Япон Улсын Элчин сайд Игавахи Масарүг хүлээн авч уулзлаа
2025.05.16

Япон Улсын Элчин сайд Игавахи Масарүг хүлээн авч уулзлаа

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Ж.Хунан нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахи Масарү, ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга Морий Сатошитэй хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, чиг үүрэг, хүний эрхийн хэрэгжилт зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид ХЭҮК-ын чиг үүргийг танилцуулан ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд Япон Улсын төр засаг, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хүний эрхийг хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Япон Улсын эзэн хаан Нарүхито сэнтийд заларснаас хойш олон улсын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хилийн чанадад хийж буй гурав дахь албан ёсны айлчлалаа Монгол Улсад хийхээр төлөвлөсөн.

Элчин сайд Игавахи Масарү эзэн хааны тус айлчлалд хоёр улс ихээхэн ач холбогдол өгч буйг онцолж, хүний эрхийг дээдэлж, хамгаалах нь манай улсын чухалчлан үздэг асуудлын нэг. Хүний эрхийг дээдэлж, хамгаалах ижил үнэт зүйлтэй Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагатай уулзаж, санал бодлоо хуваалцаж байгаадаа таатай байна.

Хүний эрхийн төлөв байдлаас тухайн улсын эдийн засгийн үзүүлэлт, Засгийн газрын бодлого, алсын харааг үнэлж болдог. Монгол Улсын иргэдийг хүний эрхийн өргөн мэдлэгтэй байгаасай гэж хүсч байна. Үүнд та бүхний хүчин чармайлт, үүрэг, оролцоо туйлын чухал юм. Монгол Улсад ардчилсан, иргэний оролцоотой нийгэм нутагшуулахад оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлье хэмээгээд хүний эрх хамгаалах үйлсэд амжилт хүслээ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан