Х.Булгантуяа: Зөвхөн хууль баталдаг биш, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг "эрх зүйн орчин" бүрдлээ
УИХ-ын Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан. Мөн Төсвийн төслийг гурван удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв батлав.
Тухайлбал, төсөв батлахаас гадна гацаанд орж, хөдөлгөж чадахгүй байсан олон том мега төслүүдийг урагшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан. Өмнө нь улстөржилтөөс болоод зөвшилцөлд хүрч чадахгүй байсан. Хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх чухал үе тохиож байна. Үүгээрээ 126 гишүүнтэй шинэ парламент улс төржилтөөс ангид байхаа харуулж чадлаа.
УИХ хүний эрхийг боомилсон, зөрчил үүсгэсэн хуулиудыг хэлэлцэхгүй, батлахгүй байхаар тусгав
УИХ ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэхүү стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажилласан.
Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудыг хүний эрхийн хувьд дэвшилтэт болгох чиглэлээр ажиллаж байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд олон салбарын төлөөлөл болсон гишүүд салбарынхаа хуулиуд дээр түлхүү ажиллаж байна. Тухайлбал,
- Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн,
- УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн
- Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн
- Холбоо сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа:
Байгууллага бүр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг. Парламент ч мөн ялгаагүй. 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 2019 онд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. УИХ 2020-2024 онд стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлсэн. Тэр үед иргэд, олон нийтийн зүгээс парламентын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна, юуг илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэдэг дээр судалгаа хийж түүнийгээ үндэслээд D-Parliament цахим платфорыг хөгжүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлтээр парламентын хяналт, шалгалтыг сайжруулж олон сонсголыг амжилттай зохион байгуулсан.
Иргэд, олон нийтийн зүгээс социологийн судалгаагаар парламентад итгэх итгэл нэмэгдсэн гэж гарсан. Нөгөө талдаа парламентыг илүү нээлттэй болгож, хууль, эрх зүйн механизмуудыг илүү сайжруулах, УИХ-аас баталсан хуулиуд төрд илүү их эрх мэдэл олгосон, төрийг данхайлгасан, бүтцийг нэмэгдүүлсэн хуулиуд гарч байна гэсэн шүүмжлэл иргэдээс ирэх болсон. Хууль иргэд, олон нийтэд үйлчлэхгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөнд УИХ хүний эрхийг боомилсон, зөрчил үүсгэсэн хуулиудыг хэлэлцэхгүй, батлахгүй байхаар тусгасан. УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хороодоос байгуулагдсан ажлын хэсгүүд үүнд хяналт тавьж ажиллана.
Хууль батлаад өнгөрөх биш араас нь хяналт тавьж ажиллах төлөвлөгөөг боловсруулав
Улсын Их Хурал хяналт шалгалт хийх газартай болсон. Зөвхөн хууль батлаад өнгөрдөг биш баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудыг хүний эрхийн хувьд дэвшилтэт болгох чиглэлээр ажиллаж байна.
Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах талаар зохицуулалт байхгүй. Хуулиас давсан журмууд их байна
Ес дэх удаагийн парламент Стратеги төлөвлөгөө, “Гурван төгөлдөршил”-ийн нэг үндсэн чиглэлийг хүн төвтэй байхад чиглүүлж байна. Улсын Их Хурлаас олон хууль тогтоомж батлагдан гарч байгаа ч зарим талаараа цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.
Банк, санхүү, эдийн засагтай холбоотой хуулиуд гэхэд 1990-ээд онд батлагдсан, зарим зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлтүүд хийгээд явж байна. Суурь үзэл баримтлалын хувьд 30 гаруй жил болчихсон. Одоо үед тэрхүү үзэл баримтлалаар нийгэм, эдийн засгийг чиглүүлж явахад хэцүү болж. Тиймээс эдгээр хуулиудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Цаг үеэ мэдэрч, хөл нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй. Хоёр жилийн дараа, таван жилийн дараа ийм асуудал үүсэх нь гэдгийг харж, тооцоолж дэмжих хөшүүргүүдийг хийдэг байх ёстой. Дийлэнх хуулиудад байгууллагын эрх, бүтцийг голчилсон байна. Иргэдийг бухимдуулж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүйгээс маргаан дагуулж байна. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах талаар зохицуулалт байхгүй. Хуулиас давсан журмууд их байна.
УИХ ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдээс боловсруулсан санал дүгнэлт, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан