2025.04.10

Б.Бат-Эрдэнэ: 2025 онд Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсохоор ЭЗ-ийн урсгал хэрхэхийг тооцоолох ёстой

Улсын Их Хурлын /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ -ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Зээлтэй холбоотой асуудал, зээлийн хүү хүнд байна. Хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Зээл олголттой холбоотой асуудал нэлээд хүнд байна. Булган аймагт ажиллаж байхад ахмадуудад насны ялгаварлал гаргаж зээл өгөхгүй гэх банкны дотоод журам гаргадаг жишээ их байна. Та хуулийн өөрчлөлтөөр зээлийн хүү буурна хэмээн мэдэгдсэн. Уул нь инфляци, бодлогын хүүтэй харьцуулаад харахаар зээлийн хүү буурах боломжгүйг арилжааны банкууд мэдэгдээд байгаа. Таны хувьд зээлийн зэрэглэл тогтоосноор зээлийн хүү буурах бодит нөхцөл байдал бүрдэнэ гэж тайлбарлаад байгаа. Өнгөрсөн 3-р сард Монголбанк бодлогын хүүгээ 2 хувиар нэмээд 12 болсон. Өнөөдөр валютын ханш ямар түвшинд гээд харахад хүндрэлтэй. Аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийгээд явж байхад орон нутагт салбараа байгуулах, үйл ажиллагаагаа өртгөтгөх боломжтой. Гэхдээ зээлийн хүүнээс улбаатайгаар ямарч эдийн засгийн өсөлт хийх боломж байхгүйг мэдэгдэж байгаа. Тэгэхээр зээлийн хүү ямар шатлал, алхмаар буурах боломжтой юм бэ?

Зээлийн барьцаалбартай холбоотой асуудлаар шүүхийн маргаан үүсгээд явахад дунджаар 7 жил зарцуулж байх шиг байна. Энэ хугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ, үнэ цэнэ буурах зэрэг олон асуудлууд өрнөдөг. Цаашид бид зээлтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулах вэ? Зээлийн хүүг буулгах гэж байгаа ч нөгөө талдаа ямар бодлогын арга хэмжээ авч явах вэ гэдгийг хармаар байна. Өнөөдөр ДНБ-ий 12 хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлж байна. Үүний 10 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлдэг. Энэ 10 хувийн 80 хувь нь Оюутолгой дангаараа. 2025 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтууд зогсоод олборлолтыг гадагшаа чиглэлтэй явуулна гэдгийг ойлгоод байгаа. 80 хувийг бүрдүүлж буй гадаадын хөрөнгө оруулалт зогсоод эхлэхээр эдийн засгийн урсгал чинь ямар түвшинд очих вэ гэдгийг бодолцохгүй бол болохгүй. Энэ бүгдийг харахаар хэрэглэгчийн эрхийн зөрчилтэй холбоотой олон асуудал хөндөгдөнө. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг миний бие ахлаад явж байгаа. Маш олон хэлэлцүүлгийг салбар салбарт хийж байна. Банк санхүүгийн салбарт хийсэн хэлэлцүүлгийн мэдээллээс харахад 2017 онд өргөн баригдахаар бэлтгэгдэж байсан Актив удирдлагын компанийн тухай хуулийн асуудал хөндөгдөж байгаа. Энэ хуулийг бид дахин өргөн бариад хохиролтой холбоотой асуудлуудыг шийдэх боломж байна уу?  

Түүний асуултад УИХ-ын гишүүн Э.Батшугар хариуллаа.