![Манай салбарт тулгарч буй хүний нөөц, ажиллах хүчний асуудлаар хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/11/5b369d7b6b75720ef9c968da8460dab9.jpg)
2025.02.07
Манай салбарт тулгарч буй хүний нөөц, ажиллах хүчний асуудлаар хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Уул уурхай, эрчим хүч, эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс зохион байгуулсан “Өглөөний уулзалт”-д оролцож, Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчин, төр засгийн түвшинд хэлэлцэн шийдвэрлэгдэж буй томоохон төсөл хөтөлбөрийн талаар ярилцлаа.
Өглөөний мэдээлэл өгөх уулзалтаар МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа уул уурхайн салбарын чиг хандлага, олон улсын нөхцөл байдал нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.Мөн МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн судлаач багш нар уул уурхай, хүнд аж үйлдвэрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, дам нөлөөлөл болон өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаар хийсэн судалгаагаа танилцуулсан.
Салбарын ажиллах хүчний эрэлт хэрэгцээг тодотгосон судалгааг Монголиа Талент Нетворк ХХК-иас хуваалцлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт тулгарч байгаа томоохон сорилт болох хүний нөөц, ажиллах хүчний асуудлаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан нь хэвлэл мэдээллийн салбарынханд төдийгүй шийдвэр гаргах түвшинд ихээхэн өгөөжтэй судалгааны ажил байлаа.
Энэхүү уулзалтаар манай дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид Монголын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбараар дагнан судалж, энэ чиглэлээр илүү боловсорч, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, салбарын холбогдох хүмүүстэй ярилцаж, цаашид илүү мэргэших, суралцах зорилгоор нэгдэн нийлж байгаа нь ихээхэн үр дүнтэй санаачилга байна.
![](http://enkhamgalan.mn/media/user/60x60/user10887.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn