БНХАУ-тай байгуулах гэрээнд “ЭТТ-н өндөр чанарын нүүрсийг сорчлохгүй” гэж тусгажээ
2024.12.30

БНХАУ-тай байгуулах гэрээнд “ЭТТ-н өндөр чанарын нүүрсийг сорчлохгүй” гэж тусгажээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан болов.

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

БНХАУ-ын ЧАЙНА ЭНЕРЖИ (ШЕНХУА) компанид урт хугацаагаар нүүрс нийлүүлэх асуудал болон Монгол Улс-БНХАУ хоорондын хил дамнасан төмөр замын байгууламжтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Золжаргал зарчмын зөрөөтэй дөрвөн санал гаргажээ. Түүний дэвшүүлсэн нэг саналыг дэмжиж, гурван саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Тэрээр энэ талаар “Нүүрсний уурхай, худалдаа, төмөр зам, авто тээврийн салбарынхантай зөвшилцөн, үнэхээр ач холбогдолтой хэмээн үзсэн тул УИХ дээр хэлэлцүүлсэн. Ажлын хэсгээс өгч буй тайлбар нь "хил холболтын төмөр замын талаар БНХАУ-тай арай гэж урьдчилсан тохиролцоонд хүрээд байхад шинэ нөхцөл нэмэх нь "гацаах" эрсдэлтэй гэсэн.

Ийм үндэслэлээр дараах саналуудын ихэнх нь санал хураалтад унасан байх. Ихэнх нь дэмжигдээгүй ч өндөр чанарын нүүрсийг сорчлохгүй гэдгийг тусгуулж чадсандаа тайтгарав.

УИХ-ын гишүүн, инженер Ж.Золжаргалын гаргасан, зарчмын зөрүүтэй саналууд

1. ӨНДӨР ЧАНАРЫН НҮҮРСИЙГ СОРЧЛОН ХУДАЛДААЛЖ БОЛОХГҮЙ - (ДЭМЖИГДСЭН)

Таван толгойн орд нь коксжих, сул коксжих, эрчим хүчний гэх гурван төрлийн нүүрстэй. Зөвхөн нэг төрлийн нүүрсийг ялган олборловол ордын нөөцийн зарим хэсэг технологийн хувьд ашиглах боломжгүй болж, баялаг хаягдахад хүрдэг. Иймд нүүрс худалдаалах гэрээ нь гурван төрлийн нүүрсийг жигд хамарсан байх шаардлагатай.

2. МОНГОЛЫН НУТАГ ДЭЭРХ ТЭЭВРИЙГ МОНГОЛЫН ТАЛ ХАРИУЦАХ - (ДЭМЖИГДЭЭГҮЙ)

Нүүрсний тээвэрлэлт нь техникийн, цаг уурын, улс төрийн шалтгаанаас үүдэн хугацаа хоцрох, өртөг нэмэгдэх эрсдэл үүсгэж болно. Ийм эрсдэлийг худалдан авагч талд үүрүүлэх нь зохимжгүй бөгөөд монголын тал нүүрсийг хил хүртэл хүргэн өгөх нь зүйтэй.

Нөгөө талдаа тээврийн ахиуц ашиг дотооддоо үлдэх ба тарифыг олон улсын хэлэлцээрийн хүрээнд зөвшилцөн тогтоох боломжтой. Өнгөрсөн хугацаанд хил нөхцлөөр нүүрсийг худалдаалах болсноор татварын орлого эрс нэмэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Нэмж хэлэхэд Тавантолгой-Ганцмод төмөр замын хүчин чадал 30 сая тонн бол Чайна энержи компанийн худалдан авах хэмжээ нь 20 сая тонн. Зөрүү 10 сая тонныг ямар ч компани худалдан авсан бай чөлөөтэй нэвтрүүлж, Чайна энержи компанийн БНХАУ-ын нутаг дахь замаар цааш тээвэрлэнэ гэдгийн мөн тохиролцох шаардлагатай.

3. ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНИЙГ ТООЦОХДОО БНХАУ-ААС ГАДНА МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭ БОЛОН ОЛОН УЛСЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ АШИГЛАХ - (ДЭМЖИГДЭЭГҮЙ)

Одоо хэрэгжиж байгаа уурхайн ам нөхцөлөөр нүүрс худалдах гэрээнүүд нь нүүрсний суурь үнэ тохиролцоод, түүн дээр үнийн хэд хэдэн индексийн жигнэсэн дүнг нэмж тооцдог. Индекс тооцохдоо БНХАУ-ын дотоодын зах зээлийн үнийн мэдээг ашигладаг. Цаашид Монгол Улсаас хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх нүүрсний хэмжээ ихсэхийн хэрээр үнийн индекст нөлөөлж, өөрийнхөө үнийг бууруулах сөрөг нөлөө үзүүлэхээр байна.

Иймд БНХАУ-аас гадна олон улсын нүүрсний худалдааны үнэ болон Монголын хөрөнгийн биржээр худалдаалсан нүүрсний үнэ гэсэн 3 багц хэсгийг тэнцвэртэй байдлаар ашиглан индекс тооцох шаардлагатай байна.

4. ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР БОРЛУУЛЖ БАЙГАА НҮҮРС НЬ НИЙТ ЭКСПОРТЫН ТОМООХОН ХЭСГИЙГ ЭЗЭЛЖ, БҮХ УУРХАЙ, БООМТЫН ҮНИЙГ УНАГААХААС СЭРГИЙЛЖ ЭКСПОРТЫН ЗОРИЛТОД ТОО ТАВИХ - (ДЭМЖИГДЭЭГҮЙ)

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 онд 11 сая тонн, 2023 онд 28 сая тонн нүүрс олборлосон бөгөөд 2024 оны 12-р сарын 22-ны өдрийн байдлаар анх удаа 30 сая тоннд хүрээд байна. Эндээс харахад, зөвхөн нэг худалдан авагчид 20 сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх нь нийт борлуулалтын талаас илүүг эзлэхээр байна. Зах зээл хэвийн, Монгол Улсын нүүрсний нийт экспортын хэмжээ их байх үед ямарваа хүндрэл үүсгэхгүй байж болно.

Хэрэв эдийн засгийн болон бусад шалтгаанаас үүдэн БНХАУ-ын нүүрсний худалдан авалт буурвал “Эрдэнэс Тавантолгой” ХК-аар тогтохгүй Монгол Улсын нийт нүүрсний үнэ унах эрсдэлтэй юм.

Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийн мэдээлэлд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам байгуулагдсаны дараа Монгол Улсын нүүрсний экспорт 20 сая тонноор, бусад боомтууд холбогдсоны дараа дахин 20 сая тонноор нэмэгдэж нийт 120 сая тоннд хүрэх талаар дурдсан. 120 сая хэмээх энэхүү зорилт нь пиар биш бодит зорилт юм бол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт албан ёсоор тусгах нь чухал. Энэ тохиолдолд үүний 20 хувь нь 24 сая тонн буюу “Чайна энержи групп” компанийн зорилтод хэмжээг хангаж чадах юм.

ДҮГНЭЛТ: Урт хугацаанд, их хэмжээний нүүрс хөнгөлөлттэй нийлүүлэх нь улсын эдийн засагт ихээхэн эерэг нөлөөтэй ч сөрөг нөлөө авч ирэх томоохон эрсдлүүд бас байгааг олж харсан учраас гишүүний хувьд олон нийтэд мэдээлэх нь надад ногдсон үүрэг тул Эдийн засгийн байнгын хороонд зарчмын зөрөөтэй санал гаргаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлсэн болно.