УИХ-ын 2024 оны намрын чуулган хаалтаа хийлээ
2025.01.24

УИХ-ын 2024 оны намрын чуулган хаалтаа хийлээ

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.

Намрын чуулганаас онцолбол:

  • Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг миний бие өргөн барилаа.
  • Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр "хар жагсаалт" гэх ойлголт байхгүй болно. Зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэж, банк, санхүүгийн салбарын хүртээмж нэмэгдэнэ. Зээлээ цаг хугацаанд нь төлдөг санхүүгийн сахилга баттай иргэдийг урамшуулдаг тогтолцоо бий болно.
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын ажил урагшиллаа.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг дуусгаснаар боомтын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 50 сая тонн хүртэл, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.
  • Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай байгууллаа
  • Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 2500 тонн уран экспортолж, төсөл хэрэгжих хугацаанд Монгол улсад орох орлого 5.2 тэрбум доллар буюу нийт төслийн 51 хувийн ашгийг хүртэнэ.
  • Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц 2027 онд ашиглалтад орохоор боллоо
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор 366 сая кв.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, ингэснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана.
  • Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээр хийгдлээ.
  • Оросын Холбооны Улстай хамтран Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцыг үе шаттайгаар өргөтгөн хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх юм. Ингэснээр нийслэл хотын төвлөрсөн дулаан, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
  • Хархорум хотыг дахин сэргээх ажил эхэллээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хархорум хотыг дахин сэргээх, орчин цагийн хот болгон сүндэрлүүлэх их бүтээн байгуулалтыг хийж эхлэх, эртний түүхт нийслэл хотоо сэргээн байгуулах, оновчтой төлөвлөх, төлөвлөлтдөө нийцсэн хотыг бүтээн байгуулах эрх зүйн зохицуулалтыг баталлаа.
  • Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилтийг Улсын Их Хурал соёрхон баталлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар Монгол Улс дотоодын хэрэгцээнд шаардлагатай шатахууныг өөрсдөө үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр импортоор авдаг шатахууны хамаарлыг бууруулна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан