрийнхөнтэй нанчилдсаарбайгаад 20 жилийг өнгөрүүллээ. Хэзээ ухаан сууж, бяр хүчээрээ үлгэр жишээ болно доо?
-Би нэг л зүйлийг онцолж хэлье. Ардчилсан Ерөнхийлөгч 20 жилийн хугацаанд ганц л төрдөг юм байна. Ардчилсан нам ийм байдалтай байх юм бол шүү дээ. Манай намыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шиг хүн л удирдаж чадна. "Тэнд 600 гаруй авлигач цуглачихсан байна" гэж хэлж чаддаг лидер биднийг авч явж чадна. Түүнээс биш "Ардын намын дарга биднийг муухай харвал яана аа" гэж хэлдэг намын дарга байж болохгүй.
-Яагаад?
-Та бод л доо. Ардчилсан нам хүчтэй байх уу, аль эсвэл хүчтэй намыг дагаж явах уу гэдэг асуудал урган гарч байна. Миний хувьд, манай нам хүчтэй байх ёстой. Өөр хүний тавьсан замаар явах ёсгүй. Ардчилсан намынхан өөрсдийн гараар түүхийг бичдэг байсан юм. Гэвч өнөөдөр түүхийг хэрхэн бичихийг хүлээдэг болсон байна. Аядуу, хүлцэнгүй болжээ. Би үүнийг л тэвчихгүй. Бүтээн байгуулалт яах вэ. Ямар ч нийгэмд бүтээн байгуулалт өрнөдөг. Хамгийн гол нь шударга ёсыг цогцлооно гэдэг "Титаник" хөлөг онгоцыг бүтээхтэй адил асар их хөдөлмөр. Харамсалтай нь "Титаник" хөдөлмөр хийхээс зугтаад байна. Шударга ёсыг сахиулна гэдэг бол төмөр зам, орон сууц барихаас илүү хүнд ажил. Хорин жил, бас хоёр жил болсон улстөрчид Ардчилсан намын гишүүн мөн л юм бол адилхан үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Хэрэв 20 жилийн эцэст эцэж цуцан ачаагаа үүрч чадахгүй байвал түүнийгээ бидэнд өгчих. Ардчилсан намын залуус бид ганц л зүйлийг шаардах болно. Гэхдээ намынхаа лидерүүдэд "Та нар тэтгэвэртээ гар ч хэлэхгүй. Улстөрчийн өндөр ёс суртахуун гаргаж, дараагийнхаа үед бололцоо олго"гэж шаардана.
-Дараагийн үе гэж хэн бэ.З.Энхболд гишүүн үү, аль эсвэл залуучуудын арми уу?
-З.Энхболд гишүүн ч залуу хүн. Би түүнийг нийгмийн зүгээс захиалсан лидер яах аргагүй мөн гэ хардаг. Тэрбээр маш олон тохиолдох ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж байсныг санаж байна. Л.Гантөмөр гишүүн байна. УИХ-д хоёр удаа сонгогдож, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч.
-За, яах вэ. З.Энхболд Ардчилсан намын дарга боллоо гэж төсөөлье. Тэр хүн сульдан ганхсан Ардчилсан намд тамир тэнхээ оруулах "допинг" байж чадах уу?
-Би түүнийг допинг гэж хэлмээргүй байна. Залуучууд Ардчилсан намын туг, бас сумны зэв нь болж явах ёстой.
-Та түүний тухай ингэж боддог юм бол З.Энхболд Ардчилсан хүчний холбооныхноо юу гэж хардаг бол?
-Ний нуугүй хэлье. Ардчилсан хүчний холбооны удирдлагууд УИХ-ын гишүүд учраас энэ бол хүссэн, хүсээгүй улс төрийн байгууллага. Уг нь төрийн бус байгууллагын статустай л даа. Гэвч бүгд л парламентч, Ардчилсан намын гишүүд учраас намын дотоод нөхцөл байдлыг хараад байж сууж чадахгүй нь. Ягэнэ янзаараа 2012 онтой золговол манай намынхан том ангал руу орно. Үүнээс хэн хожих Ардчилсан нам сонгуульд ялагдаж, олигархиуд хожино. Хамаг баялгийг маань тэд цөлмөж дуусгачихаад эцэст нь дүрвэж одно. Энэ нутагт жирийн иргэд л үлдэнэ шүү дээ.
