
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2025.04.22) Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хуулийн дагуу нээлттэй зохион байгууллаа. Тус зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн холбооноос тус холбооны Дэд ерөнхийлөгч Баяраагийн Рагчаагийн нэрийг дэвшүүлээд байгаа юм.
Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалж, оролцогчид болон сонсголын дэгийг танилцуулан, нэр дэвшигчийн тухай товч мэдээлэл өглөө. Нэр дэвшигч Б.Рагчаа 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан, эдийн засгийн ухааны магистр, эрх зүйч хүн юм. Тэрбээр ЭМДҮЗ-ийн нэр дэвших болсон үндэслэл, томилогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, даатгуулагчдын дийлэнх, олонх болсон ажилчид, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр нийгмийн даатгалын тогтолцоо, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, засаглах үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, ил тод болгох, шударга байдлыг төлөвшүүлэх талаар идэвх санаачилга гаргаж ажиллахаа илэрхийлэв. Мөн Мөн тэтгэвэр, тэтгэмжийн болон хувийн нэмэлт тэтгэвэр, олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад нөөц, боломжоо дайчлан ажиллана гэлээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 08-ны хуралдаанаас томилогдсон, нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн дараа нь дүгнэлтээ танилцууллаа. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн талаар түүний бүрдүүлсэн материал болон ярилцлагын үеэр асуултад хариулсан байдлыг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Нэр дэвшигч эдийн засагч, эрхзүйч хос мэргэжилтэй тул эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль эрхзүйн хүрээнд үр дүнтэй, ашигтай зарцуулах, цаашилбал Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж чадах мэдлэгтэй гэж дүгнэсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн эдийн засаг, бодлого удирдлага, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр мэргэшээгүйг тодорхойлжээ. Харин үйлдвэрчний эвлэлийн холбоодод тасралтгүй ажиллаж, гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсан туршлага нь ЭМДҮЗ-ийн гишүүн болсон тохиолдолд даатгуулагчдын эрх ашгийн төлөө үр дүнтэй ажиллах суурь болно гэж шинжээч дүгнэсэн байна. Мөн ашиг сонирхлын зөрчилгүй, ял шийтгэл авч байгаагүй, ёс зүйн хувьд төлөвшсөн, ЭМДҮЗ-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, гишүүний үүрэг хариуцлагын талаар сайтар судалж бэлтгэл хангасан, асуудлын оновчтой шийдлийг олон талаас харж эрэлхийлэх, идэвхитэй үйл ажиллагаа явуулах хандлагатай үзжээ.
Нэр дэвшигчийн танилцуулга болон хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний урсгал зардал, цалин хөлсийг төсвөөс даах ёстой атал даатгалын сангаас санхүүжүүлж байгааг хэрхэн засаж залруулах, хамгийн их шимтгэл төлдөг хүмүүс хамгийн бага тусламж, үйлчилгээ авч байгаа эв хамтын зармын учир дутагдлыг арилгах үүднээс хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох талаар хэрхэн ажиллахыг нь асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эмч, эмнэлгийн ажилчдын ажил хөдөлмөрийн үнэлгээ гүйцэтгэлийн үнэлгээтэй хосолж чадаж байгаа эсэх, нарийн мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг мэдлэг, чадвар, ажлын нөхцлийг зөв, шударга үнэлэх, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, нийгмийн баталгаагаар хангахад яаж анхаарах талаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эмнэлгийн эмчээр жишээлэн асуув. Мөн тэрбээр ЭМДҮЗ-өөс маргаан дагуулсан, ойлгомжгүй байдал үүсгэдэг тогтоол, шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсоох, мэргэжлийн техникийн хороод болон бусад байгууллагатай нягт уялдаж ажиллахад анхаарах шаардлагатайг зөвлөсөн юм.
Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа эрүүл мэндийн даатгалын санг халамжийн бус даатгалын зарчмаараа ажиллах зарчимд шилжихэд ямар асуудал тулгамдаж байгааг, мөн тус сангаас санхүүжилт авч байгаа байгууллага, удирдаж байгаа хүмүүс, даатгуулагчдын хариуцлагыг дээшлүүлэх талаар юу хийхийг нь асууж хариулт авсан юм. Мөн сонсголд оролцогч, иргэн Г.Хонгор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэлийн санхүүжилтэд учирч буй тулгамдсан асуудлууд, нэхэмжлэлийн хяналтыг дэлгэрэнгүй шалгаруулах ЭМДҮЗ-ийн шалгуураар хийж буй хасагдуулга буюу таналт, тус зөвлөл болон эрүүл мэндийн даатгалын сангийн хараат бус бие даасан байдлыг хангах, сангийн зарлагыг их олонлогийн арга ашиглан танах зэрэг асуудлуудыг хөндөж, нэр дэвшигчийн байр суурийг тодруулсан юм.