2025.03.31
Х.Булгантуяа: Статистик тоо ярихаасаа илүүтэйгээр санаа зовмоор эдийн засгийн том асуудлууд бий
УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Энэ 5 жилийн үндсэн чиглэлийг Үндэсний аудитын газрын тайлангаас харахад судалгаа тооцоогүй боловсруулсан. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх төсвөө тавьдаггүй. Хамгийн чухал нь гүйцэтгэл муу байлаа гээд ямар хариуцлага тооцох вэ? гэдэг нь тодорхойгүй. Гүйцэтгэл муу байгаа тохиолдолд хэнтэй, яаж, ямар хариуцлага тооцох вэ? Одбаяр сайдаас асууя. Хяналт үнэлгээг хуучин Засгийн газрын хэрэг эрхлэх газар, аудит 2 хийгээд болдог байсан. Одоо шат дамжлага нэмэгдээд бүр дордлоо. Дээрээс нь нэмээд Хяналт үнэлгээний үндэсний хороо агентлаг, УИХ-ын Тамгын газар 4 газраас бараг хяналт шинжилгээ хийгээд хоорондоо тоонууд нь зөрөөд. Алийг нь барьж ярих вэ гэхээр салбарын мэргэжилтнүүдийг хооронд нь мэтгэлцүүлэхгүй юу гээд байх юм.
Энэ хэрэгжих болоогүй байгаа гэсэн 2989 зүйл заалт байна. Хамгийн инээдтэй нь жоохон тааруухан байгаагаа ингээд биччихсэн юм шиг байгаа юм. Жишээлбэл энэ 3.1.1 дээр эдийн засгийн өсөлтийг жил бүр зургаа ба түүнээс дээш хувь тогтвортой байлгана. Инфляцыг 5%-аас бага түвшинд хадгалах бодлогыг баримтална гэчхээд үүнийгээ хэрэгжих болоогүй гэж үнэлсэн байгаа юм. Учир нь инфляц үүнээсээ давчихсан учраас тэгж хэлээд байх шиг байна. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхэд хэдэн жил хүлээх ёстой байсан юм бэ? Энэ удаагийн засгийн газрын мөрийн хөтөлбөр 3 намаас өөрөө өөрийнхөө мөрийн хөтөлбөрийн үнэлэлт дүгнэлтийг хийж үзсэн үү? нам дотроо үүнийг ярьж байгаа юу? Өнөөдрийн статистик тоо ярихаасаа илүүтэйгээр санаа зовмоор эдийн засгийн том үзүүлэлтүүд, асуудлууд гараад байх юм. Та бүхэн үүн дээр дүгнэлт хийж байгаа юу? Эдийн засгийн өсөлт сайн байгаа ч гэсэндээ иргэдийн амьдрал дээр буухгүй байна. Хятад улс дундаж давхар хумигдаж байна аа гэж ярьж байна. Солонгос улс болохоороо эдийн засгийн өсөлт гайгүй байгаа ч гэсэн иргэд өрөнд орж байна. Үүн дээр ямар дүгнэлт хийсэн юм бэ?
Түүний асуултад, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр нар хариуллаа.