Таван толгойн хувьцааг иргэд яаж эзэмших вэ
2012.04.16

Таван толгойн хувьцааг иргэд яаж эзэмших вэ

Таван толгойн ордыг эзэм­шигч "Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцаанаас ир­гэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж буй. Хувьцааг Иргэний ши­нэчилсэн бүртгэлд хам­рагд­сан иргэн бүр авто­ма­таар эзэмшинэ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх хувь­цааг хоёр дахин нэмэгдүүлж 1072 болгох шийдвэр гарга­лаа. Гэхдээ иргэд яг хэзээнээс 1072 ширхэг хувьцааг эзэм­ших, мөнгөжүүлэх хүсэлтэй иргэд түүнийгээ хэзээнээс эхлэн авах вэ гэдэг нь хүлээг­дэж байна. Өөрөөр хэлбэл, 1072 ширхэг хувьцаагаа мөн­гөжүүлэх хүсэлтэй иргэд хэзээ мөнгөө олж авах нь тодор­хойгүй байна.

Ямартай ч эхлээд тухайн иргэн аль нэг брокер диле­рийн компанид хандаж өөрийн нэр дээр данс нээлгэх ёстой гэнэ. Ингээд өөрийн нэр дээр бүртгэгдсэн 1072 ширхэг хувьцаа нь өмч болж баталгаажих ажээ. Түүнчлэн хувьцаа худалдан авах, ху­далдах, бэлэглэх, өвлүүлэх, барьцаалах эрхтэй болох юм байна. Брокер дилерийн компанид данс нээлгэхдээ иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээтэй очих бөгөөд үйлчилгээний ху­раамж таван мянган төгрөг төлөх аж. Иргэд аль броке­рийн компанид хандах вэ гэсэн асуулт гарч байгаа юм. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн гишүүн аль ч бро­керийн компаниар үйлчлүүлж болох гэнэ. Тэгэхээр ажил, гэртэйгээ ойрхон брокерийн компаниар үйлчлүүлж болно гэсэн үг.

Иргэд өөрийн нэр дээр "Эрдэнэс Таван толгой" ком­панийн хувьцаа байршсан эсэхийг net.schcd.mn гэсэн цахим хаягаар орж, регист­рийн дугаараар шалгах юм байна.

Хэрэв эзэмшиж бай­вал "Таны нэр дээр 536 шир­хэг хувьцаа байршсан байна" гэх мэдээлэл гарна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Зас­гийн газраас гаргасан шийд­вэрийн дагуу нэмж олгохоор болсон 536 ширхэг хувь­цааны мэдээлэл одоогоор дээрх цахим хуудсанд бүрт­гэгдээгүй байгаа учир 1072 гэсэн тоо гарахгүй гэнэ.

Сүүлийн үед брокерийн компаниуд иргэдээс үйлчил­гээний төлбөрт таван мянган төгрөг авч байна. Энэ нь хууль бус үйлдэл гэх мэдээлэл хэв­лэлээр гарах болсон. Уг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "536 ширхэг хувь­цааг Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглэж, хувьцаа бүртгэх ажлыг Хөрөнгийн бирж түүний харьяа бүртгэл тооцооны төвүүдэд хариу­цуулсан. Хүн бүрт 536 ширхэг хувьцааны данс нээгдсэн байгаа. Харин арилжаанд орох хараахан болоогүй. Арилжаанд орохтой хол­боо­той шийдвэрийг тухайн үед нь өгнө. Харин хөдөө орон нутагт, зарим газраар брокер дилерүүд явж 5000 төгрөг хураан данс нээх үйл ажил­лагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд ард иргэд хууртаж болохгүй гэд­гийг анхааруулмаар байна" хэмээн албан ёсоор мэдэгд­сэн юм. Энэ мэдээллээс ха­рахад өнгөрсөн хугацаанд брокерийн компаниа сонгож, данс нээлгэсэн олон мянган хүн бүгд хууртсан болж таа­рах нь.

"Үнэт цаас арилжаа эрх­лэгчдийн холбоо"-ны гишүүд өнгөрсөн баасан гаригт мэ­дээлэл хийсэн байна. Мэдээ­лэл хийх үеэрээ Засгийн газ­рын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын бол­чимгүй мэдэгдлийг няцаасан юм. Тэд хэлэхдээ "Бид зөвхөн үйлчилгээний хөлсөө авч бай­гаа. Таван мянган төгрөг хурааж байгаа нь хууль бус үйлдэл биш. Засгийн газар өөрөө иргэдийг брокер ди­лерийн компаниа сонгож данс нээлгэхийг уриал­чихаад, дараа нь "Хууртаж болохгүй, засаг өөрөө данс нээсэн" хэмээн ор үндэсгүй юм ярьж байгаа нь хууль бус үйлдэл" хэмээн тайлбар­ла­жээ. Үүнээс хара­хад иргэд 1072 ширхэг хувь­цаагаа ба­талгаажуулахын тулд бро­ке­рийн компаниудад таван мян­ган төгрөгийн ху­раамж төлөх ёстой эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Ийнхүү овоо цэгцэрч бай­сан "Эр­дэнэс Таван толгой"-н хувь­цааг иргэдэд эзэмшүүлэх ажил эргээд нурах нь ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.