Ж.Золжаргал: Хятад манайхыг буланд шахсан, ЭТТ-д эрсдэл үүссэн
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Намрын чуулган өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы онцлогийг та юу гэж харж байна. УИХ-аар баталсан Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал нөлөөлөл үзүүлэхүйц онцлог хууль юу байв?
-Миний хувьд хэд хэдэн чухал зүйл байсан гэж дүгнэж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Энэ бол ирэх жилүүдэд баримтлах чиглэл. Хоёрдугаарт, улсын төсөв дээр их олон сар ажилласан. Энэ бол түүхэндээ анх удаа төсвийг олон удаа хэлэлцэж баталсан тохиолдол боллоо. Гуравдугаарт, Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн том төслийн баримт бичгүүдтэй холбоотой гэрээ хэлэлцэл зурагдаж, холбогдох хуулиуд нь батлагдлаа. Ийм богино хугацаанд томоохон хэмжээний гэрээ хэлэлцээрүүдийг баталсан нь тэр бүр тохиолдоод байдаг зүйл биш болов уу гэж бодож байна.
-Таны хувьд намрын чуулганд хэр идэвхтэй, ирцтэй, санаачилгатай оролцсон бэ?
-Анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Олон түмний нүд харж байгаа учраас аль болох сайн ажиллах юмсан гэсэн сэтгэлээр хичээнгүй ангийн сурагчид шиг баахан гүйлээ. Би чадлаараа л үзлээ. Хууль, тогтоомжуудтай холбоотой шатны хэлэлцүүлэг, байнгын хорооны хуралдаан болоод УИХ-ын нэгдсэн чуулган дээр идэвхтэй сайн л суусан гэж бодож байна.
-УИХ-ын намрын чуулганаар олон жил гацсан байсан томоохон төслүүдээ урагшлуулж чадлаа. Төслүүдээ урагшлуулсан ч Монгол Улсын бодитоор хүртэх үр дүнг хэр сайн тооцоолж чадсан бол. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг аваад үзэхэд өнгөрсөн хугацаанд ашиглалтад орох хугацаа нь хойшилж, төсөвт өртөг нь нэмэгдсэн үзүүлэлттэй байна шүү дээ. Том төслүүдээ хөдөлгөж байгаа нь чухал боловч эргээд зорьсон үр дүндээ хүрэх бүтэн зураглалаараа хийж чадав уу?
-Холбогдох томоохон төслүүд дээр Засгийн газраас ажлын хэсэг томилогдож, урт хугацаанд ажиллдаг. Монгол-Францын хамтарсан ураны төсөл дээр ч, БНХАУ-тай хийж байгаа нүүрс худалдах гэрээ, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл гэх мэт томоохон төслүүдтэй холбоотой эцсийн шийдвэр УИХ-аар хэлэлцэгдэн гарч байгаа. Хяналт тавих үүрэг хүлээсэн хүний хувьд хэлэхэд бидэнд нарийвчлан ажиллах цаг хугацаа төдийлөн олдохгүй байна. Яаралтай горимоор асуудлуудыг оруулж ирж байна. Ганц, хоёрхон долоо хоногийн дотор том гэрээнүүд дээр байр сууриа тодорхойлно гэдэг бол амар биш. Ялангуяа өөр чиглэлийн мэргэжлийн хүмүүст бүр хэцүү. Миний хувьд хүнд үйлдвэрлэл, түлш эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн хүн учраас ойлголтоо авчихаад байна.
Ийм чухал асуудлуудыг яаралтай горимоор, шөнө өдөргүй хуралдаж, баярын өмнө хуралдаж шахаж шийдвэр гаргадаг байж бол болохгүй. Тиймээс цаашдаа УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалт хийх ёстой юу гэсэн дүгнэлтийг дотроо хийгээд сууж байна.Том төслүүдээ хөдөлгөх нь мэдээж улс оронд хэрэгтэй. Тэгэхдээ том төслүүдээ хурдавчилж, яаравчилж байгаа үндсэн тайлбар нь дандаа улс төрийн шинжтэй байна.
