2025.05.02
Х.Жангабыл: Ямар ч орлогогүй алслагдсан сумдын малчид гурилын татвар нэмэгдчихээр хажуугийн боомтоосоо худалдаад авчих боломжгүй болох нь
Улсын Их Хурлын өнөөдрийн /2025.05.02/ хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл:
УИХ-ын гишүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Би баруун бүс, баруун аймгуудын талаар ярина. Нэг жилийн өмнө МАА-н салбарыг эрсдэлээс хамгаалах гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй, тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор УИХ мал амьтны тэжээл, улаанбуудайн гурилын гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталсан байна. Энэ нэг жилийн хугацаанд импортоор орж ирэх гурилын татвар 3 дахин нэмэгдсэн, 64,2 мянган тн улаанбуудайн гурил импортолсон гээд танилцуулган дээр бичжээ. Энэ 64,2 мянган тн гурилын бараг 40-50 хувь нь баруун бүсийн боомтуудаар орсон байна. Тухайлбал Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор 14,1 мянган тн, Увс аймгийн Боршоо боомтоор 10,3 мянган тн улаанбуудайн гурил импортолсон. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр нэгдүгээрт, баруун бүсэнд тариалалт хийх ямар ч боломж байхгүй, ажиллаж байгаа нэг ч гурилын үйлдвэр байхгүй. Тэгэхээр ОХУ-ын Алтайн хязгаарт улаанбуудай их тариалдаг. ОХУ-ын улсын хэмжээнд их хэмжээний улаанбуудай гаргадаг том том үйлдвэртэй. Жишээлбэл Аляскийн үйлдвэр бий. Монгол Улсад ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн борлуулдаг. Энэ үйлдвэрүүдээс 600 км алслагдсан газраас энэ хоёр боомтоор бараг л Монгол Улсын импортын 40-50 хувийг оруулж ирсэн байна.
Одоо юу болж байна вэ гэхээр ХХААХҮЯ-ны энэ төсөл батлагдсанаар газар тариалангийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, стратегийн хүнсний нөөцийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл бүрдэх замаар эерэг үр дагавар гарна гэж яриад байна. Энэ бол зөв л дөө. Дэмжиж байна. Гэхдээ сайд аа, баруун бүсэнд амьдарч байгаа ард иргэдийн гар дээр очих гурилын зохицуулалтыг яаж хийхээр төлөвлөж байна вэ?
Тухайлбал Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүн сум, Ховд аймгийн Мөнххайрхан, Говь-Алтай аймгийн Цэл, Алтай, Бугат сумдад Улаанбаатар хотоос 2 мянган км бартаат замаар тээвэрлэнэ. Өөр авах газаргүй. Гаалийн татварыг 15 хувиар хаангуут ОХУ-аас импортлох боломжгүй. Тэгэхээр малчид ямар ч орлогогүй болсон. Арьс шир, ноос ноолуур үнэд хүрэхгүй. Ноолуур авч байгаа ААН ч байхгүй, хувь хүн ч байхгүй. Барааны үнэ нэмэгдээд байдаг. Дээр нь бодлогоор гурилын үнэ нэмэгдэхээр байна. Тэгэхээр баруун бүсийн ард иргэдэд гурилыг хямд хүргэх боломж байна вэ гэдгийг Ж.Энхбаяр сайдаас асууя.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн