Төрийн бодлогод эрдэмтэн судлаачдын дуу хоолойг бодитоор тусгана
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ШУА-ийн Нийгмийн Ухааны салбарын бага чуулган хамтран энэ сарын 15-нд Чингис зочид буудалд "Нийгмийн шинжлэх ухаан-50 жил" эрдэм шинжилгээний хурал хийв.
Тус хуралд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат оролцов. Тэрбээр "Нийгмийн шинжлэх ухааны салбар бол олон мянган жилийн түүхтэй. Энэ салбарыг хөгжүүлэхэд төр засгаас онцгой анхаарч ирсний нэг илрэл нь XX зууны эхэнд эрдэм шинжилгээний төрөлжсөн байгууллага Судар бичгийн хүрээлэнг байгуулсан явдал юм.
Нийгмийн салбар эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсох нь маш чухал. Нийгмийн бодлогын байнгын хороо ШУА-тай хамтарч нэлээд олон ажил зохиосон. УИХ-аас гарч буй тогтоол шийдвэр нь шинжлэх ухаан ч, түүний ололт, дүгнэлтэд үндэслэсэн байх ёстой гэж ойлгодог. Тэр ч үүднээс манай байнгын хороо эрдэмтэдтэй нягт хамтарч ажиллан, гарч буй бодлого шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгүүлэх,аливаа асуудалд шинжлэх ухаан ч талаас нь хандахыг илүү эрхэмлэдэг.
Манай байнгын хороо гэхэд л Эрүүл мэндийн даатгалын хууль, Жендэрийн эрх тэгш байдлын хууль, Эрүүл мэндийн хуулийг шинэчлэн батлахад энэ салбарын эрдэмтдийн дунд удаа дараа хэлэлцүүлэг өрнүүлж тэдний санаа бодол, дуу хоолойг сонсож тунгааж байж хуулиа гаргасан.
Нийгмийн салбарын шинжлэх ухаан улс орны хөгжилд ямар үүрэгтэй вэ сэдвээр ШУА-тай хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөмж гаргалаа. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн манай улсын хувьд шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачдын хоорондын ажлын уялдаа маш чухал. Эрдэмтдийнхээ мэргэн оюуныг төрийн бодлогод тусгах тал дээр бодлогын шинэ түвшинд хүрч ажиллах болно" гэлээ.
Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Д.Төмөртогоо, "Монгол хэл зохиол судлал 90 жилд", Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун "Монголын түүхийн судалгаа: Түүх ба хандлага", Археологийн хүрээлэнгийн захирал, профессор Д.Цэвээндорж "Монголын археологийн ухаан 50 жилд", ФСЭХ-ийн захирал Ж.Амарсанаа "Монголын нийгмийн хөгжлийн философи, социологи, улс төр, эрх зүйн асуудал", Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, профессор Л.Хайсандай "Олон улс судлалын хүрээлэн: ШУА-ийн 50 жилд" зэрэг илтгэлийг тус тус тавьж хэлэлцүүлэв. Эрдэмтэд илтгэлдээ өөр өөрийн салбарын ололт амжилтыг дурьдахын сацуу санаа оноо авахаар, залуу эрдэмтэн судлаачдад хэрэг болохуйц, төр засгийн бодлого шийдвэрт тусгахаар олон асуудлыг хөндлөө.
Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Д.Төмөртогоо илтгэлдээ,
-Хэл зохиолын хүрээлэн бол Монгол үндэстний хэл, соёлын судлалыг дагнан эрхэлсэн цорын ганц байгууллага, төдийгүй, монгол судлалын нэр хүндтэй төв байсаар ирсэн. Бидний үйл ажиллагааны чиг зорилго нь бүх нийтийн бичгийн боловсрол, хэлний соёлыг дээшлүүлэхээс аваад төрөлх хэлнийхээ бүтэц тогтолцоо, түүний түүхэн хувьсал, бичиг соёлын үнэт дурсгалууд, аман хийгээд бичгийн утга зохиолын хэлхээ холбоо, уламжлал шинэчлэлийн асуудлыг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судлахад чиглэгддэг. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд эх хэлнийхээ авиазүйн тогтолцоо, үгийн бүтэц, хэлзүйн хэлбэр, үгсийн сан, хэл найруулга, дурсгал бичгийн судлал болон аман ба бичгийн уран зохиолын уламжлал, шинэчлэл, харилцан хамаарал гэх зэрэг өргөн хүрээтэй судалгаа хийж, олон томоохон бүтээлийг нийтийн хүртээл болгосон.
Манай хүрээлэнгийн эрдэм судлалын бүтээл нь Судар бичгийн хүрээлэнгийн "Дуун ухааны тасаг"-аас эхтэй бөгөөд анхны бүтээлүүд нь үндэснийхээ бичиг үсгийг дэлгэрүүлэх, уламжлалт бичиг соёлоо танилцуулахад чиглэгдэж байжээ. Хэл зохиолын хүрээлэн бол олон улсын монгол судлалын нэгэн томоохон төв төдийгүй, Монгол хэл, утга соёлын судлалыг хөгжүүлэх талаар тодорхой үүрэг хүлээсэн байгууллага. Тийм учраас бидэнд урьд өмнө хийснээсээ илүү хойшид хийх зүйл илүү чухал байна.