Эдийн засгийн, үр ашгийн биш улс төрийн шалтгаанаар богино хугацаанд хэлэлцэн батлах ёстой гэсэн тайлбар өгдөг. Ийм байж болохгүй. Угтаа “Олон жил гацлаа, одоо гацаанаас гарч байна” гэдэг чинь улс төрийн тайлбар. Яг гацаад байсан юм уу, гацаагаад байсан юм уу. Эсвэл зүгээр амжаагүй байж ч болно. Нөхцөл цаг нь бүрдээгүй байсан байж болно. Гэтэл “Гацаанаас гарах гэж байгаа юмыг дахиад гацаав даа” гэдэг ийм сүрдүүлэг маш их явдаг. Ийм юм бол байж болохгүй.
Нэгэнт л Монголд хэрэгтэй, ашигтай төсөл юм бол үр ашигтай эсэх асуудлыг тал талаас нь нухацтай хэлэлцэх ёстой. Тухайлбал, “Уран олборловол монголчууд хордоод үхчихнэ” гэж нэг хэсэг нь жагсаад, нөгөө хэсэг нь “Гацсан төслийг гацаанаас гаргаад нүдээ аниад зурахгүй бол Францууд гомдоод явчихна шүү” гэсэн ийм аргумент дотор бид шийдвэр гаргаж болохгүй л дээ. Тухайн гэрээ нь үр ашигтай юм уу, бусад улсын жишгээр харьцуулахад ямар байгаа юм гэх мэт тал талаас нь нухацтай хэлэлцсэж, бодит үндэслэлээр асуудалд хандах ёстой. Газрын тосон дээр ч тэр,нүүрсний том гэрээн дээр ч тэр.
-Энэ онд бид 80 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Нүүрсний зах зээлийн ирээдүй, хүртэх үр ашиг, хандлага ямар байна вэ. Хил холболтын төмөр замтай болоод хариуд нь урт хугацаанд нүүрсээ зах зээлээс хямд үнээр борлуулах тохирооны эдийн засгийн үр ашигтай гэж харж байна. Энэ саналаас татгалзах аргагүй байдлаар буланд шахагдчихаад байна уу?
-Таны асуулт үнэн. Бараг булан шахагдсан. Хоёрдугаарт, урт хугацаандаа Монголоос БНХАУ-руу нийлүүлэх нүүрсний нийт хэмжээ магадгүй хоёр дахин нэмэгдээд, үнэ нь хоёр дахин буурах байх. Энэ асуудлыг Монголд эрсдэлтэй, алдагдалтай нөхцөл байна гэдгийг тайлбарлаж, чадлаараа ярилаа. Чуулган дээр ч ярьсан, хэвлэл мэдээллийн хүрээнд ч ярилаа. Нөгөө талаас “Тэгээд яах юм. Бид Хятад гэсэн ганц л зах зээлтэй. Тийм учраас урт хугацаанд тогтвортой байдлаар нүүрсээ нийлүүлж, хямд үнээр нийлүүлнэ.
Хил холбогдсоноор бусад хил холболтууд хийгдэж эдийн засагт үзүүлэх нийт эерэг нөлөө нь дам утгаараа хүчтэй байна” гэсэн үндэслэлээр энэ төсөл дэмжигдээд явах нь тодорхой болчихлоо. Улс төрийн уур амьсгал ийм байна. Нүүрсний чиглэлээр олон жил ажилласан хүний хувьд, нэгдүгээрт төмөр зам, хил дамнасан байгууламж байгуулагдаад ажиллах нь маш чухал гэж харж байна. Ямар ч эргэлзээ байхгүй. Хоёрдугаарт, Чайна Энержи компанитай жилд 20 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах нь маш чухал. Ямар ч эргэлзээ байхгүй. Гуравдугаарт, нүүрсийг нь уурхайн ам нөхцөлөөр авна гэсэн хүсэлт тавьж байгаа юм.
Яагаад монголчууд өөрийн нутаг дээрх тээврээ өөрсдөө хийгээд, хил нөхцөлөөр нүүрсээ өгч болдоггүй юм. Үнэ нь замбараагүй өсөх боломж байхгүй. Энэ саналыг хүлээж аваагүй. Мөн хөнгөлөлттэй үнээр, уурхайн нөхцөлөөр, Чалкогийн үнээр нөгөө тал авах гэж байна. Үнэ тогтоохдоо БНХАУ-ын таван индексийг ашиглаж үнэ тогтооно. Эдгээр таван индексийн гурав нь хойд нутгийнх. Өөрөөр хэлбэл, тэр үнийн индекс нь БНХАУ-ын талын таван индексээс хамаарах учраас, өөрөө үнийнхээ индекст буулгах нөлөө үзүүлэх тийм сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Тиймээс үнийн индекс дээр Монголын биржийн мэдээг нэмэх, мөн аль нэг олон улсын боомт дээрх үнэ нэмээд нийт 3 эх үүсвэрээс оруулж индексээ тооцох санал гаргасан ч энэ түвшний асуудал аль хэзээний яригдаад шийдчихсэн учраас боломжгүй гэсэн.
