Д.Ганхуяг: Эдийн засгийн алуурчид Монголд ирчихсэн юм биш үү
Уул уурайн сайд Д.Ганхуяг
2012.04.23

Д.Ганхуяг: Эдийн засгийн алуурчид Монголд ирчихсэн юм биш үү

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай уул уурхайн талаар ярицлаа.

-Сүүлийн үед "Саусгоби сэндс" компанитай холбоотой асуудал нэлээд дуулиан дэгдээж байна. Жирийн иргэдэд ойлгогдож байгаагаар Монгол гурван сумтай тэнцэх хэмжээний газар нутгаа БНХАУ-д алдчихлаа гэсэн ойлголтоос өөр тодорхой мэдээлэл хомс байна. Яг юу болоод байгааг та төрийн түшээ хүний хувьд дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?


-"Саусгоби сэндс" компани Монголын төрийг мэдээгүй байхад хувьцаагаа БНХАУ-ын компанид зарчихсан гэсэн үг. Ингэж л Монголын баялгаар гадныхан наймаалцаж байна. Энэ байдлаараа манайд эдийн засгийн алуурчдын гар, хөл ороод ирчихсэн юм биш үү гэж харж байгаа.

-Яагаад Монголын төр өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан юм бэ?


-Энэ орд уг нь Нарийн сухайтын ордод хамаарах юм билээ. Нарийн сухайтын орд нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтад байдаг. 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинээр баталсан. Үүний дараа УИХ-ын тогтоол гарч, нэр бүхий 15 ордыг стратегийн ордод оруулах, стратегийн ордод багтах 38 орлын жагсаалтыг баталсан. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох саналыг уг нь Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Гэтэл Засгийн газар өдийг хүртэл шийдэхгүй, стратегийн ордуудын эзэмшлийн хэмжээг тогтоохгүй байна. Одоогоор тэр 15 ордоос эзэмшлийн хэмжээ нь тодорхой болсон хоёр л орд бий. Тавантолгой, Оюутолгой. Гэтэл энэ хоёр орд маань бас буруу замаар орчихсон.

-Засгийн газар ордын эзэмшлийг Их хуралд оруулж ирэхгүй хойш тавиад байгаагийн шалтгаан юу юм бол. Ингэж оруулахгүй байгаа нь "Саусгоби сэндс"-ийн наймаатай юм бэ?


-Засгийн газар Их хуралд оруулж ирэхгүй байгаа нь улс төрийн шалтгаантай. Ерөнхий сайд ч өөрөө хэлж байсан. Стратегийн ач холбогдол бүхий 15 ордын олонхийнх нь ард нэг л хүн байдаг. Тийм учраас Их хуралд оруулж ирэхгүй байгаа юм."Саусгоби сэндс" чухам ямар хэмжээний нөөцтэй гэж гадаад зах зээлд гаргасныг бид мэдэхгүй. Ер нь биднийг мэдээгүй байхад тэр бирж дээр энэ ордын хувьцаа арилжаалагдлаа гээд л дуулддаг. Ордын нөөц, эзэмшил нь тодорхой болоогүй байхад яаж гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаад байна вэ. Энэ бол том асуудал. Монголчууд өөрсдөө ч мэдээгүй байхад нэг ордыг нь гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаад мөнгө босгоод байдаг. Дараа нь нөгөө нөөц нь худал байж таарвал хэн хариуцлага хүлээх вэ. Монгол Улс л ичгэвтэр байдалд орно.

-Цаашдаа "Саусгоби сэндс"-ийнх шиг байдал давтагдахгүй гэж баталгаа бий юу. Манайд Монголын уул уурхайг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарахгүй байх, зарсан ч ядаж Монголын тал заавал мэдэж байх тухай эрх зүйн зохицуулалт байдаггүй гэх юм?


-Ийм асуудал цаашид давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Ер нь ашиглалтын болон хайгуулын лицензийг худалддаг, дамладаг энэ байдлаас болоод хууль завхруулсан олон гажуудал бий болоод байгаа юм. Тиймээс ч лицензийн наймааг хязгаарлахад төрөөс анхаарал тавих цаг болсон. Би С.Бямбацогт гишүүнтэй хамтраад 2010 онд "Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай" хуулийн төсөл өргөн барьсан юм. Энэ төсөлд яг одоо ярьж байгаа асуудлыг шийдэх гарцыг ч зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайн ч биш стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалт 15 хувиас дээш болсон тохиолдолд төр заавал хянаж, мэддэг байх тухай зохицуулалт бий. Энэ хуулийг байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжсэн боловч хэлэлцэхгүй байсаар өдийг хүрлээ. Ирэх долоо хоногт яаралтай хэлэлцэж батлах байх.

-Энэ хууль батлагдчихвал "Саусгоби сэндс"-ийн "Чалко"-той хийж буй гэрээг болиулж болно гэсэн үг үү?


-Монгол Улс эзэн нь учраас хуулийн дагуу ордынхоо хувь заяаг өөрсдөө шийдэх боломжтой гэсэн үг.

-Гэхдээ шинэ хууль баталлаа гэхэд "Чалко", "Саусгоби сэндс" компанид энэ хууль хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөх болов уу?


-Монгол Улсын хууль тогтоомжууд олон улсын гэрээ конвешшд нийцсэн заалттай байдаг учраас энэ асуудал үүсэхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.