Бидний цаашдын зорилт бол эх хэлнийхээ бүтэц тогтолцоо, хэлбэр, үүргийг хүн төрөлхтний хэлний нийтлэг шинж, түгээмэл хэл зүйн үүднээс авч үзэх, орчин цагийн монгол хэлний хөгжлийн янз бүрийн үе шатны онцлог шинжийг хадгалсан эртний бичгийн дурсгалууд болон эдүгээгийн амьд хэл аялгуунуудын бүтэц, тогтолцоог түүхэн үүднээс харьцуулан судлахад оршиж байгаа юм. Онолын тодорхой мэдлэгүүдээс болж, хэлний үзэгдлийг өрөөсгөлөөр тайлбарлах, эх хэлнийхээ бүтэц тогтолцоог хүн төрөлхтний хэлний түгээмэл шинжээс салгаж авч үзэх, урьд өмнө гадаадын эрдэмтдийн хийсэн судалгааны бүтээлүүдийг уншиж үзээгүйгээс тухайн нэгэн сэдвийг дахин судлахад хүрэх, эсвэл өмнө гарсан үр дүнгээс доогуур төвшний судалгаа гарахад хүрдэг. Тийм учраас орчин үеийн хэл шинжлэлийн төвшинд чанартай сайн бүтээл хийхийн тулд юуны өмнө, орчин үеийн хэл шинжлэлийн онол, арга зүй, ялангуяа хүн төрөлхтний хэлний нийтлэг тогтолцоо, түгээмэл хэлзүйн онол, хэлний хэв шинжийн онол, түүхэн хэл шинжлэл, авианы хувьслын онол, угсаатны хэл шинжлэл, компьютер хэл шинжлэл, цаашилбал дискурсийн анализ, когнитив хэлзүйн тухай тодорхой мэдлэг зайлшгүй шаардлагатай байна гэлээ. Амьдралаас ажиглан харахад сэдэвт ажлыг гүйцэтгэж байгаа өнөөгийн арга хэлбэр нь эрдэм шинжилгээний ажилтнууд тухайн салбарынхаа "тулгамдсан асуудал" гэсэн сүржин нэртэй, даржин сэдвийг батлуулж аваад, түүнийгээ тасаг сектороороо хамтран гүйцэтгэх нэрийн дор бүтэн 3 жилийн хугацаанд хоёр, гуравхан өгүүлэл, сэдэвт ажлын ганц нэг бөлөг хэсгийг бичих төдийхнөөр хялбархан өнгөрөөх боломжийг олгож байна. Өнөөдөр бид өндөр мэдлэг чадвартай сайн ажилтныг гаднаас олох боломжгүй тул их сургуулиудтай нягт хамтран ажиллаж, өсөх ирээдүйтэй сайн оюутныг сонгон олж, тусгай хөтөлбөрөөр сургаж, магистр, докторын төвшний сургалтыг нь гардан удирдах арга замаар залуу судлаачийг бэлтгэх нь зөв зүйтэй. Манай зарим эрдэм шинжилгээний ажилтнуудын цаг ашиглалт муу, албан ёсны хоёр амралтын өдөртэй, дээр нь номын сангийн өдөр нэртэй бас хоёр амралтын өдөртэй, ажил дээрээ ирж суудаг гурван өдрийн 24-н цагийнх нь ашиглалт ч гэсэн нягтрал багатай байгаа нь нууц биш. Мэдээж миний энэ үг бүх хүнд хамаарахгүй боловч бараг өдөр бүр нүдэн дээр ил харагдаж байгаа үнэн бодит баримт Эцэст нь хэлэхэд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг судалгаандаа бүтээлчээр хэрэглэж, эх дэлхийнхээ бүтэц, тогтолцоо, утга соёлынхоо баялаг уламжлалыг даяаршиж байгаа ертөнцийн чиг хандлагатай нягт уялдуулан бүс нутаг, тив дэлхийн хэмжээнд авч үзэх бодит шаардлага бидний өмнө тулгарч байгааг сануулж хэлье" гэв.
Философи социологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ж.Амарсанаа:
-Манай улсад философи, социологи, улс төр, хууль зүйн шинжлэх ухаан XX зууны 60-аад оноос ШУА-ийн харьяанд бие даасан нэгж байгууллага хэлбэрээр үүсэж хөгжсөөр 40 гаруй жил болжээ. Дэлхийн улс орнууд өөрийн уламжлалт философийг ихээхэн сурталчлах болжээ. Сүүлийн үед Азийн философийн уламжлал гэсэн сэдвийн хүрээнд Хятад, Япон, Солонгос, Энэтхэгийн философчид уламжлалт философио өрнөдийн философийн үзэл баримтлалтай харьцуулах замаар эдүүгээчлэн тайлбарлаж байна. Иймээс бид энд өөрийн байр сууриа эзлэх хэрэгтэй юм. Энэ үүднээс Монголын философи сэтгэлгээний түүхийг судлан боловсруулах, буддын сэтгэгчдийн түвд хэл дээрх бүтээл туурвилд эрдэм шинжилгээний тайлбар хийж, монголын буддын философи, уламжлалт экологийн философийг дэлхий дахинд таниулах зорилт дэвшигдэж байна.
