
2025.05.05
"ДУЛААН БАЙШИН” - АМИНЫ ОРОН СУУЦНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭНЭ САРЫН 07-ЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны санаачилгаар Монгол Улсын барилга, бүтээн байгуулалт, барилгын салбарын мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчдийг нэг дор цуглуулж, шинэ технологи, тогтвортой хөгжил, олон улсын шилдэг практик туршлага, чанар стандартыг хэрхэн нэвтрүүлэх, барилга, орон сууцжуулалтын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг иргэд, олон нийтэд танилцуулах зорилго бүхий “Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж буй хаврын улиралд Амины орон сууц барихаар төлөвлөсөн, одоо амьдарч буй гэр байшингаа дулааны алдагдалгүй, гамшигт тэсвэртэй нүхэн жорлонгүй, дэд бүтцэд холбохоор сонирхож буй иргэд “Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөгт ирж, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч дотоодын болон олон улсын 80 гаруй бизнес эрхлэгчдийн шинээр нэвтрүүлж буй техник технологи, бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой юм.
Мөн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлээр санхүүжих эх үүсвэрийн банкны системийн шийдэл, шалгуур, иргэд санхүүгийн эх үүсвэртээ тохирсон ногоон зээлийг хэрхэн авах талаар мэдээллийг банк санхүүгийн байгууллагаас авах боломжтой. “Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөгийн хүрээнд асрын гадна талд Загварын амины орон сууц, оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.