Аялал жуулчлалын бүс нутагт уул, уурхайн лиценз олгохгүй байхыг хүслээ
Аялал жуулчлал-ХХI'' зуун үндэсний чуулган энэ сарын 23-нд Төрийн ордонд боллоо.
БОАЖЯ-аас зохион байгуулсан энэ удаагийн чуулганд аймаг, нийслэл, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 700 орчим төлөөлөгч оролцож, тулгарч буй бэрхшээлүүдийг хөндсөний зэрэгцээ цаашид аялал жуулчлалыг эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг болгохын тулд бодлогын төвшинд ямар эрх зүйн зохицуулалт хийх, хувийн хэвшлийнхэн хэрхэн биенээ нөхөж ажиллах шаардлагатай, боловсон хүчнийг бэлтгэхэд их, дээд сургуулиуд хэрхэх зэрэг асуудлыг ярилцсан юм.
Зөвлөгөөнд оролцогчид аялал жуулчлалын салбарт зарцуулах төсвийн орлогыг 2013-2015 онд таван тэрбум төгрөгт хүргэх, бүс нутагт уул уурхайн хайгуулын хийгээд ашиглалтын лиценз олгохгүй байх, зэрэг асуудал багтсан зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт зөвлөмж хүргүүлэхээр тогтсон байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхийн ДНБ-ний тав гаруй хувь, нийт экспортын зургаа орчим хувийг энэ салбарт ажиллагсад бий болгож байна. Жуулчдын тоо өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 980 саяд хүрсэн бол энэ онд мөн өсөн нэмэгдэж нэг тэрбумд хүрэх тооцоо гарчээ.
Тэгвэл Монгол Улсын хувьд аялал жуулчлалаас олох ашиг орлого өсч байна. Сүүлийн гурван жилийн байдлаар Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувиар, аялал жуулчлалаас олсон орлого 32.5 хувиар өссөнийг Монгол Улсын Ерөнхий сайд чуулганд оролцох үеэрээ тэмдэглэлээ. Ингэснээр тус салбарын нийт орлого 282 сая ам.доллар болж, ДНБ-ний дөрөв орчим хувийг эзлэх болсон аж. Мөн түүнийг дагаад энэ салбарт нийт 25 мянга орчим ажлын байр бий болжээ.
БОАЖЯ-аас гаргасан судалгаагаар Монгол Улсад өнгөрсөн жил 457,514 жуулчин хүрэлцэн иржээ. Орнуудаар нь авч үзвэл Хятад улсаас 198191, ОХУ-аас 102733, БНСУ-аас 43994, Япон 14988, АНУ 15423, Герман 8545, Франц 7570, Их Британи 7120, Казахстан 7913, Австралиас 7093 жуулчин тус бүр зорин иржээ.
Цаашид харин жуулчдын тоог өсгөж эдийн засагт оруулах бодит өсөлтийг бий болгохын тулд дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал аж. Тухайлбал, нэн тэргүүнд авто замыг хөгжүүлэх хэрэгтэй төдийгүй агаарын тээвэр хөгжөөгүй нь зорчин ирэхэд хамгийн том бэрхшээл дагуулж буйг жуулчид гомдоллодог байна.
Нөгөөтэйгүүр аялал жуулчлалын компаниуд томрох шаардлагатай, үүний тулд тэдгээрт төрөөс татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй төдийгүй аялал жуулчлалын тодорхой бүс нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгодоггүй байх зэрэг саналуудыг зөвлөгөөнд оролцогчид гаргаж байлаа.