-Олигархиудаас гадна Ардчилсан намынхны "аллерги”-г хөдөлгөж байгаа нь Н.Алтанхуяг биз дээ. "Намаа эрх мэдэлд хүргэдэг дэн буудал мэт ашиглаж буй хоноц" хэмээн зарим хүн түүнийг шүүмжилж байна. Н.Алтанхуяг үнэхээр хоноцын сэтгэлгээг аливаад хандаж байна гэж үү?
-Америкийн Ерөнхийлөгч агсан Ж.Вашингтон "Гарман дээр морио сольдоггүй" гэснийг монголчууд олонтаа хэлдэг. Тэгвэл би "Өртөөн дээр морио солимоор байна" гэе. Монголчууд маань өртөөн дээр хүчээ сэлбэж, шинэ санаа сэддэг, шинэ захиа дайдаг, бас морио сэлгэн явдаг уламжлалтай.
-Өнгөрсөн хугацаанд та намын дарга Н.Алтанхуягтайхэр олон удаа уулзаж, санал бодлоо хэлсэн бэ. Түүнээс ололттой талыг олж харав уу?
-Миний хувьд намынхаа үндсэн үзэл баримтлалыг дагахыг хичээдэг. Ардчилсан нам асар том үзэл баримтлалтай. Басхүү 10 зөв бодлоготой. Гэвч үүнийг Ардчилсан нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газрыг дангаар байгуулсан нөхцөлд л бүрэн хэрэгжүүлнэ. Харамсалтай нь өнөөдөр шүүхийн шинэчлэлийг дорвитой хийж, "Хүүхдийн мөнгө"-өө ч өгч чадахгүй байна. Иймэрхүү бодлогын зөрүү бий. Түүнээс биш би Н.Алтанхуяг даргыг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг. Гэхдээ намын рейтинг, энэ тэр гэж яривал их юм байна.
-Ардчилсан намд асуудлыг та бүхнээс арай өөр өнцгөөр харж буй хүмүүс байгаа бололтой. Тэд "Ардчилсан нам 2012 оны сонгуульд ялах нь тодорхой" гэж зарим хэвлэлд ярьсан байна лээ. Гэтэл Ардын намынхан "Бид шинэчлэл хийж, санаачилгыг гартааавлаа"хэмээналга ташицгаах юм. Иймэрхүү урвуу нөхцөл байдалд ямар дүгнэлт хийх болж байна вэ?
-Ийм үлбэгэр, үхээнц байвал бид 2012 онд ялагдана. Тиймээс би "Зарчмаараа явъя" гэж байгаа. Олонхи болсон нь засгаа дангаар бүрдүүлж, цөөнх нь цөөнх шиг байя л даа.
-Үйл явдалд та бүхэн ч буруутай. Үлбэгэр, зориг муутай, өөрийн гэсэн толгойгүй хүмүүсээр яах гэж намаа удирдуулсан юм бэ?
-Хувь хүний тухайд ямар нэгэн тодотгол хиймээргүй байна. Хамгийн гол нь Ардчилсан намынхан үзэл баримтлалаа ямар нэгэн амлалт, албан тушаалаар солих ёсгүй.
-Та "Ардчилсан намд хамтарсан Засгийн газар жижигдэнэ" гэж мэдэгдсэн. Намын дарга тань тийш улам шигдэж байхад ингэж хэлэх хэрэг байна уу?
-Манай нам барууны, Ардын нам зүүний үзэл баримтлалтай. Барууны үзэл баримтлал их тодорхой. "Хүнд ажил хийснийх нь хэрээр хөлс мөнгө өгье, хувийн өмчийг хурааж авахгүй байя" гэж. Ардын намынх ч тодорхой шүү дээ. "Бүгдэд нь бэлэн мөнгө өгч, нийгмийн халамж хүртээе" гэсэн утга бүхий үзэл баримтлал бол тэднийх. Нэг ёсондоо Манжийн төрөөс явуулж байсан бодлоготой ижилхэн. Монголын хаад, ноёдыг богц, богц мөнгөөр худалдан авч байсантай адилхан л бодлого. Харин манай намын үзэл баримтлал "амьд" байгаа. Зарим залуусын маань хувьд ч "амьд" оршиж байна. Ардчилал гэдэг бол ард түмний үнэн үг. Үнэт зүйлсээ цөмийг нь алдчихаагүй дээрээ манай намынхан хазаараа татах ёстой. Хамтарсан Засгийн газрын тухай сэдэв миний хувьд моодноос гарсан.
