
ТӨМӨР ЗАМЫН ГАРЦАА 5 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЭХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА
Өнгөрсөн 70 жилд манай улс зөвхөн Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан төмөр замаар Хятад улстай холбогдож ирсэн. Тэгвэл Ганц мод-Гашуунсухайтын төмөр зам хил холболтын 2 дахь гарцтай болж байна.
Бараг 18 жил гацсан энэ хил холболтыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдөр бодит ажил болгож, барианаас нь хөдөлгөлөө.
Гашуунсухайт-Ганц мод боомтын бүтээн байгуулалт өнөөдрөөс 22 сар үргэлжилнэ. Боомтын статусыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудлыг говийн бүсэд болсон Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийн үр дүнд Гашуунсухайт-Ганц мод боомтыг экспорт, импортын томоохон гарц болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Үүний дараачаар ойрын ирээдүйд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гээд нийт 5 гарцаар Хятад улстай төмөр замаар холбогдож эдийн засгийн судсаа 5 дахин тэлэх боломж нээгдэж байна. Ингэснээр экспортын хэмжээ эрс өсөж, тэр хэрээр төсвийн орлого, валютын нөөц нэмэгдэх боломж бүрдэнэ.
Манай улс зөвхөн Тяньжин гэсэн ганц боомтоор далайд гарцтай байсан бол Жинжөү боомтоор далайд гарах 2 дахь гарц нээгдэнэ.
Энэ хэрээр импортын бараа бүтээгдэхүүн хямд зардлаар хурдан шуурхай ирэх урсгал нэмэгдэнэ.