Өнөөдрөөс эхлээд Санхүүгийн тайланг хагас жилээр, онлайнаар авдаг болж байна
2012.03.30

Өнөөдрөөс эхлээд Санхүүгийн тайланг хагас жилээр, онлайнаар авдаг болж байна

“Мэдээлэл солилцох тухай зөвлөгөөн” Сангийн Яамны “Түшээ” танхимд амжилттай болж өндөрлөлөө.Зөвлөгөөнд Сангийн сайд Д.Хаянхярваа, дэд сайд Ч.Ганхуяг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав болон Сангийн Яам, Монгол банк, Үндэсний статистикийн хороо, Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо,Технологийн Газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Арилжааны банкууд, Банкуудын холбооны холбогдох албан тушаалтнууд мөн 30 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна. Оролцогсод Сангийн яам, татвар, гаалийн мэдээлэл солилцох тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын өөрчлөлт шинэчлэлт, Санхүүгийн болон татварын тайлан, гаалийн бүрдүүлэлтийг хийх ажлыг хөнгөвчлөх, Төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдал сэдвүүдээр санал солилцлоо.

Сангийн сайд Д.Хаянхярваа зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ: ...татварын тайлан авдаг тогтолцоог бид мэдэх юм. Олон жил тооны машинтайгаа тайлангаа гараар барьж ирдэг байсан. Өнөөдөр бид тэр сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Хууль дүрмийн дагуу цаасан тайлангаа авчир гэж шаарддаг. Маш их хүндрэлтэй үйл ажиллагаа явагддаг гэдгийг ойлгож байгаа. Аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахын зэрэгцээ өөрсдөдөө асар их ажлын ачаалал бий болгодог энэ тогтолцооноос бид салах ёстой.

Сангийн сайдын эрх, үүргийн хүрээнд гаргасан дүрэм журмыг өөрчлөх шаардлагатай бол бид хийх ёстой. Монгол Улсын хэмжээнд тайлан баланс хүлээн авдаг ажиллагаа аль болох хөнгөн шуурхай хийгдэх ёстой. Харин энэ явцад татварын орлогоо нуун дарагдуулсан, тайлан баланс худлаа гаргасан тохиолдолд тооцох хуулийн хариуцлагыг чангатгах ёстой. Бид маш их ярьдаг харин хийж байгаа зүйл нь тун бага байна. Өнөөдрийн энэ зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг ажил хэргээрээ ард түмэндээ харуулах ёстой... гээд зөвлөгөөны үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Зөвлөгөөнд олон хүн илтгэл, танилцуулга хийсэн бөгөөд Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр хэлсэн үгэндээ: ...төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, нуугдмал орлогыг ил болгох, Татварын хуулийг нэг мөр дагаж мөрдүүлэн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Төрийн байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцох, орчин үеийн мэдээллийн технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. ГЕГ-тай мэдээлэл солилцох технологийн шийдэлийг боловсруулан шууд холболтыг хийсэн. 5-р сард СЯ-тай мэдээлэл солилцох шинэ горимд шилжихээр төлөвлөн ажиллаж байна. Дараагийн шатанд Монгол банк, Арилжааны банкууд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, АМХЭГ зэрэг 40 гаруй байгууллагуудтай 2012-2013-онд үе шаттай холбогдох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тоон гарын үсэг ашиглан татварын тайланг цахимаар авахаар бэльгэл ажил, тест хийгдэж байгаа ажлын явцын талаар танилцуулав. Сангийн дэд сайд Ч.Ганхуяг зөвлөгөөнийг дүгнэж: ...Өнөөдрөөс эхлээд Санхүүгийн тайланг хагас жилээр, онлайнаар авдаг болж байна. Ирсэн мэдээллийг илүү хугацаанд шалгах, нягтлах боломж гарч байна. Журманд өөрчлөлт орж байгаа.

Энэ бол өнөөдрийн хурлаас гарч байгаа татвар төлөгчдийн ажлыг хөнгөвчлөх чухал ажил боллоо. Өнөөдөр цахимаар тайлан авдаг боллоо гээд нөгөө талд нь үүрэг хариуцлага өндөрсгөх ёстой. Харин тайлан өгсөн захирал, нягтлан бодогч дээр алдаа гарвал хариуцлага ноогдож очно. Цаг хугацаанд нь чанартай аудит хийлгээрэй, аудит хийсэн компани нь хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой. Сангийн яам зөвхөн тайлан тулгаж суудаг биш түүний мөрөөр үнэн зөвийг тогтоох ажлуудыг илүү чанартайгаар хийх ёстой. Татварын тайланг бол улирал бүр өгнө.

Онлайнаар шуудангаар, шуудангийн хайрцагаар, цаасаар өгнө. Өнөөдрийн зөвлөгөөн манай хөгжлийн хөдөлгөгч, гол хүч болсон хувийн хэвшлийн байгууллагуудад үр дүн нь мэдрэгдэж эхлэх амжилттай боллоо.. хэмээн дүгнэлээ.
Эх сурвалж
Сангийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.