2025.01.28
Л.Мөнхбаатар: Үндэсний баялгийн сангийн хуримтлал иргэн бүрд хүрэх реформ хэрэгжиж эхэллээ
Шинэ цагийн 126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаа өндөрлүүллээ. Энэ парламент улс төрийн шинэ тогтолцоо, шинэ туршлага, шинэ соёлыг бий болгож, “Гурван төгөлдөршил”-ийн бодлогоор дамжуулан хүн төвтэй хуулийн үзэл санааг амилуулан, нийгмийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчныг бий болгохоор зорьж буй.
Намрын ээлжит чуулганы хуралдаан 32 удаа, байнгын хороод 146 удаа, дэд хороо 6 удаа, 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралджээ. Чуулганы хугацаанд бие даасан хууль 8, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 29, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8,Улсын Их Хурлын тогтоол 57, Олон улсын гэрээ соёрхон батлах тухай 7 хууль баталжээ.
Энэ хугацаанд УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг нийт 17 удаа хуралдаж, 44 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэн, бүлгийн даргын шийдвэрээр “Үндэсний баялгийн сангийн үр өгөөж, захиран зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнгийн талаар судлан санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг “Оюутолгой ХХК, Петрочайна дачин тамсаг ХХК, Доншен газрын тос Монгол ХХК компаниудад хийгдсэн татварын хяналт шалгалтын акт, татварын маргаантай танилцаж, маргааныг хэрхэн шийдвэрлэх, гэрээ байгуулсан үеийн татварын харилцааг хэвээр хадгалах боломжийн талаар судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байгаа юм.
Ес дэхь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан энэ парламент улс орны хөгжлийг шинэ түвшинд хүргэх мега төслүүдээ хэрэгжүүлж, цахилгаан эрчим хүч, уул уурхай зэрэг томоохон салбаруудад реформ хийн үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Улмаар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодитоор хэрэгжиж эхлэх үндэс тавигдсан, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг түмэн олондоо хүртээж үндэсний баялгийн сангийн хуримтлал иргэн бүрд хүрэх реформ хэрэгжиж эхэлсэнийг онцлох нь зүйтэй юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn