АН төрийн жолоо атгахыг Өлзийтчүүд ерөөлөө
“Цөөхүүлээ хөлжих үү, Олуулаа хөгжих үү” гэдэг асуултад Баянхонгорчууд нэгэн дуугаар “Олуулаа хөгжих нь зөв” гэж хариулж байна. УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, Техник импорт компанийн ТУЗ-ийн дарга Д.Ганбат нар өчигдөр тус аймгийн Өлзийт сумын төв болон хөдөөгийн гурван багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон юм.
Өлзийт сумын төвөөс эхэлсэн уулзалтаа дуусгаад гуравдугаар багийн нутаг Нарийн гол гэдэг газар очиход бөөн хар үүл хуралдаж бороо орсон нь чийг амсаагүй газар дэлхий, хур үзээгүй Хонгор нутгийнхны хувьд тун их бэлгэшээж байв. Хуртай хүн хурнаар гэдэг хоёр нэр дэвшигч маань хур дагуулж ирж, ган гачиг тайлагдах эхлэлийг тавилаа хэмээн малчид бэлгээшээлтэй угтаж авса юм. Уулзалтаар иргэдийн сонгогчдоос асууж байгаа гол асуулт нь эх орны хувь хишиг, хувьцаа, шударга ёсны төлөө хийж буй тэмцлийн талаар асууж тодруулж байсан юм. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танаас уучлал гуйсан уу гэдэг асуултыг уулзалт хийсэн хүн болгон асууж, үнэхээр шударга үнэний төлөө МАН нам гэх том бүлэглэлийн өмнөөс ганцаардаж байгаа Х.Баттулга гишүүнд хань болж, өмөг түшиг болох анд найз, журмын нөхөр хэрэгтэй байгаа. Тиймээс нэр дэвшигч Д.Ганбатыг энэ сонгуульд ялуулах нь зүйтэй гэдгийг Өлзийт сумын иргэд хэлж байлаа. Мөн иргэдийн зүгээс хоёр нэр дэвшигчид, “Х.Баттулга гишүүн бол манай аймгаас хоёр ч удаа сонгогдсон. Шилдэг улс төрч.
Улс эх орон, унасан газар угаасан усандаа сэтгэл зүрхнээсээ хандаж өөриймсгөөр бүтээн байгуулалт өрнүүлж, сонгууль болгоноор хий хоосон амлалт байсан зүйлийг бодит ажил болгож чадсан” гэж урамшуулж байв. Харин нэр дэвшигч Д.Ганбатад, “Өмнөх сонгуульд нэр дэвшээд сонгогдож чадаагүй ч нутаг орноо гэсэн сэтгэлээ орхилгүй явж байгааг харахад итгэж болох хүн байна. Энэ хүн өөрийнхөө төлөө бус өрөөл бусад, цаашлаад Баянхонгорчуудын төлөө гэсэн сэтгэлээр ажиллана гэдэгт итгэлтэй” байна гэж сайшаал магтаалыг уран болоод чанга хатуу үгээр сануулж байлаа. Хоёр нэр дэвшигч маань эхлээд Өлзийт сумын төвийн иргэдтэй уулзаж санал сэтгэгдэл сонссон. Иргэдийн хувьд хоёр нэр дэвшигчийг гоочилж, өө сэв хайхаасаа илүүтэй, дэмжлэгийн үгээр урамшуулж хийх ажилд нь амжилт хүсч байсан юм.
Өлзийт сумын нэгдүгээр багийн иргэн М.Содномсамбуу:
Энэ хоёр хүн хийсэн юмтай, ярих юмтай, дуурсах алдартай. Энэ хүмүүсийн нутагтаа хийсэн ажлыг бид мэднэ, хийх ажлыг нь ч чамгүй л сонсож байна. Гэхдээ бидэнд хамгийн чухал нь эх орон хүрээлэн буй орчин чухал байна. Монголчууд бид байгаль эх дэлхийгээ зөв ашиглах ёстой. Гэхдээ зөв бодлого боловсруулж зөвхөн өнөөдөр бид бус ирээдүйд үр хүүхдүүд маань үүний үр шимийг хүртэж бүрэн бүтэн сайхан байгальтай амар тайван амьдрах ёстой. Ингэхийн тулд өнөөдрийг бус маргаашийг харж, ирээдүйн сайн сайхныг хардаг ухаантай хүмүүсийг төрийн эрх барих дээд байгууллагад гаргах цаг болсон. Түүнээс сэтгэж, боддоггүй, хүний хийсэн зүйлийг өөрийн болгож ярьдаг, хуурамч хулгайч хүн хэрэггүй.
