Бизнес эрхлэхэд таатай орнууд
Бизнес эрхлэхэд хамгийн таатай 50 орныг “Bloomberg” нэрлэлээ. Хонконг, Нидерланд, АНУ, Их Британи болон Австрали зэрэг орон уг жагсаалтыг тэргүүлжээ. Эдийн засгийн интеграцийн түвшин, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн эсэх, дэлхийн зах зээлээс хамааралтай эсэх, бизнес эрхлэхийг дэмжих, ажиллах хүч болон түүхий эдийн үнэ, бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх зардал, хэрэглэгчдийн худалдан авах чадвар, авлига хээл хахууль газар авсан, эсэх зэрэг үзүүлэлтэд үндэслэн 160 орны рейтингийн жагсаалтыг гаргажээ. Рейтинг гаргахын тулд олон улсын судалгааны байгууллагууд, хараат бус шинжээчдийн ирүүлсэн тоо баримт, дүгнэлтийг ашигласан гэдгээ “Bloomberg” онцолсон байна.
Хонконг
БНХАУ-ын тусгай бүс болсноос хойш 15 жилийн хугацаанд анх удаа Хонконг эл жагсаалтыг тэргүүлж буй аж. Хятад руу орох хаалга хэмээгддэг энэ бүсэд “General Electric”, HSBC зэрэг томоохон компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тэнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 16.5 хувь байдаг нь АНУ-ынхтай харьцуулбал хоёр дахин бага гэсэн үг юм. “Дэлхийн хамгийн олон хүнтэй улс руу орох хаалга бол Хонконг. Том зах зээлтэй, асар их потенциалтай энэ оронд үйл ажиллагаагаа явуулахаар дэлхийн томоохон компаниуд тэмүүлж байна. Ийм үед Хонконг татварынхаа хэмжээг бууруулж, хөрөнгө оруулагчдыг өөртөө татах орчин бүрдүүлж буй нь хамгийн оновчтой алхам юм” хэмээн “Nomura Holdings”-ын Азийн эдийн засгийн судалгааны төвийн тэргүүн Томо Киношита онцолжээ. Тухайлбал, “General Electric ” Азид салбараа нээхдээ Хятадад ойрхон, амьдралын түвшин дээгүүр, дэд бүтэц сайтай, мөн татвар бага тул Хонконгийг сонгосон хэмээн шинжээчид үзэж буй. Долоон сая гаруй хүн амтай Хонконгийн ДНБ нь 2011 оны байдлаар 254 тэрбум ам.доллар хүрсэн байна.
АНУ
Байгалийн баялаг, эрдэс, түүхий эдээр баялаг, дэвшилт технологи хөгжсөн, дэд бүтэц сайтай АНУ энэхүү жагсаалтын эхэнд бус, гуравдугаарт бичигдэх болсон шалтгаан нь өндөр татвартай холбоотой юм. Аж ахуйн нэгжийн орло гын албан татвар Америкт 36 хувь байдаг аж. Гэхдээ байдал удахгүй өөрчлөгдөж магадгүй нь. Америкийн эрх баригчид татварыг багасгах, за рим компанид татварын хөнгө лөлт үзүүлэх хуулийн төслийг хэлэлцжээ. Америкийн гадаад өр их, ажиллах хүч “үнэ тэй” зэрэг сул тал нь тэнд бизнес эрхлэхэд саад болдог байна.
Нидерланд
Мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй, дэд бүтэц сайтай, инфляц болон ажилгүйдлийн түвшин нь бага, түүнийгээ дагаад иргэдийн худалдан авах чадвар сайн гэсэн үндэслэлээр Нидерланд улс бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Түүнээс гадна таван боомттой энэ улсад “Royal”, “Dutch/Shell”, “Unilever”, “Royal Philips Electronics” зэрэг олон улсын хэмжээнд нэрд гарсан компаниудын штаб байдаг. Машин техник, цахилгаан бараа, нефтийн үйлдвэрлэл сайн хөгжсөн Нидерландын ДНБ нь 862.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй.
Латин Америкийн улсуудаас бизнес эрхлэхэд хамгийн таатай орон Чили, Ойрхи Дорнод болон Африкаас Арабын нэгдсэн Эмират улс, Европоос Польш хэмээн шинжээчид онцолжээ. Дашрамд сонирхуулахад, бизнес эрхлэхэд таатай орнуудын жагсаалтыг “Forbes”, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорациас мөн гаргадаг билээ. Өнгөрсөн онд тус байгууллагуудаас гаргасан рейтингийн жагсаалтыг Сингапур тэргүүлж, Хонконг, Шинэ Зеланд, АНУ, Дани удаалсан юм. Харин бизнес эрхлэхэд таагүй улсаар Конго, Төв Африк, Чад зэрэг орон нэрлэгджээ.
Х.Од
Эх сурвалж
Өнөөдөр сонин