Францын ерөнхийлөгч цалингаас татгалзав
2012.05.21

Францын ерөнхийлөгч цалингаас татгалзав

Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд сонгуулийн кампанийн үеэр олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэв. 17-ны өдөр Елисэйн ордонд болсон Засгийн газрын анхны хуралдаан дээр тэрбээр өөрийн болоод сайд нарын цалинг 30 хувиар танаж байгаагаа мэдэгджээ. Түүний энэ шийдвэр Засгийн газрын тогтоол болон гарч, албан ёсны хэвлэл "Журналь офисьель"-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм.

Өмнөх ерөнхийлөгч Николя Саркози 2007 онд албан тушаалдаа орсон даруйдаа өөрийн цалинг 170 хувиар нэмэгдүүлж, ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүн хоёрын цалингийн хэмжээг ижил болгосон билээ. Энэ нь 19500 евро гэсэн үг бөгөөд энэ хэмжээ өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацаанд өөрчлөгдөөгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин энэ удаа социалист шинэ ерөнхийлөгч "санхүүгийн өөрчлөн байгуулалт"-ыг ийнхүү өөрөөсөө эхэлж байна.

Шинэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор ерөнхийлөгч Ф.Олланд, ерөнхий сайд Ж.Эйро нар аль аль нь 13500 еврогийн цалин авах болж байгаа юм. Харин Засгийн газрын гишүүдийн авдаг байсан 14000 евро, 9800 болон буурч байна. Гэхдээ энд нэг хоржоонтой зүйл гарч ирж байна. Франсуа Фийоны тэргүүлж байсан түрүүчийн Засгийн газрын гишүүд халаагаа өгснөөс хойш хагас жилийн турш өмнөх цалингаа хуулийн дагуу авах эрхтэй бөгөөд энэ нь одоогийн сайд нараас cap тутам 4000 еврогоор илүү пүнлүү хүртэнэ гэсэн үг юм.

30 хувийн таналт гэдэг бол Европын холбооны орнуудын удирдагчдын хувьд санхүүгийн хямралын дараа цалингаа бууруулсан арга хэмжээнүүдээс хамгийн мундаг нь болж байна. Их Британи, Португалид Засгийн газрын гишүүд цалингаа таван хувиар хасаад өнгөрсөн бол Италид 10, Ирланд, Испанид 15 хувиар бууруулсан юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.