Өвсний үндэс буцалтгүй тусламж Сүхбаатар аймагт хэрэгжинэ
2025.01.20

Өвсний үндэс буцалтгүй тусламж Сүхбаатар аймагт хэрэгжинэ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.

Уг төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын ажил хийгдэх юм. Тус эмнэлгийн хувьд дээврээс дусаал гоожих, цахилгааны тоноглолын гэмтэл, саатлаас үүдэн цахилгаан тасардаг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлийг бий болгож байгаа ажээ. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудлууд шийдэгдэж, тус эмнэлгийн эмч, ажилчид тохь тухтай орчинд ажиллах, эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж, сувилуулах нөхцөл боломж боломж юм.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгуй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 610 дахь, Сүхбаатар
аймагт хэрэгжих 15 дахь төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 233,748 ам.доллар юм. ”Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг
байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.