Г.Тэмүүлэн: Зээлийн хэлэлцээр баталлаа гээд төсөвт тодотгол хийх шаардлагагүй, төсвийн тодотголыг дэмжихгүй
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийг УИХ соёрхон баталсантай холбоотойгоор 2025 оны төсөвт тодотгол хийнэ гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Та төсөвт тодотгол хийхийг Та дэмжих үү?
-Энэтхэгийн Засгийн газрын зээлийн хэлэлцээрийг УИХ баталсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт өмнө нь тооцож байснаас 400 гаруй сая ам.доллароор нэмэгдсэнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийх шаардлагатайг Сангийн сайд хэлсэн.
Би Сангийн сайдын ярьж байгааг ойлгохгүй байгаагаа байнгын хорооны хурал дээр ч хэлсэн. Нэгд, Энэтхэгийн Засгийн газраас зээлийн хэлэлцээрийг баталгаажуулсан шийдвэр манай Засгийн газарт арваннэгдүгээр сарын 26-нд ирсэн юм байна лээ. Ерөнхийлөгч төсөвт хориг тавиад Засгийн газрын дахин өргөн барьсан төсвийг арванхоёрдугаар сарын 4-нд УИХ баталсан. Шинэ төсөв өргөн барихад зээлийн хэлэлцээрийг яагаад оруулж ирээгүйг би гайхаж байгаа. Үүнийг Сангийн сайдаас асуухад тодорхой хариулт өгөөгүй. Хоёрт, арваннэдүгээр сарын 26-нд Энэтхэгийн талаас ирсэн зээл зөвшөөрсөн мэдэгдлийг яагаад Засгийн газрынхаа хуралд нэгдүгээр сарын 8-нд оруулаад УИХ-д 14-нд өргөн барьсан юм бэ.
Ингээд шинэ төсвийн хууль хэрэгжиж эхлээд дөнгөж 15-хан хонож байхад ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байгааг би үнэндээ ойлгохгүй байгаа. Төсөв гэдэг бол аль нэг яамны тоглоом биш. Дураа хүрэхээр өөрчилдөг ч хууль биш. Энэ бол тухайн жилийн Монгол Улсын зорилт, зорилго, хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг. Энэ хуулиа Сангийн яам бүтэн жил боловсруулдаг. Гэтэл ийм хариуцлагагүй хандаж болохгүй. Санаатай юу, санамсаргүй юу, би мэдэхгүй. Ямар ч байсан энэ асуудалд Сангийн сайд тодорхой хариулт хэлээгүй. Хаврын чуулганаар төсвийн тодотгол өргөн барина гэвэл би хувьдаа дэмжихгүй.
-УИХ зээлийн хэлэлцээрийг соёрхон баталчихсан. Тэгэхээр төсөвт тодотгол хийнэ биз дээ. Эсвэл өөрөөр зохицуулах боломж байгаа юу?
-Жил бүхний төсөв дээр Засгийн газрын гадаад зээл тусламжийн хэмжээ хоёр тэрбум ам.доллар гэж оруулж ирдэг байсан. Харин Ерөнхийлөгчийн хоригийн дараа өргөн барьсан төсөвтөө Сангийн яам 1.5 тэрбум ам.доллар болгон бууруулж орж ирсэн. Хэлэлцүүлгийн үед Сангийн яамнаас асуухад “Гадаад зээл тусламжийнхаа гүйцэтгэлээс хамаараад зохицуулалт хийх боломжтой. Бид 1.5 тэрбум ам.доллартоо багтаагаад зохицуулалт хийнэ” гэж тайлбарлаж байсан.
Энэтхэгийн Засгийн газрын зээлийн хэлэлцээрийг баталсан ч 2025 онд шаардлагатай байгаа санхүүжилтийн дүн нь ойролцоогоор 330 сая ам.доллар гэж байгаа. Ойролцоогоор нэг их наяд төгрөг гэсэн үг. Энэ нь УИХ-ын баталж өгсөн 1.5 тэрбум ам.долларын дөнгөж тавны нэг. Тэгэхээр Засгийн газар нэн шаардлагатай төслүүдийнхээ санхүүжилтийг эхлээд шийдээд явах ёстой. Тийм эрх нь ч Засгийн газарт бий.
