2025.05.14

М.Бадамсүрэн: Үнийн өсөлтийг хязгаарлах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Эдийн засгийн байнгын хорооны 05/14ний хуралдаанаар ““Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг хэлэлцлээ.

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Шинэ парламент анх удаа хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна гэж ойлгож болно.Тэгэхээр үүн дээр хариуцлагатай хандах ёстой гэж үзэж хэдэн асуулт асууя.

Нэгдүгээрт, Үнийн өсөлтийг хязгаарлах тал дээр эдийн засгийн хөгжлийн яам бусад яамтай хамтраад ямар арга хэмжээ авч байгаа вэ? Үүн дээр тодорхой хариулт авмаар байна.

Хоёрдугаарт,Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар ямар бодлогын арга хэмжээ авах вэ? Эдгээр асуултад их хурал, эдийн засгийн байнгын хороо ямар шийдвэр гаргах ёстой вэ гэдэг дээр илүү тулгуурлаж хариулна уу гэж хүсэж байна. 

Гуравдугаарт, Өрх айл, бичил жижиг бизнесийг дэмжих чиглэлээр яг ямар ажил хийх вэ? Хэр судалсан бэ? 

Дөрөвдүгээрт, Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ? Зөвхөн сургууль боловсролын байгууллагад найдаад орхих уу? Зөвхөн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал гэж яриад хөгжлийн асуудлыг нь орхиод байгааг хэрхэн сайжруулах вэ? Өөрөөр хэлбэл хүүхэд бүр хөгжихөд нь, багш нар нь сургалтын төв ажиллуулахад нь, секц дугуйлан ажиллуулахад нь, айл өрх ногоо тарих, хувийн аж ахуйгаа хөгжүүлэхэд нь зориулж бичил жижиг бизнесийн дэмжих чиглэлээр өмнөх онуудтай харьцуулахад 2026 онд буюу энэ парламентын анхны хөгжлийн төлөвлөгөө батлах төсөлд ямар зүйлийг оруулж ирж байгаа вэ? 

Төсвийн урсгал зардлыг бууруулах талаар бэлтгэл ажлаа хэр хангаж байгаа вэ?  Төрийн албан хаагчийн тоог бууруулахдаа одоо ажиллаж байгаа албан хаагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ямар хувилбар, сонголт өгч байгаа в? Америк улсад саяхан төрийн албан хаагчдын тоог бууруулахад хэрэгжүүлсэн арга хэмжээг та бүхэн мэдэж байгаа. Төр газрын хэвлийн ашигт малтмалын нөөцийг олж мэдэхэд зориулж хөрөнгө, санхүүжилтийг хэр нэмэгдүүлэх вэ? Олон ордууд яригдаж байна. Бид нар нөөцөө мэддэг байгаад үнэ хаялцуулаад, өрсөлдүүлээд том орд дээр гэрээ байгуулахгүй. Хувийн хэвшилд нэг хайгуул хийсэн гэдэг нэрээр давуу байдлаар ордоо болгочхоод дараа нь гуйж гэрээ байгуулах гээд юм шиг энэ тогтолцоог ер нь яаж засах вэ?  Монголын газрын тосны үйлдвэрт хэрэгцээтэй түүхий тосоор хангах зорилт тавьсан гурван жилийн дараа ашиглалтад орно.   4 их наяд төгрөг зарцуулж байгаа.Эх орныхоо түүхий тосоор нөөцөө хангахын тулд ямар бодлого хийж байна вэ? Төр өөрөө үүн дээр ямар оролцоотой байх вэ? Яг ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ? 

Түүний асуултад, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, ажлын хэсгийн гишүүд  хариуллаа.