Б.Жаргалан: Хувийн хэвшлийн орон зайг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатай
2025.03.27

Б.Жаргалан: Хувийн хэвшлийн орон зайг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын даргын 104 тоот захирамжаар байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэг, олон улсын онол, практикийн бага хурал “Төрийн өмчит компанийн эрх зүйн шинэчлэлт, төрийн өмчлөлийн бодлогыг боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд өчигдөр (2025.03.26) Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Тус бага хурлаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын сайн туршлагуудыг нээлттэй хэлэлцсэн байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээлснээр, 2023 онд томоохон гэгдэх 99 ТӨХК-иуд 24 их наяд төгрөгийн орлого олсон бөгөөд хэдийн 58 мянган ажиллагсад, 64 их наяд төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Эдгээрийн цаана өөр олон төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд бий. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Эдийн засаг дахь төрийн оролцоо маш ихээр нэмэгдэж буй талаар өнгөрсөн хугацаанд байнга сануулсаар ирсэн. Монгол Улсын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэх болсон төрийн өмчит компаниудын засаглал, ашигт ажиллагааны асуудал нухацтай тавигдаад зогсохгүй хувийн хэвшлийн орон зайг тэлэх, өрсөлдөөнийг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатай байна .Энэ чиглэлд суурь шинэчлэл хийх, нийтийн өмчийн асуудлыг цогцоор томъёолох нь Монгол Улсын эдийн засгийн хэтийн хөгжилд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа" гэлээ.