Геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ ихэсчээ
2012.03.30

Геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ ихэсчээ

“Монголын геологи, хайгуул 2012" чуулга уулзалт өчигдөр МҮЭСТО-д эхэлсэн. Уул уурхайн хөгжлийг тодорхойлогч 70 жилийн түүхтэй энэ салбарынхан уг чуулганыг 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ удаагийн уулзалтын онцлог нь гадаад дотоодын компаниуд, ханган нийлүүлэгчид оролцож бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулж олон улсын төлөөлөгчид уригдсанаараа онцлог юм.

Чуулганыг нээж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нээж үг хэлэхдээ, “Анхны буюу “Монголын геологи-хайгуул 2009” чуулга уулзалтаас хойш геологи, эрдэс баялгийн салбарт олон шинэ өөрчлөлт, ахиц, дэвшил гарчээ. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, эрдэс баялгийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг 2011 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.

Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд Монголын геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох талаар санал тусгагдсан. Улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэхийн хэрээр судалгааны олон шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуулын ажил эрчимтэй явагдаж, эрдэс баялгийн нөөц өсөн нэмэгдсээр байгаа нь геологич, хайгуулчин та бүхний гавьяа билээ” гэлээ.

Мөн геологийн салбарын хөрөнгө оруулалтын болон эрх зүйн орчинг улам сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх; гадаад, дотоод зах зээлийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд тулгуурлан байгаль орчинд ээлтэй ажиллах зэрэг нөхцөл, шаардлага тавигдсаар байгааг онцлов.

Энэхүү чуулганыг ЭБЭХЯ, АМГ, МХЕГ, "Монголын Үйлдвэрлэлийн Геологичид" Холбоо, Монголын Геологийн Холбоо, ШУТИС-ийн Геологи, Газрын Тосны Сургууль, МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль, Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, Монголын Геофизикчдын Холбоо, ШУА-ийн Геологи-Эрдэс Баялгийн Хүрээлэн, Палеонтологийн Төв хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр, шинээр “Монгол улсын алдарт геологич” хэмээх цол өргөмжлөлийг гардуулах ёслол болж Тавантолгойн ордыг нээж, тэнд ажиллаж байсан геологчдод ЭБЭХ-ний сайд Д.Зоригт өргөмжлөлийг гардууллаа. Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтаар цаашдын ажилдаа шинэ санаа гаргах, шийдвэрлэх асуудлын зөвлөмж гаргах бөгөөд Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудал зэргийг хөндөх юм. Чуулга уулзалтын хүрээнд "Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис" үзэсгэлэн, "Монгол орны байгаль хайгуулчдын дуранд" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг оролцогчдоос гадна иргэд сонирхон үзэж байлаа.

Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан тогтоох, тэдгээртэй холбоотой үүссэн ашигт малтмалуудыг олж илрүүлэх, тэдгээрийн тархалт, зүй тогтол, хэтийн төлвийг судлан нутаг дэвсгэрийн геологийн судалгааны түвшинг дээшлүүлж Монгол орны геологи-эрдэс баялгийн мэдээллийн санг баяжуулж, эрдэс баялгийн потенциалийг өсгөн нэмэгдүүлэх, ингэснээр ирээдүйн уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр жил бүр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ.

Үүний дагуу 2010 онд 4,0 тэрбум төгрөгөөр 35 төсөл хэрэгжүүлж байна. 2011 онд Улсын төсвийн хөрөнгөөр Геологийн судалгааны ажлыг 6,8 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.