
2025.05.20
Б.Түвшин: 24 мега төслийг ААН-үүдийн чадамж, нөөц бололцоонд тохируулан зохион байгуулж, инженерчлэлийн үндэслэлтэйгээр хуваарилан хэрэгжүүлэх нь зүйтэй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр /2025.05.19/ Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн явцын талаарх мэдээлэл сонслоо.
Мега төслийн талаарх мэдээллийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон албаны хүмүүс гишүүдэд өгч асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин хэлэлцэж буй асуудлаар байр сууриа ийн илэрхийллээ.
Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 24 мега төсөлд өндөр өртөг бүхий барилга байгууламж, зам тээвэр, дэд бүтцийн чиглэлийн хэтэрхий олон том төслүүд тусгагдсан байна.
Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч дутагдалтай, ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдэх хандлагатай, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурч, гадаад валютын орлого, нөөц хомсдож байгаа энэ үед эдгээр томоохон төслүүд нь эдийн засагт хэт ачаалал үүсгэж, бүтээмжийг бууруулах эрсдэлтэй байна.
Нийслэлд хэрэгжүүлэх эдгээр 24 мега төслийн үндсэн зорилгуудын нэг нь дэд бүтцийг сайжруулахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүд, иргэдийг тогтвортой ажлын байр, орлоготой болгох явдал юм. Иймд дээрх төслүүдийг Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн чадамж, нөөц бололцоонд тохируулан зохион байгуулж, инженерчлэлийн үндэслэлтэйгээр хуваарилан хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
Улаанбаатар хотод 2025-2028 оны хугацаанд хэрэгжүүлэх 24 мега төсөл:
- Улаанбаатар метро
- Улаанбаатар трамвай
- Тойрог зам
- Туулын хурдны зам
- Тусгай замын автобус (BRT)
- Өөдөө тэмүүлэх гүүр
- Олон түвшний уулзвар
- Дүүжин замын тээвэр
- Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам
- Хөнгөн замын тээвэр (LRT)
- ТЭЦ-5
- Тархмал эх үүсвэр
- Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
- Баянхошуу хот орон сууцжуулах төсөл
- Ханын материал орон сууцжуулах төсөл
- Хог шатаах эрчим хүч үйлдвэрлэх
- Шинэ цэнгэлдэх хүрээлэн
- Туул усан цогцолбор
- Хүннү хот
- Хөрсний ус, үерийн хамгаалалт
- Лаг шатаах үйлдвэр
- Эмээлт Эко аж үйлдвэрийн парк
- Олон улсын зочид буудал
- Баруун далайн орд төсөл
Дээрх төслүүдтэй https://shorturl.at/ce3zK холбоосоор орж танилцаарай.