Хэрвээ үнэхээр зээлийн хэлэлцээр УИХ-д оруулж ирнэ гэж мэдэж байсан юм бол яагаад арваннэгдүгээр сарын 26-нд ирсэн шийдвэрийг нэгдүгээр сарын 8 хүртэл Засгийн газраараа хэлэлцүүлэггүй хойш нь тавьсан юм бэ гэдэг асуудал байгаа.
-Сангийн сайд дахиад цэвэрлэх байгууламжийн зээлийн хэлэлцээрийг УИХ-аар оруулж ирнэ гэсэн. Дахиад хэдэн төгрөгийн зээлийн хэлэлцээр яригдаж байгаа юм бэ?
-Нэн шаардлагатай хоёр том төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Цэвэрлэх байгууламж, нөгөө нь Газрын тос боловсруулах үйлдвэр. Хоёуланд нь шаардлагатай төсвийг гадаад зээл тусламжийн 1.5 тэрбум ам.долларт нь багтаагаад баталж өгсөн.
Магадгүй гадаад зээл тусламжийн дүн өсөж байгаа нэрийдлээр төсөвт тодотгол хийх сонирхол байгааг үгүйсгэхгүй. Учир нь энэ оны төсөвт нүүрсний үнийг 120 ам.доллар байхаар тооцсон. Гэтэл тогтвортой үнээр БНХАУ-д нийлүүлэхээр тохиролцчихлоо. Мөн нүүрсний үнэ одоогоор 80 ам.доллар болчихлоо. Дээрээс нь инфляцыг нэг оронтой тоонд байхаар тооцсон ч хоёр оронтой тоо руу орчихлоо. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг 7 хувьд байна гэж тооцсон. Энэ мэт Засгийн газрын тооцооллоос ихэнх үзүүлэлт нь зөрсөн. Энэ нь төсөвт тодотгол хийх суурь шалтгаан болж байна гэж дүгнэж байна. Гэхдээ төсөв дээрээ ингэж хариуцлагагүй хандаж болохгүй.
-УИХ Засгийн газрын оруулж ирж байгаа бүх төслийг дэмжиж, баталж өгч байна. Гэтэл хугацаандаа ашиглалтад орж байгаа төсөл алга. УИХ Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа юм биш үү?
-Тийм ээ, яг зөв. УИХ-ын үндсэн үүрэг бол хууль батлах, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох. Эрх зүйт төрийн шинж чанар бол УИХ хууль баталж түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлдэг, шүүх нь шударгаар хамгаалдаг байх ёстой. Энэ хүрээндээ УИХ Засгийн газраас хариуцлага нэхэх үүрэгтэй. Төрийн зардал яагаад нэмэгдэж байгаагийн суурь шалтгаан нь төр данхайж байна буюу гүйцэтгэх захирал хэтэрхий их томорч байна гэсэн үг. Бид үүн дээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн. Төр томорч байгаагийн хэрээр татварын ачааллыг нийгэм даахгүй хэмжээнд хүрч байна. Аж ахуйн нэгж, иргэд дийлэхгүй хэмжээнд очиж байна. Хэрвээ хаврын чуулганаар төсөвт ачаалал болж байгаа төрийн урсгал зардал, төрийн өмчийн компани, тусгай сантай холбоотой асуудлаа нэг мөр цэгцлэхгүй бол цаашид бид хариуцлага ярьж л таарна.
-36 сарын дараа Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохгүй, дахиад зээл нэмж авъя гээд оруулаад ирвэл яах вэ. УИХ хариуцлага тооцож чадах уу. Энэ байдлаараа дахиад л дэмжээд явуулах юм биш үү?
-Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд дээд хязгаарыг зааж өглөө. Одоо хариуцлага ярих асуудал дээр хатуу байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Зээл бол бусад улс оронтой хийж байгаа хэлэлцээр. Одоо дотооддоо асуудлаа ярих ёстой. Энэ бол УИХ-ын үндсэн хийх ажил.
-Ярилцсанд баярлалаа.