-Уучлаарай, таны үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэж байна. Гэхдээ танай намынхан Ардын намынхны популист амлалтын авторыг хүртэл булаацалдаж байсан удаатай. УИХ-ын 2008 оны сонгуулиар хоёр намынхан "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" гэхмэтчилэн нэрний асуудал дээр хүртэл өрсөлдөж байсан байх аа?
-Их мөнгөний үнэр, амтанд мансуурсан улстөрчид популист амлалтад "хошуу дүрсэн"-ийг үгүйсгэхгүй. Гэлээ гээд Ардчилсан намынхан маань үзэл баримтлалдаа үнэнч байх ёстой. Өнгөрсөн хугацаанд асар том популист амлалтуудыг хийсэн байдаг. Гэвч Оюутолгойгоос монголчуудад хүртээх мөнгөний үнэр үнэртэхгүй л байгаа шүү дээ. Олигархиуд төр барьж буй тохиолдолд ард түмэн ядуурах нь тодорхой. Нигер улс үүний тод жишээ юм. Тэнд өрнөсөн үйл явдал Монголтой адилхан. "Монгол Улс уул уурхайн ил тод байдлын сертификат авсан" гэдэг. Нигер ч гэсэн авсан л байдаг юм билээ. Эрх баригчид дэлхийн эдийн засгийн алуурчдын гар, хөл болоод явж байгаад би дургүйлхэж байна.
-Та үнэхээр гудамжинд гарч, ;тэмцэл хиймээр байна уу.Ардчилсан намын олонхи таныг
дагах болов уу?
-Ингэхэд олонхи хаана байдаг билээ. Олонхи гэдэг олонхийн төлөө сэтгэл зовиндог газар л байж чадна.
-Люмпенпролетариудтай адилхан болчих вий гэж болгоомжлохгүй байна уу?
-Үгүй. Ярилцлагын эхэнд би танд Ардчилсан намын залуусын зохион байгуулж байгаа арга хэмжээний тухай ярьсан. Энэ бол генераци солигдохын дохио. Ардчилсан намд ямар нэгэн өөрчлөлт гарах гээд дуншиж байгаа хэрэг. Улс төрд насны хязгаар байхгүй. Гэвч нийгэм шинэ улс төр, шинэ лидерийг шаардаж байгаа учраас ийн дуншиж байна. Манай зарим улстөрч өнгөрсөн 20 жилд хийдгээ хийчихсэн. Одоо хангалттай. Ардчилсан нам авлига, хээл хахууль, дарангуйллын мөсийг хагалсаар ирсэн. Зөвхөн залуу нам тэрхүү мөсийг хагалж чадна.
-Ардчилсан нам биш, Ардын намын тухай асууя. Та "Лидер нэг л төрдөг" гэсэн. Үнэхээр ч Ардын намд өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр гэдэг ганц том лидер харагддаг байлаа. Харин одоо тэр Ардын нам дахь ганц том сөрөг хүчин болчихлоо. Энэ юуг зөгнөнө вэ?
-Францын хувьсгалын үеэр нэгэн алдарт хөгжмийн зохиолчийг цаазалж л дээ. Тэгэхэд "Энэ хүний толгойг ганц хормын дотор цавчиж болно. Гэвч түүнийг дахин төрүүлэхэд 200 жил шаардлагатай" гэж цугласан олны нэг хэлсэн байдаг. Ер нь лидерийг төрүүлэх хэцүү. Монголд өнөөдөр хэдэн лидер байгаа билээ. Нүүдэлч угсааны Модун Шанью, Чингис хаан, их хаад, сүүлийн 20 жилд төрсөн лидер нь яах аргагүй Ц.Элбэгдорж. Ардчилсан хүчнийхэн энэ хугацаанд ганцхан лидер төрүүлсэн нь цаг хугацаагаар нотлогдлоо. Тиймээс манай нам залуустаа хаалгыг нь нээж өгөх хэрэгтэй. Лидер гэгдээд байгаа хүмүүс ёс суртахуунтай байх учиртай. Н.Энхбаярын тухайд гэвэл, нэг л зарчим харагдаж байна. Худалдаж авсан зүйл эргээд худалдагддаг. Бүгдийг нь худалдаж авсан бол тэр хүмүүс өөрийг нь худалддаг ийм л зарчим харагдаж байна лээ.