Монгол Германы хамтарсан уул уурхайн академийг байгуулна
2011 оны 10 дугаар сард Холбооны канцлер А.Меркелийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ЭБЭХ дэд сайд Ц.Гарамжаваар удирдуулсан Монгол Германы Засгийн газрын ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д анх удаа хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болов.Ажлын хэсгийн хуралдааныг Монголын талаас Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, Германы талаас ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн яамны төрийн нарийн бичгийн дарга доктор Хайтцер нар хамтран удирдав. ХБНГУ-ын Холбооны Эдийн Засаг, Технологийн яаманд болсон тус хуралдаанаар харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, ялангуяа доорхи чиглэлүүдэд онцгой анхаарч ажиллахаар харилцан тохиролцов.
Үүнд: Монголын геологи, хайгуул, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, Монгол Улсад нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх, Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Хөдөө аж ахуйн салбарт Агро Комплекс жишиг аж ахуйн нэгжийг байгуулах, Байгаль орчны салбарт хамтран ажиллах, Боловсролын салбарт Монгол Германы хамтарсан уул уурхайн академийг Монголд байгуулах, Монгол Улсын мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах зэрэг болно.Хуралдааны үеэр Холбооны Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны төслийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн ноён К.Супп Хөгжлийн бодлогын Сангаар дамжуулан нийтдээ 26 сая еврогийн тусламжийг Монгол улсад төсөвлөсөн ба үүний 15 сая еврог Байгаль орчны чиглэлийн төслүүдэд төлөвлөөд байгаа тухай мэдээллээ.
Энэхүү буцалтгүй тусламжийг саяхан ХБНГУ-ын Бонн хотод болж өнгөрсөн хоёр орны эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны хуралдаанаар шийдвэрлэгдэж, баталгаажсан байна.Түүнчлэн уул уурхай, аж үйлдвэрийн салбарт эрчимтэй хамтран ажиллахад мэргэжилтэй боловсон хүчин чухал болохыг хоёр тал харилцан тэмдэглэсэн бөгөөд энэ ажлын хүрээнд Монгол Улсын бүх салбарт, бүх түвшинд сургалтын болон дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байгаагаа Германы талын ажлын хэсгийн тэргүүн, ноён Хайтцер дурдаж байлаа. Хуралдааны үеэр ЗТБХБЯамны төлөөлөгч ноён Ж.Бат-Эрдэнэ дэд бүтцэд анхаарал хандуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэх хэрэгтэй байгааг онцоллоо.
Монгол Улсын ашигт малтмалын экспорт өмнөд зүг рүү чиглэсэн тул энэ чиглэлийн техникийн дэд бүтцийг өргөтгөх асуудал чухал байна. Ашигт малтмалын бүс нутагт авто замыг сайжруулах. Цаашлаад хилээр гарч байгаа тээврийн асуудлыг чухлаар авч үзэх хэрэгтэй байгаа. Төмөр замын асуудал. Өнгөрсөн лхагва гаригт Засгийн Газрын хуралдаанаар эхний ээлжинд 400-600 км замыг түрүүлж барихаар шийдвэрлэсэн. Сайншандад боловсруулах үйлдвэрүүд баригдана. Энэ чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. 6 хилийн боомт дахь орох, гарах хэсгийн нэвтрэлтийг сайжруулахад хэсэгчилсэн төлөвлөгөөг хийнэ.
Хоёр орны засгийн газрын ажлын хэсгийн анхдугаар хамтарсан хуралдаан ийнхүү амжилттай болж, хоёрдугаар хуралдааныг 2012 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов. Энэ үеэр талууд ярилцаж тохиролцсон асуудлуудаар ажлын төлөвлөгөө гарган ажиллах, хурлын протокол үйлдэж, гарын үсэг зурахаар тохиролцов.
Хэлэлцээрт заасны дагуу хоёр орны бизнесийн төлөөлөл оролцсон эдийн засгийн хороо байгуулагдсан ба эдийн засгийн хорооны анхны хамтарсан хуралдааныг Монголын талын тэргүүлэгч Б.Энэбиш, Германы талын тэргүүлэгч Э.Шульц нар хамтран удирдав. Хуралдаанд Монгол, Германы геологи, уул уурхайн салбарт тэргүүлэх аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцов. Тэд хамтран ажиллах төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, зарим компаниуд хамтран ажиллах санамж бичиг, гэрээнүүдийг байгуулав. Үүнд: “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалахад /IPO/ хамтран ажиллах гэрээнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Дойчэ банкны ТУЗ-ийн гүйцэтгэх захирал Ю.Фитчен нар, Таван толгойн цахилгаан станцын төслийн хүрээнд трубин нийлүүлэх гэрээнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Германы Сийменс компанийн эрчим хүчний асуудал эрхэлсэн захирал М.Такэтай нар, Тайшир Алтайн Усан Хангамжийн төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт Монголын талаас ЗТБХБЯамны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, Германы талаас Ферроштаал ХХК-ийн хөгжил ба худалдаа хариуцсан дэд ерөнхийлөгч ноён М.Напел нар, Фишер-Тропшийн технологид суурилсан нүүрс шингэрүүлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай санамж бичигт Монголын талаас Эм Си Эс Холдинг болон Петровис ХХК-иуд, Германы талаас Лурги компани, Жи Ти Эл Эф 1 технологийг ашиглан нүүрс шингэрүүлэх тоног төхөөрөмж дээр хамтран ажиллах тухай гэрээнд Монголын талаас Цэцэнс Майнинг энд Энержи ХХК, Германы талаас Лурги болон Жи Ти Эл Эф 1 Компаниуд, Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн хийжүүлэх технологийг нийлүүлэх тухай санамж бичигт Монголын талаас Эм Си Эс Холдинг, Петровис ХХК, Германы талаас Сиймэнс ХХК тус тус гарын үсэг зурав. Энэхүү айлчлалын үр дүнд ХБНГУ-ын тэргүүлэгч корпораци болох Түссэн Круппийн үйл ажиллагаатай танилцаж, тус корпорацитай дараах чиглэлээр хамтран ажиллахаар баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Нүүрс шингэрүүлж түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон “Tyssen Krupp Удэ” ХК –ийн санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав , “Tyssen Krupp Удэ” компанийн гүйцэтгэх захирал А.Хофман нар Эрдэс баялаг, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон “Tyssen Krupp”-ийн санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, “Tyssen Krupp”-ийн ТУЗ-ийн гишүүн Э. Айхлер, захирал К.Потхофф нар Коксын нүүрсний үйлдвэрийг барих төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав , “Tyssen Krupp Удэ” компанийн гүйцэтгэх захирал А.Хофман нар Уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр инженер бэлтгэх, сургах тухай санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, “Tyssen Krupp”-ийн ТУЗ-ийн гишүүн Э. Айхлер нар тус тус гарын үсэг зурлаа.
Энэхүү гарын үсэг зурагдсан баримт бичгийн хүрээнд Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн салбарууд шинээр бий болж, ХБНГУ-ын дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах, үүнд чиглэсэн мэргэжилтэй боловсон хүчнүүдийг сургаж бэлтгэх олон талын ач холбогдолтой юм.
Гадаад харилцааны яам