Тэгвэл ядаж хоёр улсын Засгийн газар хоорондох хэлэлцээрийн үр дүнд нийт экспортын хэмжээгээ 120-160 сая тоннд хүргэнэ гэж тооцож, тэр бүү хэл ойрын 5 жилд Монголоос жил бүр 120 сая тонн нүүрс нийлүүлнэ гэдэг зорилтыг хэлэлцээр дээрээ оруулах санал тавьсан. Энэ зорилт хэлэлцээр дээр шууд орохгүй. Магадгүй Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протоколд нь бичигдээд ямар нэгэн байдлаар үлдэх байх гэж найдаж байна.
Нийт экспортын хэмжээ ямар ч тохиолдолд баталгаатай өндөр байх юм бол тэр дотор 20 сая тонны хөнгөлөлттэй нүүрснээс үүдэн үнэ унагах гэх мэт сөрөг нөлөө нь багасна. Монголоос 20 сая тонн коксжих нүүрс БНХАУ-руу нийлүүлэх юм бол "Эрдэнэс Тавантолгой" уурхай ажиллуулах боломжгүй болно. Тэндээс коксжих, сул коксжих, эрчим хүчний гэсэн гурван төрлийн нүүрс гардаг. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлтэй нь уялдуулаад аль алийг нь нийлүүлэх чиглэлийг УИХ-аас хэлэлцээрийн ажлын хэсэгт өгсөн нь дэмжигдсэн. Нүүрсэн дээр ажиллаж байсан хүний хувьд энэ асуудалд өөрийнхөө хувь нэмрийг их, бага хэмжээгээр оруулчихлаа л гэж хараад баяртай байна.
-Ямартай ч боломж нь болвол 100-160 сая тонн хүртэл нүүрс экспортлох талаар ярьж байна. Энэ зорилтоо хүрэхийн тулд авто болон төмөр зам, боомтын боймоо тайлж чадсан гэж харж байна уу. Хил дамнасан төмөр замаа гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж чадах болов уу?
-Ер бол гурван жилийн хугацаанд холбочих юм ярьж байна. Монгол Улс төмөр замаас үл хамаараад автомашинаар 80 сая тонн нүүс экспортод гаргачихаж байгаа шүү дээ. Хангалттай их гаргаж байгаа. Төмөр зам холбогдохгүй байсан ч гэсэн автомашинаар ахиухан тээвэрлээд, төгсгөл дээр нь буулгаад контейнерт ачих байгууламжууд баригдчихсан. Богино зайнд нь машинаар Хятад руу оруулсан ч болно. Тийм учраас 80-100 сая тонн гэдэг бол тээвэр логистикийнхоо хүчин чадлын хувьд асуудал биш.
Гагцхүү БНХАУ Монгол Улсаас жилд хэдэн тонн нүүрс авах юм гэдэг нь тодорхой байх ёстой. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Монголоос авах нүүрсний хэмжээ огцом нэмэгдсэн. БНХАУ бол тохиргоотой эдийн засагтай улс. Хагас зах зээлийн, хагас тохиргоот эдийн засагтай. Тийм учраас тухайн жилд хичнээн сая тонн нүүрс гаднаас экспортлох, аль боомтоор хэдийг оруулах нь урьдчилаад тодорхой болчихдог. Хэрэв тухайн төлөвлөлт дээрээ Монголоос авах хэмжээгээ 40-50 сая тонноор тавьчихаад түүнээсээ 20 сая тонныг нь хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа тохиолдолд нүүрсний үнэ тэр чигээрээ унана. Хэрвээ манайхаас 100 сая тонн нүүрс авч байх юм бол 20 сая тонныг нь хөнгөлттэй үнээр нийлүүлэхэд нэг их асуудал гарахгүй. Тийм учраас жилд экспортлох нүүрснийхээ нийт нийт хэмжээг нөгөө талтайгаа тохирох нь чухал байгаа юм.
-БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдлаас Монголын эдийн засаг шууд хамааралтай. Худалдан авагч талын нөхцөл байдал ер нь ямархуу дүр зурагтай байна вэ?
