“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн.
Энэ хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.30/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Ганзориг, Д.Энхтүвшин, Р.Батболд, П.Батчимэг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 225 орчим хүн оролцож байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин даргалан явууллаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид сэдвийн хүрээнд асуулт асууж, хариулт авч, татварын шинэчлэлийн хүрээнд тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийн талаар санал солилцож байна.
Ажлын хэсгээс үдээс хойших хэлэлцүүлгээрээ “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвийг хөндөж, иргэд олон нийтийн саналыг сонсоно гэдгээ илэрхийлэв.