Энд зориуд онцлон тэмдэглэхэд Үндсэн хуулиа тогтвортой байлгахыг эрхэм зорилго болгох ёстой. Үндсэн хуулийн тогТвортой байдлыг хангах нь улс орон, үндэсний аюулгүй байдалд ашиг тустайг онцолсон ерөнхийлөгчийн байр суурийг дэмжих нь зүйтэй. Энэ байр суурийг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч дэмжих нь зүйн хэрэг. Улам нарийн төвөгтэй болсоор буй зөрчилдөгч түмэн зүйлийн харилцааг нийтлэг арга замыг нь олж хэтийн хандлагад тохирсон зөв гольдролд оруулж, тохируулдаг хамгийн хүчтэй хэрэглүүр нь сайтар боловсрогдсон хууль, эрх зүйн хэм хэмжээ мөн гэж санаа амарч болохгүй. Харин тэр сайн хуулийг зөвөөр ойлгож зохион байгуулж биелүүлдэг Засгийн газар, яам, түүний орон нутгийн байгууллага, хууль барьж шударгаар ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчид, элдэв зөрчил гажуудлаас сэргийлж, манаж, шаардлагатай бол албадан хангадаг хүчний байгууллагууд, хэрүү маргааныг цаг тухайд нь шийдэж эвэнд оруулдаг шударга шүүх хэрэгтэй. Энэ бүхний цаана иргэд, ард түмэн бий. Тэд хүсэл зорилгоо хууль болгон өргөмжлүүлж, түүнийг ёсчлон биелүүлдэг албадад хатуухан хяналт тавьж тооцдог бүрэн эрхтэй. Энэ бол бүхэлдээ иргэний нийгэм. Нийгмийн амьдралын томоохон үзэгдэл, үйл явц, хөгжлийн урт хугацааны явцад учрах эрсдэлийг даван туулах арга замыг цогцоор нь судлах явцыг цаашид үргэлжлүүлж хэвшүүлэх зорилго тавьж байна гэлээ.
Сонирхол татсан бас нэг илтгэл бол Олон улс судлалын хүрээлэнгийн илтгэл байв. Тус хүрээлэнгийн эрхэм зорилго Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийг улс төр дипломатын аргаар хангах, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх гадаад таатай боломж нөхцөлийг бүрэлдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах талаар онолын суурь судалгаа явуулахад оршиж байгаа. Судалгааны үндсэн чиглэл нь хөрш.ОХУ, БНХАУ-ын улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд гарч буй хөгжил түүний Монголд үзүүлэх нөлөө хамаарлын асуудал. Монгол улс ба өрнө, дорнын хөгжингүй орнуудын хоёр талын оролцоо, даяаршил ба үндэсний эрх ашиг, монголын гадаад харилцааны түүхийн судалгаа. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд Буцалтгүй тусламж, зээлийн харьцааг оновчтой болгох, хөгжлийн албан ёсны тусламжийн талаар судалгаа хийжээ. Жишээ нь «Японы хөрөнгө оруулалт, зээл, тусламж түүний үр ашиг" судалгаа хийжээ. Гадаадын олон орноос зээл, тусламж их хэмжээгээр хүлээн авч түүний ашиг, ашиглалтын талаар тодорхой мэдээлэл, дүгнэлт хомс байгаа өнөөгийн нөхцөлд манай улсын хамгийн том хандивлагч Японы зээл тусламж, хөрөнгө оруулалтын байдлыг сонгон авч зохих түвшинд судалгаа хийснээрээ шуурхай шинжтэй, түүгээрээ ч уншигч олны сонирхлыг татаж, өндөр үнэлэлт авч байгаа хэмээн дурдав. Японоос зээл тусламж авахдаа экспортонд гаргах бүтээгдэхүүний үйлдвэрүүд байгуулах, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх нь чухал гэх зэрэг тодорхой санал дэвшүүлснээрээ энэ судалгаа нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой бүтээл юм хэмээн тус хүрээлэнгийн илтгэлд онцлов. Ийнхүү эрдэмтдийн санал санаачилга, дуу хоолой, шийдвэр гаргагчдын төвшинд хүрч улс ардын аж ахуй, улсын хөгжилд хэрхэн боди биеллээ олохын ач холбогдлыг өгүүлсэн эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөв. Хуралд ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ШУА-ийн Нийгмийн салбарын бага чуулганы дарга Б.Жамбаа, эрдэмтэн судлаачид оролцов.
Эх сурвалж:Монцамэ Д.Догсмаа