-Коксжих нүүрсний хэрэглээ нь буураад байгаа учраас сүүлийн үед тогтмол үнэ нь буурч байна. Энэ бол Хятадын зах зээл, эдийн засгийн өсөлттэй л холбоотой. Тус улсын үл хөдлөхийн салбар зогсонги байдалд ороод удаж байна. Дотоодынхоо томооохон дэд бүтцийн төслүүдийнхээ хүчээр явж байна.
-АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн баримтлах татвар, худалдааны бодлого нөлөөлөх нь тодорхой болчихлоо шүү дээ?
-БНХАУ бүс нутгийн болоод олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд руу чиглэн ажиллаж байна. Тухайлбал, Ази, Африк, Өмнөд Америк руу чиглэсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь эрчимтэй байгаа учраас гангийн хэрэглээгээ тодорхой түвшинд барьж, нүүрсний хэрэглээ тэр хэрээрээ тодорхой түвшинд байсаар байна. Хэрвээ, их гүрнүүдийн худалдааны зөрчлөөс болоод Хятадын тэлэлт саарах юм бол эдийн засаг, худалдан авалт нь дагаад буурна гэсэн үг. Шулуухан хэлэхэд БНХАУ-ын нүүрсний хэрэглээ нэмэгдээд, дагаад манай нүүрсний үнэ өснө гэсэн гоё ирээдүй харагдахгүй байна. Харин хямд үнээр, их хэмжээгээр авна гэдэг ийм л хандлага руу явчихлаа.
-Та гоё ирээдүй харагдахгүй байна гэлээ. Тэгээд яах ёстой юм бэ, Монгол нүүрсээ бага үнээр ихийг нийлүүлэх нь чухал уу, өндөр үнээр бага хэмжээгээр нийлүүлэх нь чухал юм уу?
-Монгол Улсын нэг аж ахуйн нэгж гэж харвал бага үнээр ихийг өгч байхаар өндөр үнээр бага хэмжээтэй нийлүүлэх нь ашигтай. Харин шийдвэр гаргагчдын олонх нь хоёр улсын олон жилийн найрсаг хамтын ажиллагаа, эдийн засгийн хувьд болоод хил холболтын төмөр зам байгуулах нь их хэмжээгээр хямдхан өгөх нь ач холбогдолтой гэж үзэж шийдвэр гаргалаа.
-Төр хувийн хэвшлийн түншлэл гэж олон жил ярьж байна. Том, жижиг ямар ч төсөл хөтөлбөр дээр төр, хувийн хэвшлийн түншлэл бодитоор хангагдах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж харж байна уу?
-Бодлогын өөрчлөлт хэрэгтэй байна. Монголын эдийн засгийн 80 орчим хувь нь төрөөс хамаардаг. Түүнийх нь тал нь бараг төсөв. Тэгэхээр төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг гоё үг бодит байдал дээр яаж хувираад байна гэхээр төсвөөс тэжээгддэг үйлчилгээний бизнес Монголд бэхжээд байна. Эдийн засгийн төвлөрөл нь төр дээрээ байгаад байна.Хамгийн том компани, ажил олгогч нь Засгийн газар нэртэй болчихсон. Бусад нь туслан гүйцэтгэгч. Энэ үзэгдэл эдийн засагт хэвийн үзэгдэл мэт үзэл аягүй их тархчихсан байна. Эдийн засгийн ийм загвараа дагаад нийгэм улс төрийн харилцаа бүрдэнэ.
Тэгэхээр эдийн засгийн ийм загвар урт хугацаандаа явах юм яалт ч үгүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, төвлөрсөн засагтай, намын эдийн засаг руу л орно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд намын дарангуйлал руу орно. Тийм учраас энэ байдалд өөрчлөлт хийх хэрэгтэй. Төр хувийн хэвшил гэдэг төрөөс бүх шийдвэрээ гаргаад төсвийг нь олгоод тэрэнд нь очиж залгагддаг ийм үйлчилгээ шиг болчихлоо шүү дээ. Уг нь эсрэгээрээ Засгийн газар төсөвтэй дүйцэхүйц бизнесийн бүлэглэлүүд үүсмээр байгаа юм. Манайхан бүлэглэл гэдэг үгэнд ямар дургүй юм бэ.