Өлзийт сумын зургадугаар багийн иргэн С.Батсуурь:
Х.Баттулга гишүүний эхлүүлсэн ажлыг монголын ард түмэн мэднэ. Аймаг орон нутгийн болоод улс орон даяар өрнүүлсэн сайхан ажил бий. Гэтэл үүнийг нөгөө намынхан хулгай хийгээд үргэлжүүлэх бус харин ч эсэргээр нь ашиглаж, эхлүүлсэн ажлыг нураахыг оролдож байна. Тэд хүний юмаар хүйдэгнэж шоудах эрхгүй гэдгийг хэлэх ёстой. Хоёрдугаарт, Өлзийт суманд хайгуулын лиценз нэрээр айлын өвөлжөө бууц, худаг усыг нь ухаж төнхдөг боллоо. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдын хүнд суртал, данхар бүтэц иргэдийг их чирэгдүүлж байна. Хэрэв хоёр нэр дэвшигч маань сонгогдож чадвал энэ бүхнийг цэгцэлж өгнө гэдэгт итгэж байна. Үүний төлөө бид та хоёрыг дэмжинэ.
Өлзийт сумын гуравдугаар багийн иргэн Х.Тунгалаг, Ц.Цагаан нартай Нарийн голд болсон уулзалтын үеэр ярилцлаа.
-Сайхан зусч байна уу?
-Сайхан зусч байна.Хоёр нэр дэвшигч маань хур дагуулж ирлээ. Ойрд бороо үзээгүй малд хүртэл сайхан байна.
-Уулзалт хийгээд явж байхад малчдын амьдрал муу байна. Төрийн бодлого шийдвэр малчдад хүрэхгүй байна гэх шүүмжлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?
-За яахав дээ. Хүн хүний л бодол. Нэг үеэ бодвол хөдөөгийн малчид бидэнд хөгжил ойртож л байна. Амьдрал хүнд байгаа нь ч бий л байх. Гэхдээ л нэг үеийг бодвол бид чинь хувийн малтай, түүнийхээ ашиг шимийг өөрсдөө л хүрдэг боллоо шүү дээ.Төрийн бодлого шийдвэрч гайгүй цаг хугацаандаа хүрч байна. Багийн дарга болон телевиз радиогоос цаг үеийн мэдээлэл сонсч л байгаа.
-Малын гаралтай түүхий эдийн үнэ өсөхгүй байна. Үүнээс болж малчдын амьдрал доройтож байна гэх?
-Түүхий эдийн үнэ төдийлэн тогтвортой байж өгөхгүй байна. Ноолуур л гэхэд Хятадууд авахаар үнэд хүрдэг, үндэсний аж ахуйн нэгжүүд үнэд хүргэхгүй байгаа. Малчид бид улирлын чанартай жилдээ хоёр удаа л бэлэн мөнгөний бараа хардаг хүмүүс. Нэг нь ноолуурын үе. Энэ үед нь ноолуур тогтмол ханштай байж өгөхгүй байгаа нь үнэн. Бид махаа яг үнэндээ 3800 төгрөгөөс дээш үнэтэй өгч үзээгүй. Гэтэл хотод 7000 хүрлээ гэж ярих юм. Дундаас нь ченжүүд л баяжиж байна. Үүнд төрийн бодлого дутмаг байгаа юм болов уу гэж боддог.
-Хоёр нэр дэвшигчийн хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Энэ хоёрыг дэмжиж байгаа. Тэр дундаа Баттулга гишүүнийг хонгорчууд маш их дэмждэг. Бидний төлөө ажиллаж байгаа хүн. Харин Ганбат гэдэг хүн өнгөрсөн сонгуулиар гарч чадаагүй ч гэсэн нутаг орон, иргэдийнхээ төлөө байнга л явдаг хүн. Тиймээс энэ хоёр хүн гарч, АН төрийн эрх баривал бидний амьдрал өөрчлөгдөх байх гэдэгт найдаж байна.