
О.Батнайрамдал:БЗС-ийн үйл ажиллагааг шинэчлэх нь зөвхөн ил тод, нээлттэй байдлыг хангах бус шударга, тэгш хүртээмжтэй байх зарчим хангагдана
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар /2025.03.26/ Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.
Тус санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал танилцууллаа.
Тэрбээр, ажлын хэсгийн хүрээнд Боловсролын зээлийн сангийн холбогдох журам ба бусад хөгжиж буй оронд хэрэгжиж буй ижил төстэй журмуудын бодлого, хэрэгжилтийн талаарх харьцуулсан судалгаа, мэдээллийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр холбогдох судалгааг хийлгэсэн. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутан, залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, асран хамгаалагч зэрэг нийт 9000 гаруй төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийж, санал бодлыг нь сонссон гээд гол саналуудыг боловсруулан танилцуулж байна гэв. Тухайлбал, гадаадын сургалтын байгууллагад суралцагч нь сургуулиа төгсөөд, эх орондоо эргэж ирэхээс өмнө тухайн орон, олон улсын байгууллагад мэргэжлээрээ тодорхой хугацаанд туршлага хуримтлуулан ажиллахыг дэмжиж, нэмэлт гэрээ хийх зэрэг уян хатан зохицуулалтыг тусгах, Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөгчид эх орондоо эргэн ирэх нөхцөл шаардлагыг эхнээс нь гэрээнд тусгаж, тэтгэлгээр гадаадад сурсан суралцагч нь эх орондоо эргэн ирэхгүй, гэрээг зөрчсөн тохиолдолд тэтгэлгийг зээлийн хэлбэрт шилжүүлэх зэрэг эргэн төлүүлэх хариуцлагын оновчтой механизмыг журамд тусгах, дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтооход олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" гэсэн 2 зэрэглэлийг баримталдаг байсныг хоёрдмол агуулгагүй болгож, цаашид ойлгомжтой, оновчтой болгох үүднээс зөвхөн 1 шалгуур ("Times Higher Education World University Rankings")-ыг ашиглах зэрэг 18 багц саналыг танилцууллаа.