Тэр бизнесийн бүлэглэлүүд дээр очиж төртэй залгагдаж үйлчилгээ үзүүлээд байгаа түншлэлүүд цэвэр бизнесийнхээ зарчмаар түншилмээр байна. Аль болох нэг газар төвлөрсөн биш хэд хэдэн бие даасан, хараат бус төвлөрөл, бүлэглэл үүсэж байж Монголын чөлөөт нийгэм, чөлөөт эдийн засаг цааш явна. Энэ байдлыг хэрхэн бий болгох вэ гэхээр нэгдүгээрт төсвийн нийт эдийн засагт үзүүлж байгаа хувь хэмжээ буурах ёстой. Тэлэлт явна. Тэгэхдээ төсөв буурна. Хоёрдугаарт, том төслүүдийг төр хийх биш хөрөнгө оруулалт татах замаар төсвөөс гадуур хийх хэрэгтэй. Тэгж байж энэ төвлөрөл нь буурна. Гуравдугаарт, татварын ээлтэй орчин бий болгох хэрэгтэй. Татварын багц хууль хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Тэгэхээр үйлдвэрлэл явуулж байгаа, ялангуяа нэмүү өртөг бүтээгээд экспортод гаргаж иргэд, аж ахуйн нэгжүүдийг зоригтойгоор татвараас хөнгөлөөд чөлөөлөөд явчихмаар байна.
-Та анх удаа гишүүнээр сонгогдсон Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Таны ахалсан байнгын хороогоор хэлэлцсэн чухал хуулиуд юу байв. Нэг ёсондоо давхар үүрэг хариуцлага хүлээж ажиллаа шүү дээ?
– Цахим технологи, түүний баталгаажуулалт, аюулгүй байдлын шийдэл өндөр түвшинд гарчихсан. Тийм учраас цахимаар сонгуульд оролцох боломжийг нээх цаг нь болсон юм бишүү гэдэг үндэслэлээр хилийн чанадад амьдарч байгаа монголчуудад И- Монголиа үйлчилгээг хүртээмжтэй болгох, мөн цахимаар сонгуульд оролцох боломжийг судлах ажлын хэсгийг Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос томилсон.
Энэ ажлын хэсгийн хүрээнд СЕХ, УБЕГ, Үндэсний дата төв, И Монголиа академи гэх мэт холбогдох байгууллагууд хамтарч ажиллаж судалгаа хийнэ. Гадаадын улс оронд бараг хоёр аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц монголчууд амьдарч байгаа боловч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чаддаггүй. Гадаадад амьдарч байгаа иргэд цахимаар эсвэл шуудангаар эсвэл өөр хэлбэрээр ч байж болно санал өгөх боломжийг нь судлах хэрэгтэй. Боломжит бүхий л хувилбарыг судалж үзээд дараа нь хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөх ёстой. Энэ ажлын эхлэлийг тавьсан гэж бодож байна. Бас нэг чухал зүйл нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өнгөрсөн хугацаанд төрөөс нийт хэчнээн хэмжээний цахим систем авснаас хэд нь ажиллаж, хэд нь ажиллахгүй байгаа талаарх мэдээллийг сонссон.
Өмнөх 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас хоёр их наяд орчим төгрөгийн программ хангамж авсан байна.Гэтэл ихэнх хэсэг нь ажилладаггүй, ашигладаггүй, эсвэл давхардчихсан, ижил функцтэй байдаг. Юм бүхнийг цахимжуулах нэрээр хүн ойлгоход хэцүү, хянаж болдоггүй худалдан авалт хийдэг. Үүнийг хязгаарлахын тулд “Ямар нэгэн цахим систем авахдаа яамнаасаа зөвлөмж авах ёстой” гэсэн хуулийн заалт бий. Гэтэл уг хуулийн хэрэгжилт тун бага, бараг хэрэгждэггүй. Тиймээс байнгын хорооноос уг хуулийн заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах тогтоол гаргасан. Хэрвээ энэ заалтыг хэрэгжүүлэхгүй бол 2025 оны холбогдох төсвийг нь олгохгүй байх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Цаашлаад хуулийн төслүүд дээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэдэг судалж байна. Тухайлбал, крипто валют буюу виртуал хөрөнгөтэй холбоотой хуулиуд дээр ажиллаж байна. Анх крипто валют нэрээр олон төрлийн койн гарч ирж, иргэд сайн ойлголтгүй, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байсан учраас луйврын шинжтэй зүйлс нэлээд гарсан. Энэ асуудал цаашид алга болчихгүй учраас хууль эрхзүйн зохицуулалтыг нь сайн хийж өгөх хэрэгтэй. Нэг талаасаа хэрэглэгчдээ хамгаалах, нөгөө талдаа боломжийг ашиглах.
