
“Монголын төмөр зам” ТӨХК Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлнэ
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт дурдсан үндэсний төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэл, зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 229 дүгээр тогтоол, мөн оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар тогтоолоор Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд, бүрэн бүрдүүлэх зорилгоор “Монголын Төмөр Зам” ТӨХК нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгууллаа.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцна.
Энэхүү шинээр баригдах салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх бөгөөд барилгын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлэн наймдугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн захиалагч Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх бөгөөд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй ажилтнуудыг татан оролцуулж таван сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэх юм.