
УЛСЫН АВАРГА МАЛЧИН С.ЧУЛУУНЦЭРЭНД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
Сүхбаатар аймгаас улсын аварга малчин өрх 5, улсын хошой аварга малчин өрх хоёр шалгарсан юм. Өнөөдөр Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хамт Монгол улсын аварга малчнаар шалгарсан Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин Сүхээгийн Чулуунцэрэн, түүний хань М.Энхзул нарт шагналыг нь гардуулан өглөө.
Ингэснээр тэртээ 1989 онд БНМАУ-ын аварга малчин болж байсан Сүхээ малчны хүүхдүүд болох Алтансүх, Чулуунцэрэн нарын ах дүү хоюулаа аварга сайн малчны удам гэдгээ баталж 2021, 2025 онуудад улсын аварга малчныг хүртэж, эдний хот айлд баярт үйл явдал болж байна.
Өнгөрсөн жилийн мөсөн, шилэн зудыг өвс тэжээлээ сайтар базааж, хорогдол багатай давсан, гол нь малчны ухаан ажиллагаа чухлыг тэд онцолж байв. Дөрвөн цагийн эргэлтэд өдөр бүр үүрийн үнэгэн харанхуйгаар босч, үдшийн бүрэнхий болтол борви бохисхийлгүй зүтгэж малынхаа ашиг шимээр амьдрал, аж ахуйгаа залгаж яваа малчдын талаар төр засгаас авч буй бодлого, хуулийн талаар ч бид хэд гурван үг солилцоод авлаа. Манай улсын мал аж ахуй бол эрчимжсэн болоод хагас эрчимжсэн аж ахуйгаас өөр. Усны тунгалаг, өвсний сорыг дагаж дөрвөн улирлын туршид бэлчээрээр идээшдэг. Тийм учраас боодолтой бүхэн өвс биш. Өвс бүхэн тэжээл биш. Намартаа сөл дагаж бэлчээхэд өвөл хаврын хатуу хариг цагийг давах тарга хүч, тамир тэнхээнд чухлыг ч хэллээ. Хэзээнээсээ хурдтай нутгийн уяачийн хувиар биднийг очиход морь барьж унуулж, залуус дүү нар эмнэг үрээ сургаж тохиолдов.
“Зуд зулагтай” гэгчээр зудын дараа мал их өсдөг. Өөрөөр хэлбэл, байгалийн шалгарал явагдаж мал чанарждаг хэмээн хашир малчид тайлбарлаж байна. Ийм дэлгэр сайхан цагийг үзтэл хүн малгүй зутарч, нойр хоолгүй зүдэрдэг, амар малчин болохгүй -алгуурлаж, залхуурхаж болохгүйг аваргууд яриан завсраа хэлж байна.
Мөнххаан сум засаг захиргааны 5 багтай, 4600 орчим иргэнтэй, зуун мянга гаруй толгой малтай томоохон сумуудын нэг. Их хааны нэрээр нэрлэгдсэн энэ сумын шинэ түүх улсын аварга малчин Сүхээгийн Чулуунцэрэнгийхнээр арвижиж байна.