Зөвхөн койн үйлдвэрлэж мөнгө босгохоос илүүтэйгээр, дэлхийн улс орнууд улсынхаа албан ёсны мөнгөн тэмдэгтийг дижитал болгоод эхэлчихсэн. Дээрээс нь хөрөнгийн бирж дээрх хувьцааг токинжуулж, хувьцаагаар баталгаажсан токинууд их гарч байна. Монголд хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхжихгүй байна гэдэг шүүмжлэл байдаг бол энэ төрлийн зохицуулалт бий болсноор хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайжирна. Олон улс хооронд ямар нэгэн шимтгэлгүй мөнгөн гүйлгээгээ ямар нэгэн хураамж мураамж байхгүй онлайнаар хийгээд эхэлчихсэн байна.
Тиймээс энэ төрлийн хууль эрхзүйн зохицуулалтыг улам ойлгомжтой, боловсронгуй болгосноор монголчуудад олон боломж, идэвхтэй эдийн засгийн эргэлтэд ороход нөлөө үзүүлнэ. Дэлхий даяар Монголчууд тархан суурьшсан. Ялангуяа Европ, Хойд Америк, Япон гэх зэрэг орнууд энэ чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулчихсан байна. Тиймээс бид ч бас дэлхийн хөгжлөөс хойш сууж болохгүй.
-Сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд ихээхэн анхаарч ажилласан. Сүүлд зарим улс Монголоос энэ чиглэлээр туршлага судлаж байгаа гэж ярьж байсан. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх чиглэлд чамгүй хөрөнгө, мөнгө зарцуулсан. Гэтэл төрийн үйл ажиллагаа нь цахимжсан юм бол төрийн албан хаагчдын тоо тэр хэмжээгээр багасахгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Төрийн албан хаагчдын цалингийн зардлаа нэг ёсондоо багасгаж чадаагүй шүү дээ. Тэгэхээр цахим Монгол болох энэ зорилт хэр үр дүнтэй ажил болсон юм бол?
Таны хэлж байгаа зөв. Ямар ч байсан хэрэглэгч талдаа буюу иргэдийн хувьд цахимжсаны үр ашиг гарсан. Наад зах нь бичиг баримтын лавлагаа авахаас өгсүүлээд олон зүйл дээр ахиц гарсан. Сүүлийн хэдэн жил цахимжуулалт маш сайн хурдацтай урагшилж Монгол Улс энэ чиглэлд урагшаа алхсан.Гэтэл яагаад төрийн албан хаагчдын тоо цөөрөөгүй вэ гэдэг нь миний анзаарснаар хурдан явсан ч бэлтгэлгүй хурдан явсан асуудал гарсан. Төсвийн үргүй зарцуулалт гарч ирсэн. Тийм учраас манай байнгын хороо төсвийн зарцуулалтаа хянаж, хуулийн заалтаа хэрэгжүүлэх шаардлага тавьж ажиллаж байна.
Хоёрдугаарт, нийт үзэл баримтлалын хувьд буюу төрийн үйлчилгээг хүнд яаж хүргэх вэ гэдэг суурь архитектураараа зуралгүйгээр цаг хугацаатай уралдаад салбар болгон цахимжилт руу бие даагаад орчихсон. Нэг шийдвэр гаргахад 6 -7 шат дамжлага хэрэгтэй. Эдгээр шат дамжлага дотор явж байгаа цаас солих ажиллагааг скандаж оруулаад цахимжуулсан маягийн үйл ажиллагаа их явсан. Энэ бол бүрэн утгаараа цахим шилжилт биш.
Тиймээс шат дамжлагыг цөөлөх, хялбаршуулах шаардлагатай болж байна. Тийм учраас төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл гэдэг асуудал яригдаж байгаа. Процессын дахин инженерчлэлийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анар гишүүн ахалж ажиллаж байна. Процессын дахин инженерчлэлийн хүрээнд олон шат дамжлагыг цөөлж, төрийн шийдвэр гаргах процессыг дахин зураглаж байна. Тиймээс тун удахгүй энэ чиглэлд бодитой өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэж байна.